Манай улсад энэ хуулийг санаачлан боловсруулах шаардлага нь юу байна вэ?
Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжин хамгаалах бодлогыг тодорхойлж нялх, балчир хүүхдийг эрүүл, аюулгүй хоол, хүнсний бүтээгдэхүүнээр хангах, хоол, хүнсний чиглэлийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор манай яамнаас 2005 онд батлан одоо мөрдөгдөж байгаа Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж, Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулсан юм.
Нярай, нялх хүүхэд юу идэх, юугаар хооллох сонирхолтой байгаагаа ярьж, хэлж сураагүйн улмаас илэрхийлж чадахгүй, эцэг эх бид тэднийг яаж хооллох шийдвэрийг гаргадаг. Хүн буюу хүүхэд нь сүүн тэжээлт амьтны хувьд эхийнхээ сүүгээр хооллох ёстой, ийм эрхтэй, энэ эрхийг нь насанд хүрэгчид бид хангаж өгөх ёстой юм. Эцэг эхчүүдийн шийдвэр олон янз байна, зарим нь хүүхдийн энэ эрхийг хангаж эхийн сүүгээр хооллож байхад зарим нь олон шалтгааны улмаас эхийн сүүний оронд хүүхдээ өөр бүтээгдэхүүнээр хооллож байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинээр мэндэлсэн хүүхдийг нэг цагийн дотор ангир уургийг амлуулах, зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох, цаашид хоёр нас хүртэл нь хөхийг үргэлжлүүлэн хөхүүлнэ гэсэн зөвлөмжийг гаргасан байдаг. ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж хэрэгжүүлнэ гэдэг нь хүүхдийн эхийн сүүгээрээ хооллох эрхийг нь хангаж байгаа хэрэг юм. Эхийн сүү нь нялхсын хоол тэжээлийн үндсэн хэрэгцээг хангахаас гадна өвчнөөс сэргийлэх, дархлааг дэмжих олон төрлийн бодис агуулж байдгаараа хүүхдийн эрүүл мэндэд маш чухал хэрэгтэй бүтээгдэхүүн юм. Хүүхэд эхээс төрөөд эхний 6 сар хүртэлх хугацаанд эхийн сүүгээр хооллож л байвал өвдөх, эндэх тохиолдол тун ховор. Энэ нь эхийн сүүнд байдаг дархлааг дэмжих бодистой холбоотой юм.
Тийм учраас улс орнуудын эрүүл мэндийн статистикт байдаг нэг чухал үзүүлэлт нь 6 сар хүртлээ эхийн сүүгээр дагнан хооллож байгаа хүүхдийн хувь юм. Манай улсын хувьд эхийн сүүгээр дагнан хооллолт 2010 онд 66 хувьтай байсан. Гэтэл гурван жилийн дараа энэ нь 47 хувь болж буурсан. Монголчууд хүүхдээ эхийн сүүгээрээ хооллодог уламжлалтай, энэ уламжлал арилж байна, энэ нь манай улсын хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа учир бид буураад байгаа энэ үзүүлэлтийг сайжруулах шаардлагатай байна.
Эхийн сүүний банк гэж бид юуг ойлгох вэ?
Жирэмсэн байхдаа хөхөө бэлдээгүй байсан, жирэмсний сургалтад хамрагдаж байгаагүй, шинэ залуу ээж, хөх өвдсөн, туршлагагүй зэрэг олон шалтгааны улмаас төрөх тасагт хүүхдээ төрүүлсний дараа хөхүүлж чадахгүй яваа ээжүүд байдаг. Тэд асуудлыг хурдан шийдэхийн тулд эхийн сүүний оронд өгдөг сүүн тэжээлийг худалдан авч найруулж хүүхдэдээ өгдөг. Цаашид энэ байдлаар байсаар хүүхдээ хөхүүлэхээ больж, улмаар өөрийнх нь хөх ширгэх, сүү багатай болох зэрэг байдлыг үүсгэдэг. Үүнийг нь буруу тайлбарлаж сүүгүй ээж гэж хэллэг гарсан. Ер нь бол сүүгүй ээж, сүүгүй хөх гэж байхгүй. Хөх өөрөө сүүний булчирхай юм.
