Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэх вэ?
Зөвхөн уул уурхайн салбартаа анхаарснаас болж, дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унахаар бид дагаад унадгийн бодит жишээ өнөөдөр болж байна. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэгчээр хямралаа боломж болгон харах хэрэгтэй. УИХ, Засгийн газар үндэсний үйлдвэрлэгч компаниудаа дэмжиж байж хямралыг хамтдаа даван туулна. Аливаа хууль тогтоомж, бодлого, шийдвэр нь оновчтой, тогтвортой, ойлгомжтой байвал бизнес эрхлэгчид өөрсдийн бизнесээ улам сайн хөгжүүлэхийн тулд гадаадын төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг өөрийн улсдаа татаж, техник технологио шинэчилж чадна. Хууль тогтоомжийн тогтворгүй байдлаас болж гадаадын түншийн итгэлийг алдахад хүрч байна.
Бизнесүүд өнөөдөр үйл ажиллагаа хэвийн явж байгаа мэт боловч маргааш хууль эрх зүйн орчин бас л өөрчлөгдөх байх гэсэн хүлээлттэй байдаг учраас том харж, зоригтой хөдөлж чадахгүй байна.
Монголд зээл авалгүй үйл ажиллагаа явуулж буй компани бараг байхгүй. Өнөөгийн эдийн засгийн хямрал, валютын ханшийн өсөлтөөс болж, зээлийн хүү, үндсэн төлбөрөө төлөхөд маш бэрхшээлтэй болсон байна.
Тийм шүү. Өнөөдөр том, жижиг гэлтгүй компаниуд зээлтэй байна. Нэн ялангуяа чанаргүй зээлдэгчдийн 60 хувь нь томоохон аж ахуйн нэгжүүд байгаа нь анхаарал татаж байна л даа. Тиймээс Засгийн газар “Найдваргүй зээлдэгчдийн жагсаалт”-д бүртгэгдсэн аж ахуй нэгж, иргэдэд зээлээ эргэн төлж, зээлийн түүхээ сайжруулах боломж олгоно гэж байна?
Зээл авсан компаниуд дотор валютын зээлтэй маш олон компани бий. Өнөөгийн эдийн засгийн хямрал, валютын ханшийн өсөлтөөс болж, зээлийн хүү, үндсэн төлбөрөө төлөхөд маш бэрхшээлтэй болсон байна. Чанаргүй зээлдэгчдийн жагсаалтад орсон компаниудыг “хар дансанд орлоо” гэж ярьдаг. “Хар дансанд орсон” компаниудад зээлээ эргэн төлөх тодорхой хугацаа өгөх хэрэгтэй. Томоохон аж ахуйн нэгжүүд ихэвчлэн хөрөнгө оруулалтын зээл авсан байдаг. Үүнд барилгын компаниудыг дурдаж болно л доо. Хэдэн жилийн өмнө Монгол Улсын шилдэг татвар төлөгч болж байсан бол өнөөдөр чанаргүй зээлдэгч болж байх жишээтэй. Энэ нөхцөлд Засгийн газар компаниудын зээл эргэн төлөх хугацааг нь сунгах болов уу гэж харж байна.
Бизнес эрхлэгчид зээлээ төлөхөөс зайлсхийх гээгүй, зээлээс чөлөөлж өгөөч гэж гуйгаагүй.
Гол нь зээлээ төлөх хугацаа олгооч гэж хүсэлт тавьж байна. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдийг татвар, зээлээ төл гэдэг. Гэтэл зээлээ төлөх нь байтугай ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрч, аль болох хүнээ халахгүй байх, ажлын байраа хадгалах бодлого барьж байна. Аж ахуйн нэгжүүдийн борлуулалт маш муу байна.
Үндэсний хөрөнгө оруулагчдыг бүхий л талаар дэмжиж, эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж байгаа нь хэр бодит дэмжлэг болох бол?
Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь тухайн төслийн цар хүрээ, онцлогоос шалтгаална. Томоохон төсөл хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-ээ боловсруулсан бол тухайн компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулж болох юм. Арьс ширний үйлдвэр байгууллаа гэхэд 30 жил, өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулалт нь тогтмол байдаг гэдэг утгаараа хүнсний үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 20 жил байж болно. Энэ мэтчилэн салбарын онцлог, төслийн хамрах цар хүрээнээс шалтгаалж дэмжлэг үзүүлэх нь зүйтэй болов уу.
