Ирэхээсээ өмнө таны фэйсбүүкээр зочилоход таниар үйлчлүүлсэн охид, бүсгүйчүүд дахин таныг сонгох нь элбэг байдаг юм шиг санагдлаа.  Танд өөрт чинь тэгэж хэлж байсан уу?

Ер нь бол тэгэж хэлдэг /инээв/. Миний хувьд бусад мэргэжил нэгт артистуудаасаа айхтар онцгойрсон зүйл байхгүй л дээ. Гэхдээ тухайн хүний нүүрийг харж байгаад ямар будалт хийвэл зохилтойг эхлээд тодорхойлдог. Дараа нь чухам аль хэсгийг илүү тодотгож өгвөл царайнд нь зохицож, аятайхан харагдах талаас анхаарч ажилладаг. Тэгээд өө сэвтэй хэсгийг нь дарж өгөх, аль болох зузаан будалгүй, хиймэл дүр төрхтэй харагдахгүй байх талаас нь бодолцох зэргээр үйлчлүүлэгчээ сайтар судалж байж л буддаг гэх үү дээ. Ер нь натурал, өөрийнхөөрөө байгаа юм шиг, цэвэрхэн будалт бол хэзээ ч моодноос гардаггүй шүү дээ. Солонгос эмэгтэйчүүүдийн хувьд будсан ч будаагүй юм шиг харагддаг. Миний хувьд Солонгост сурч байхдаа энэ арга барилаар багахан ч гэсэн мэргэшсэн гэж боддог.

Монголын охид, бүсгүйчүүддээ будсан ч будаагүй юм шиг харагдуулах будалт хийхийг зорьдог.

Танай салон байнгын ийм хөл хөдөлгөөн ихтэй байдаг юм уу? Анзаараад байхад та байнгын зогсоо ажиллах юм.
Ажлын ачааллын хувьд харилцан адилгүй гэж хэлж болно. Мэргэжил маань зүгээр суух зав өгдөггүй хурдтай хөгжиж буй урлаг. Нүүр будалт, сургалт, шивээс, гоо сайхан гээд хэд хэдэн төрлийн үйлчилгээ үзүүлдэг болохоор ихэнхдээ суух ч завгүй ажилладаг. Үйлчлүүлэгчийн захиалга ихтэй үед бол хэдэн цагаар ч хамаагүй зогсоо ажиллана. Ихэвчлэн байнгын болон VIP үйлчлүүлэгчид маань урьдчилж цаг авч байж үйлчлүүлдэг. Ер нь ачаалал ихтэй байдаг болохоор шивээс хийлгэх бүсгүйчүүд бол хэд хоногийн өмнөөс урьдчилж цаг авах шаардлага хүртэл гардаг. Би хийнэ гэсэн зүйлээ сэтгэлдээ тултал хийхийг хүсдэг учраас сургалт ч тэр, шивээс хийхэд ч тэр цаг их шаарддаг. Та БНСУ-даа төдийгүй Азид нэр түгсэн KBS, SBS телевизүүдийн мэргэжлийн нүүр будалтын академийг төгсчээ. Энэ мэргэжлийг сонгоход яг юу нөлөөлөв? Хүүхэд байхын нүүр будах дуртай, ээжийнхээ будаг шунхаар оролдож суудаг, багс, энгэсэг, уруулын будаг барьчихсан гүйж явдаг охин байсан. Арван жилд байхдаа ангийнхаа хүүхдүүдийн нүүрийг будчихна. Бас болоогүй ээ, багш нарыгаа хүртэл буддаг байсан гээд боддоо. Том болоод ч энэ сонирхлоо хаяагүй. Улмаар олон орны мэргэжлийн нүүр будалтын сургуулиудыг судалсны үндсэн дээр БНСУ-д суралцахаар болсон. Тухайн үед БНСУ нь Азидаа төдийгүй олон улсад нүүр будалт /make up/, гоо сайхны бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ тэргүүлж байсан.