УИХ-ын гишүүн Билэгт гуай нэг хурал дээр "Хоол нэхэж буй хүүхдээ уйлуулаад ч хамаагүй, хөхний өвдөлтийг тэсвэрлээд өөрөө гүрийгээд нэг хоёр хоног хөхөө навшуулахад ивлээд сүү ордог. Хөхөндөө сүү оруулж, хүүхдийг ангир уургаар нь цатгах нь чухал" гэж ярьж байсныг санаж байна.
Эхийн сүүний нөөцийн банк нь мөнгө хадгалдаг банк гэсэн үг биш. Манай хуулийн төсөлд энэ хэллэг орсон 2 заалт байгаа. Сүү хэрэгтэй байгаа нялх хүүхдэд өгөх ээжийн сүүний нөөц бүрдүүлэх ажлыг Эхийн сүүний нөөцийн банк гэж ойлгож болно. Янз бүрийн асуудлаар сүүний гарц багатай байх тохиолдолд нялх хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хангах зорилгоор хүүхдэд өөр эхийн сүүг өгөх асуудлыг хуульд энэ нэрээр оруулсан байгаа юм. Эхийн сүүний найрлагад олон чухал бодисууд байдаг, түүнийг хүүхдэд өгөх зорилготой юм. Сүүний гарц сайтай ээжүүд сүүний гарц багатай ээжүүдэд туслах юм. Хүүхдэд хөхнийхээ сүүг хандивлах аян эсвэл эхийн сүүний донорын асуудал яригдаж байна гэж энгийнээр ойлгох хэрэгтэй.
Эхийн сүүний нөөцийг бүрдүүлэх боломжтой юм байна, сүүгээ хандивлах ээжүүд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
Сүүний гарц сайтай ээж болон бусад ээжүүдээс хандивласан сүүг эхийн сүүгээр хооллох боломжгүй хүүхдэд хүргэх үйлчилгээ байдлаар зохион байгуулж болно. Хөгжсөн орнуудын туршлагаас харахад тусгай зориулалтын савыг, хөхний саалтуур багажийн хамт сүүгээ хандивлах хүсэлтэй эхэд хүргүүлдэг. Нэг эхээс хамгийн багадаа 300 мл, ихдээ гурван литр хүртэл сүүг авдаг. Түүнийг хасах 20 градусын хэмд гурван сар хадгалах боломжтой. Хүүхдэд өгөхийн өмнө 62.5 хэмийн халуун усанд хөөрүүлэх хэмжээнд халааж, нян бактерийг нь устгаж хэрэглэнэ.
Сүүгээ хандивлах эхчүүдэд тодорхой шалгуур тавих юм. Хүний дархлал хомсдолын вирүс, Т-эсийн лимпотрофик вирүс, элэгний “С”, “В” вирүс, тэмбүүгийн шинжилгээг өгсөн байна. Мөн сүү хандивлагч эх ямар нэгэн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэггүй байх, архи, тамхи хэрэглэдэггүй байх ёстой юм.
Эхийн сүүний нөөцийн банк ажиллаж эхэлвэл бүх хүүхэд найруулдаг сүүн тэжээлээр биш жинхэнэ эхийн сүүгээр хооллох боломжтой болох юм.
Ээжүүдийг шинжилгээнд хамруулаад сүүг нь авчихлаа, түүний дараа хэрэгтэй байгаа хүүхдүүдэд яаж олгох вэ?
Хуулийн төсөлд яг тэгж олгоно гэсэн тодорхой заалт байгүй. Хууль батлагдвал дагалдан гарах журмыг Эрүүл мэндийн сайдаар батлуулан хэрэгжүүлнэ. Манай улсад үүнийг өмнө нь байгуулж байсан туршлага байхгүй тул ингэж тэгж хэрэгжүүлнэ гэж ярихад эрт байна. Ер нь бол хүүхэд төрөх эмнэлэгт байхдаа тэнд хадгалж байгаа сүүг хэрэглэх ба харин эмнэлгээс гарсны дараа зохиомол сүүн тэжээл биш харин савласан эхийн сүүг хэрэглэж байвал зүгээр юм. Нөөц хангалттай бүрдвэл эмнэлгээр дамжуулан тодорхой өртөгтэйгээр худалдах боломжтой байж болох юм. Савлачихсан эхийн сүүг хүнсний дэлгүүр болон эмийн сангаар зарахгүй.
