Сүхбаатар дүүргийн ХХҮХ-ээс өнгөрсөн онд онцлох ямар ажлууд хийгдсэн бэ?
Юуны өмнө өнгөрсөн онд хийсэн ажлуудаа товчхон дурдья. 2018 онд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний хэлтсийн /ХХҮХ/ хувьд Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс батлагдсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар иргэд ААНбайгууллагуудад сурталчлах сарын аян, мөн төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах зорилгоор нэг цэгийн үйлчилгээг хавар, намрын улиралд дөрвөн байршилд зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд Сүхбаатар дүүргийн бүх хороодод хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний талаар холбогдох бүх мэдээллийг өгч ажиллаа. Энэ мэт иргэд олон нийтрүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1 –т аж ахуйн, нэгж байгууллага 25 ажилтан тутамд нэг одой ба хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах ёстой гэсэн заалт байдаг. Хэрэв ажиллуулах боломжгүй бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн төлбөрийг санд төлдөг. Тэгвэл бидний хувьд 2018 онд 295 сая төгрөгийг төвлөрүүлж ажилласан байгаа. Энэ оны эхний улирлын байдлаар 200 сая төгрөгийг ААНБ-даас төвлөрүүлсэн байна. Энэ мэт бид өмнөх жилийнхээ амжилтыг улам ахиулахын төлөө ажиллаж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд танай дүүргээс хичнээн хүмүүс хандаад байгаа вэ?
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн 2019 оны материалуудыг иргэдээсээ хүлээн аваад байна. Өнөөдрийн байдлаар Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 87, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 50, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт 51 иргэн тус тус материалаа ирүүлээд байна. Төсөл шалгаруулалтын хувьд энэ жилээс эхлэн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тэдний үнэлгээг харгалзан нээлттэй, иргэдийн оролцоотойгоор шалгаруулахаар болсон нь давуу талтай юм.
Дээрх төсөлд шалгарсан иргэдэд 24-48 сарын хугацаатай, 3-5хүртэл сая төгрөгийг 100 хувь эргэн төлөгдөх, хүүгүй, барьцаагүй нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох юм.
Төслийг хавар, намар зарлаж хүлээн авдаг тул энэ удаад та хоцорсон ч гэсэн ирэх намар материалаа бүрдүүлээд өгөх боломжтойг хэлье.
Дээрх төсөл хөтөлбөрүүдэд ямар иргэд хамрагдах боломжтой вэ?
Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 35-аас дээш насны бичил бизнес эрхэлж байгаа, өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй иргэд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэний чадвар алдалт нь 70 хувиас доош иргэн эсвэл байнгын асаргаа шаардлагатай хүүхдээ харж байгаа эцэг эхчүүд, харин Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт ахмадууд эсвэл гэрээрээ үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа ахмад настнууд хамрагдах боломжтой юм.
Хэрэв та Сүхбаатар дүүргийн иргэн бол дээрх төсөл хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой.
Ахмадын зөвлөх үйлчилгээний талаар дэлгэрүүлэхгүй юу?
Ахмад мэргэжилтнүүдийн хүсэлтэд үндэслэн ажил хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдлэг, туршлагыг өвлүүлэх,залуу үеийнхэнд хөдөлмөрийн дадлага олгох чиглэлээр дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ үйлчилгээнд эрүүл мэнд, боловсрол, төрийн захиргаа, хөдөө аж ахуй гэсэн дөрвөн төрлийн салбараас тэтгэвэрт гарсан ахмадууд хөтөлбөр боловсруулж, дээд тал нь 240 цагийн хичээл зааж 840 мянган төгрөгийн цалин авдаг. Манай дүүргийн хувьд энэ төсөлд 2018 онд 14 ахмад хамрагдсан.Энэ жилийн уг төсөлд материалуудаа хүлээн авч эхлээд байна.