АНУ-ын Огайо муж улсад 13 настай хар арьст хүүг нэгэн цагдаа буудан хөнөөжээ. Энэ хүү өмднөөсөө ВВ буюу үрлэн сумтай буу гарган цагдаа нарын эсрэг ашиглах гэж байсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Тус муж улсын төв Колумбус хотод орон нутгийн цагаар лхагва гарагийн оройн 8:00 цаг орчмын үед цагдаа нар дээрмийн хэрэг гарсан тухай дуудлага аваад хэргийн газарт очиход Тайри Кинг гэдэг хүү 19 настай Дмитрий Брэкстон гэгчтэй хамт байжээ.
Дээрэмдүүлсэн хүн цагдаа нарт хэлэхдээ “бүлэг этгээд миний биед халдаж, тэдний нэг нь буугаар сүрдүүлж, мөнгө өгөхийг шаардсан” гэжээ.
Цагдаа нар сэжигтнүүдийг баривчлах үед Кинг буу гаргаж ирэнгүүт цагдаагийн нэгэн ажилтан түүнийг хэд хэдэн удаа буудсан байна.
Түүнийг Хүүхдийн төв эмнэлэгт хүргэсэн боловч хүү удалгүй амьсгал хураажээ.
Уг буу нь харагдах байдлаараа цагдаагийн буунаас ялгагдахын аргагүй нэгэн төрлийн хийн буу болохыг хожим нь олж тогтоожээ. Ялгаатай нь жинхэнэ сум бус харин үрлэн сумаар бууддаг ажээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан Америкийн гол улс төрчид, тэдний дотор Ерөнхийлөгч Барак Обама, Х.Клинтон, Д.Трамп нар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.