Мэргэжлийн make up artist болох үндсэн бүхий л техникээ KBS, SBS телевизийн дэргэдэх нүүр будалтын академиудад эзэмшсэн дээ.

Та дээр шивээс хийдэг гэж ярилаа. Бүсгүйчүүдийн нүүрийг төгс харагдуулах нэг зүйл нь яахын аргагүй хөмсөг. Сүүлийн үед бүсгүйчүүд болсон болоогүй хөмсөг их шивүүлэх болсон. Танай салоны хувьд бусад салоноос ялгарах онцлог давуу тал юу вэ?
Би сонгосон мэргэжилдээ эзэн нь байхыг хүсдэг. Тиймдээ ч өөрийгөө их хөгжүүлэхийг зорьж байна. Хамгийн анх ӨМӨЗО-ны Хөх хотод 2008 онд “Шивээс, гоо сайханч, арьс арчилгаа”-ны чиглэлээр суралцаж, төгссөн. Оны өмнөхөн Азид болон дэлхийд дээгүүр бичигддэг “David Brow Art” хэмээх алдартай хүний шавь болж, шивээс хийх чиглэлээр Сингапурт мэргэжил дээшлүүлээд ирлээ. Түүний сургалт нь VIP ангиллынх байдаг тул төлбөр нь нэлээд өндөр байдаг юм билээ. Одоогоор “6D”, түүнчлэн “6D ombre” гэсэн шивээсүүд гарч ирчихсэн байгаа.Эдгээр шивээсийг манайх яг одоо үйлчилгээндээ нэвтрүүлээд ойролцоогоор 100-аад хүнд хийсэн байна. Үйлчлүүлэгчдийн хувьд сэтгэл хангалуун байгаа нь надад үргэлж мэдрэгддэг.

Нүүр будалтын мэргэжлийн хүнд шивээс хийх нь арга барилын хувьд хэр хэцүү байв.
Миний бодлоор хүний нүүр царайг сайхан болгох увидастай, нүүр будгийн мэдрэмжтэй, мэргэжлийн хүн л шивээсний урлагаар ажиллах ёстой. Учир нь, нүүр будаж чаддаг хүн л нүүрний хамгийн гол хэсэг болсон хөмсөгний хэлбэрийг сайн олж, тохируулан гаргаж чаддаг. Тийм болохоор шивээс хийхэд мэргэжлийн ур чадвар, сайн мэргэжилтэн зайлшгүй чухал. Үүнээс гадна шивээс хийж байгаа будгийн чанар бас сайн байх хэрэгтэй. Шивээс хийлгэхээр нэг их тод хөмсөгтэй болчихдог, овортой ч харагдана гэж зарим хүн боддог байж магадгүй. Одоо тийм зүйл байхгүй болсон, цаг үе өөр болж, аливаа зүйл хөгжсөн шүү дээ.

 

 

