Ардчилсан нам байгуулагдаад 16 жил болж байна. Л.Гантөмөр Ардчилсан нам шинэчлэн байгуулагдах, 2000 оны сонгууль болохоос нэг жилийн өмнө намдаа элссэн юм.
Тус намд хүчин зүтгээд 17 дахь хавар, намраа үдсэн Л.Гантөмөр “Ардчилсан нам миний хувьд эргэлзэх шаардлагагүй цорын ганц сонголт байсан” гэлээ. Ардчилсан намд элс гэж түүнийг хэн ч албадаагүй.


Барууны либерал үзэлтэй, үнэт зүйлтэй залуусын нэгдэл юм гэж үзээд тэр сайн дураараа элссэн. Ардчилсан намын гишүүн болоод 5 дахь жилдээ буюу 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2016 он хүртэл тасралтгүй 3 парламентад орж ажилласан юм. Ингэхдээ 2006-2007 онд Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2014-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын албыг давхар хашиж байв.

Монголын үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх зорилготой Ардчилсан нам сүүлийн жилүүдэд энэхүү зорилго, үзэл санаа, үнэт зүйлсээсээ алхам, алхмаар ухарч байна гэж Л.Гантөмөр үзэж байна.
Ардчилсан нам нь явцуу эрх ашгийн төлөөх бүлэг, цөөн тооны дарга нарын фракциудад хуваагдан, жирийн иргэдээсээ нүүр буруулан, тэднээс авсан татварын мөнгийг үргүй зарж байгаад тэрээр эрс шүүмжлэлтэй хандаж байна.

Ойртоогүй байгаа дээрээ алдаагаа засаж, иргэдийн ардчилалд итгэх итгэлийг сэргээхийн тулд Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшиж байгаагаа илэрхийллээ. Л.Гантөмөр 2016 оны 12 дугаар сарын 17-ы өдөр Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн хороонд нэр дэвшихийг хүссэн өргөдөл, мөрийн хөтөлбөрөө өгсөн юм.

Нэр дэвшигчийн хувиар хандивын уулзалт хийх үеэрээ “Ардчилсан намын ялагдал бол Монголын ялагдал болсон. Ардчилсан намын шинэчлэл Монголын хөгжил байх ёстой” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
Түүнийг дэмжигчид нь Л.Гантөмөр бол задарсан намыг эмх цэгцэнд нь оруулж чадах хүн, зөв сэтгэлтэй, алсын хараатай хүн, хийсэн бүтээсэн зүйлтэй, хүндэлмээр улс төрч, эрдэм боловсролтой эгэл жирийн нэгэн гэх зэргээр тодорхойлж байна.

Тэрээр сайдаар ажиллаж байхдаа “Боловсролын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” хөтөлбөрүүд, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад оюутнуудыг тэтгэлэгтэй суралцуулах, Япон улсад 1000 инженер бэлтгэх төсөл зэргийг санаачлан хэрэгжүүлсэн нь чамгүй үр дүнд хүрсэн юм.

Түүнд Ардчилсан намаа алсын хараатай, үнэт зүйл, үзэл бодолдоо үнэнч, хариуцлагатай, эв нэгдэлтэй, гишүүдээ сонсдог, нээлттэй, бодлогын бөгөөд гишүүдийн нам болгох 5 бүлэг бүхий цогц төлөвлөгөө байна.

Түүнд өөртөө итгэлтэй, эрүүл чийрэг, авьяас чадвартай, бүтээлч иргэдийг бий болгох хүсэл, зорилго бий.

Түүнд тогтвортой хөгжил, эрүүл нийгэм, өрсөлдөх чадвартай Монгол Улсыг хөгжүүлэх эрч хүч, туршлага байна.    
Эх сурвалж: Vip76.mn
 
Эх сурвалж : vip76.mn