Тэгвэл 5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ гэж байна л даа?
5-аас доошгүй жил гэж заасан өгсөн нь шинэ, гарааны бизнесүүд гэж ойлгож байна. Сүүлийн нэг, хоёр жилээс эхлээд гарааны бизнесүүдийг дэмжих, гарааны бизнес эрхлэгчдийг бусад том бизнесүүдтэй яаж холбох талаар хүчтэй ярьж байна. Танхим дээр ч Гарааны бизнесийг дэмжих зөвлөл бий. Бизнес эрхлэгчдийн хувьд эхний таван жил гэдэг бол алдаж онох, туршиж үзэх, суралцах, хөгжих хугацаа. Тиймээс Засгийн газар хөл дээрээ дөнгөж зогсож буй бизнесүүдийг дэмжиж байгаа бол сайн хэрэг. Харин ямар нөхцөлтэй, хэдий хэр хугацааны, хэдэн хувийн хүүтэй зээл олгох нь тодорхой болоогүй байна. Өмнө нь ЖДҮ-ийг дэмжих сан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх сангаас төсөл шалгаруулж, зээл олгож байсан. Одоо энэ сангаар дамжуулж зээл олгоё гэсэн ч сан мөнгөгүй байгаа. Зээлийн эргэн төлөлтөөр сан өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ гэж байсан ч бодит байдалд биеллээ олоогүй. Тиймээс урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгохоор бол санхүүжилтийн найдвартай эх үүсвэр олж, зээлийн зориулалт, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж, менежмент сайтай байх ёстой. Бид алдаанаасаа суралцах цаг болсон шүү дээ. Аливаад дүн шинжилгээ, судалгаатай хандах хэрэгтэй.
Энэ нь Сингапур мэтийн бизнесийн орчин таатай орны жишгийг нэвтрүүлж байна гэж ойлгож болох уу?
Аж ахуйн нэгж байгуулагдлаа гэж бодъё. Хөл дээрээ зогсоход таван жил шаардагдана. Энэ таван жилд бойжин, бие дааж бизнес эрхлэх чадавхтай болтол нь татвараас чөлөөлнө гэж байгаа бол зөв. Өнөөдөр бол аж ахуйн нэгжээр бүртгүүллээ. Үйл ажиллагаа явуулсан, явуулаагүйгээс үл хамаарч заавал тайлан гаргаж, татвар төлөх болдог. Энэ шаардлага нь бодит байдалд нийцэхгүй байна. Бизнесийн санаагаа хэрэгжүүлэх хугацаа олголгүй шууд татварын дарамтад оруулж байна. Би та бүхэнд нэг жишээ хэлье. Танхим НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран, Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр орон нутгийн бизнес эрхлэгчдийн бизнес эрхлэх санаачилга, бизнес хийх сэдэл бий болгох зорилгоор Ховд, Увс аймгийн 4, 4 сумыг сонгон авч, төсөл хэрэгжүүлсэн. Эдгээр сумдад малын гаралтай түүхий эдээ “хог” гэж үздэг байсан. Учир нь ноос худалдаж авдаг нэг ч хүн тэнд байхгүй. Ингээд 500 хүний дунд бизнесийн мэдлэг олгох сургалт хийж, нөөц боломжид нь тулгуурлан 56 хоршоо байгуулж өгсөн. Байгуулагдсан даруйдаа улсын бүртгэлд бүртгүүлнэ гэдгийг Танхимын зүгээс эсэргүүцсэн. Учир нь хаягдал ноосоо боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэнгүүт бусад аж ахуйн нэгжүүдтэй адил татвар, санхүүгийн дарамт ирнэ. Тиймээс бие даан үйл ажиллагаа явуулж чаддаг болох хүртлээ аж ахуйн нэгжийн статустай болохоос түр татгалзсан. Ингээд ямар нэгэн дарамтгүй, өөрийн нөөц, боломжид тулгуурлаж, үйлдвэрлэл эрхлэх юм бол амжилтад хүрч болдгийг сумын иргэдэд харуулсан гэж болно. Ингээд ямар нэгэн дарамтгүй, өөрийн нөөц, боломжид тулгуурлаж, үйлдвэрлэл эрхлэх юм бол амжилтад хүрч болдгийг сумын иргэдэд харуулсан гэж болно.
Эх сурвалж: Vip76.mn
Эх сурвалж : vip76.mn