Монгол бүсгүйчүүдийн нүүр будалтын сул тал нь юу бол, та нуулгүй хэлээрэй?
Манайхан хэдий ази хүмүүсийн тоонд ордог ч азийнхны нийтлэг нүүрний хэв шинж тэр болгон ажиглагдаад байдаггүй. Тэгээд ч охид, бүсгүйчүүд маань европ зүгийн хэв маяг бүхий будалтуудыг сонирхдог юм шиг санагдсан. Ажиглаад байхад, манай бүсгүйчүүд өөртөө зохицоогүй маш хурц будалтыг хийлгэх гээд байдаг. Жишээ нь, давхраагүй бүлцгэрдүү нүдтэй хэрнээ хэтэрхий их тень тавьж, нүдээ хүнхийлгэж будуулах сонирхолтой байдаг. Энэ бол нэлээд хүндрүүлсэн гэмээр будалтын тоонд ордог л доо. Монголчуудын гоо сайхны талаарх үнэлэмж сүүлийн үед үлэмж хөгжиж, улам бүр баялаг агуулга, хэлбэртэй болж байгааг үгүйсгэхгүй ч үйлчилгээний, олон нийтийн гоо сайхны асуудлын хувьд аль болох хэтрүүлэггүй хандаж байх нь зөв юм болов уу гэж санадаг. Гэхдээ уучлаарай, энэ миний л бодол. Ямар ч эмэгтэй сайхан харагдаж, гоо үзэсгэлэнтэй байхыг хүсдэг, тийм ч эрхтэй болохоор бид үйлчлүүлэгчийнхээ хүсэлт, шаардлагын дагуу мэргэжлийн үүднээс зөв ажиллах ёстой. Make up artist хүн тухайн үйлчлүүлэгчийнхээ сайхан, гоё хэсгийг улам тодотгож өгөөд, өө сэвтэй талыг нь засч янзлаад л гаргах хэрэгтэй. Тэрнээс биш европ царайтай болгох гээд өндөр хамар, хүнхэр нүд бүтээж, мянга будаад нэмэргүй. Монголчуудын дугуй нүүр, өргөн шанаа, намхан хамар, жартгардуу зуувин нүд хэдэн мянган жил өнгөрсөн ч удмын улбаагаа хадгалсаар л байгаа нь үнэн.
Нүүр будахад хамгийн их цаг ордог хэсэг аль нь бол, сонирхолтой санагдаж байна?
-Мэдээж нүд. Нүдэн дээр ажиллагаа нэлээд ордог. Манай монгол охид, бүсгүйчүүд ерөнхийдөө гоё том нүдтэй, европдуу юм шиг харагдуулахаар будаж өгөхийг хүсдэг л дээ. Гэтэл жижигхэн онигор ази царайтай нүдийг тийм болгож будахын тулд ур чадвар орно биз дээ. /инээв/

123

Таниар ганц нүүрээ будуулаад зогсохгүй үсээ янзлуулж, зөвлөгөө авч байгаа хүүхнүүд их байх юмаа. Хувцаслалтан дээр хүртэл зөвлөгөө авч байна. Та make up артистаас гадна имидж мэйкэр юм шиг л сэтгэгдэл төрлөө.
Миний байнгын үйлчлүүлэгчид дан ганц нүүр будалтаар тогтохгүй үсээ байнга янзлуулна. Мөн хувцаслалтан дээрээ хүртэл зөвлөгөө аваад, харилцан санал солилцоод сурчихсан гэж хэлж болно. Аливаа юманд мэдрэмж гэдэг бол их чухал. Миний хувьд өөрийнхөө санал бодлоо үйлчлүүлэгчидтэйгээ чөлөөтэй хуваалцахыг боддог. Тиймээс ч ийм будалтан дээр ийм хувцас өмсвөл зүгээр, ингэж үсээ янзлуулвал сайхан харагдана гэж ярилцдаж зөвлөгч нь байхыг хүсч ажилладаг.

Таныг анзаараад байхад их даруухан хүн юм. Бусад make up artist-уудын хувьд өөрсдийгөө их дөвийлгөж ярих дуртай байдаг л даа.
Би харин өөрийгөө сурч дуусаагүй байгаа л гэж боддог. Хүн үргэлж суралцаж байдаг шүү дээ. Тиймээс ч би энэ мэргэжлээрээ цаашид их ч зүйл сурна. Болоогүй байхад би би гээд цээжээ дэлдээд байх утгагүй. Хүний үс, нүүр гэдэг бол хамгийн хүндэтгэлтэй эрхтэн шүү дээ. Миний чадварыг үнэлж, ирж үйлчлүүлдэг олон сайхан үйлчлүүлэгч охид бүсгүйчүүддээ энэ далимыг ашиглаад баярлалаа, тэргүүндээ хүрэх эрхийг зөвхөн надад олгодогт дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.
Танд баярлалаа, урт хэдий ч уншигч бүсгүйчүүдийг уйдаахгүй сэдвээр ярилцсан байхаа, хоёулаа.

Бүсгүйчүүд түүнтэй холбогдохыг хүсвэл түүний "Seke CL Make Up" фэйсбүүк хуудсаар нь холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна шүү.