Ээж болгоны хөхний сүүний найрлага адилхан байдаг уу?
Ерөнхийдөө ойролцоо. Хүний сүүний найрлага ээж ямар хоол идэж байгаагаас шалтгаалаад шимт чанар нь жаахан өөрчлөгдөж болно. Эхийн сүү нь үндсэн шимт бодисууд, аминдэм, эрдсээр баялаг бөгөөд хамгийн гол дархлааг дэмжих, өвчнөөс сэргийлэх үйлчлэл үзүүлдэг бодисуудаар маш баялаг юм. Төрөөд зургаан сар хүртэл хугацаанд байгаа ээжийн сүү дархлаа дэмжигч бодисоор илүү баялаг байдаг бол зургаан сараас хойш сүүний найрлага аажим аажмаар шингэрдэг. Эхийн сүүнд баялаг байдаг залгиур эсүүд нь биемахбодийг халдвараас сэргийлэх, дархлааны Т-эсийг идэвхжүүлэх үүрэгтэй бол, үүдэл эсүүд нь эд эсийг нөхөн төлжүүлэх үүрэгтэй. Имуноглобулинүүд нь IgA/sIgA эмгэг төрүүлэгч нянгийн үйл ажиллагааг дарангуйлах, IgG (IgG1, IgG2, IgG3) нь нянгийн эсрэг, залгиур эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, (IgG4) нь харшилд хариу урвал үзүүлэх зэрэг үйлчлэлтэй.
Эхийн сүүгээр хооллосон хүүхэд өвчин эмгэгт өртдөггүй гэлээ, гэтэл улаан бурхан, томуу өвчнөөр нялх хүүхдүүд өвчилж, амь насаа алдсан тохиолдлууд гарсаар байдаг?
Өнгөрсөн онд манай улсад халдварт улаанбурхан өвчний дэгдэлт гарч, харамсалтайгаар бага насны хүүхдүүд нас барсан бөгөөд тэдний дийлэнх нь зохиомол сүүн тэжээлээр хооллож байсан байдаг.
Эхийн сүүг орлуулан өгдөг тэжээлийн хэрэглээг яаж зохицуулах вэ? Шинэ хууль гарч байгаатай холбогдуулан худалдахыг нь хязгаарлах уу?
Хүнс гэж бүртгэгдсэн бүтээгдэхүүн учраас худалдаанд хязгаарлалт орохгүй. Бүтээгдэхүүний шошгод тавигдах шаардлагыг чангатгасан, аливаа хэлбэрийн зар сурталчилгаа хийхийг хориглохоор зохицуулсан.
Энэ хуульд өөр ямар шинэ зүйл, заалт орсон бэ?
Манай улсад жил тутамд 80 мянгаас 90 мянган хүүхэд шинээр мэндэлдэг. Тэдний 8-9 орчим хувь нь оюутан эхийн хүүхэд байдаг. Хүүхдээ эхийн сүүний оронд янз бүрийн бүтээгдэхүүнээр хооллодог хүмүүсийн дийлэнх нь тэд юм. Хүүхдээ аав ээж дээрээ орхиод хичээлдээ явчихдаг, ингээд хүүхдийн эхийн сүүгээр хооллох эрхийг хангаж чаддаггүй, эрүүл мэндэд алсын сөрөг нөлөөтэй янз бүрийн бүтээгдэхүүнээр хүүхдийг хооллодог. Оюутан ээжүүд хүүхэдтэйгээ ядаж нэг нас хүртэл нь хамт байж, эхийн сүүгээр хооллож, асарч, нийгэмшихэд нь туслах шаардлагатай юм. Энэ хуулийн төсөлд оюутан ээжүүд хүүхдээ төрүүлээд жилийн чөлөө авсан ч оюутны үндэсний тэтгэлэг 70 мянган төгрөгийг авдаг байх зохицуулалтыг тусгасан байгаа.
Эх сурвалж : newscom.mn