- Манай улс хоёр хөрш улстайгаа энэ сарын эхээр “Азийн автозамын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх хэлэлцээр”-ийг Москва хотод байгууллаа. Энэ хэлэлцээрийн үр дүнг тодорхойлж хэлбэл?
- ОХУ-ын Тээврийн сайдын урилгаар ОХУ-д айлчилж Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын тээврийн сайд нарын бага хуралд оролцлоо. Энэ үеэр Монгол-Хятад-Оросын хооронд байгуулах Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих төслүүдийг урагшлуулахад дөхөм болох баримт бичигт гарын үсэг зурж, авто замаар тээвэрлэлт хийх тухай гурван улсын хэлэлцээрийг байгууллаа. Энэ хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэх, Хятад, Монгол, ОХУ-ын чиглэлд автотээврийг өсгөх үндсэн дээр “Азийн автозамын сүлжээ” төслийг уялдуулах ач холбогдолтой. Үүнтэй Замын үүд- Алтанбулаг чиглэлийн 1000 гаруй км авто замаар тээвэрлэлт хийх төсөл ч уялдана. Ингэснээр энэ чиглэлийн замыг хэсэгчилж засах зорилттой. Тухайлбал УБ-Дарханы чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгож, осол аваар гардаг цэгийг арилгах, замын чанарыг сайжруулахаар Засгийн газарт урьдчилсан байдлаар ажлаа танилцууллаа.
- Өнгөрсөн сард та Өмнөговь аймагт ажилласан. Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам барих ажлыг эхлүүлэхээр болсон. Энэ ажил өнөөдөр ямар шатанд явж байна?
- Засгийн газрын ажлын хэсэгт орж, Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомт болон бусад уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Төмөр замын тээвэр манай улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой. Тиймээс төмөр замын сүлжээгээ өргөтгөхийн тулд эхний ээлжинд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам барих, энэхүү төмөр замтай Оюутолгойн уурхайг холбох ажлыг ирэх хавраас эхлэхээр болсон. Холбогдох шийдвэрүүд нь гарчихсан. Одоо хөрөнгө оруулалтаа л шийдчих юм бол урагшлах боломжтой.
- Өнгөрсөн намар Хятад-Монгол хоёр орны сэтгүүлчид ӨМӨЗО-ны Ганц мод боомтод ажилласан. Энэ үеэр тус боомтын удирдлага “Бид төмөр замаа хил хүртэл бүрэн тавьсан. Хятад-Монгол талуудын тохиролцсон цэгүүд зөрсөн болохоор хил хооронд, маршрут зөрсөн зайд хэн хэрхэн хөрөнгө гаргаж төмөр зам тавихыг одоогоор хэлж мэдэхгүй. Бид монголчуудыг хүлээж байна” гэж мэдэгдэж байсан. Ер нь яагаад хил дээр төмөр замын огтлолцол зөрсөн юм бэ? Хэн хариуцлага алдчихав?
- Би Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдохын өмнө “Монголын төмөр зам” ТӨХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан учраас төмөр замын хилийн огтлолцлын асуудлыг өөрийн биеэр хөөцөлдөж байсан. Тиймээс тодорхой хариулт өгье. Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам барих ажлыг анх “Энержи ресурс” компани эхлүүлсэн байдаг. Засгийн газрын тогтоол шийдвэрээр явуулж байсан шийдвэрийг 2013 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа “Монголын төмөр зам компани” ТӨХК-д шилжүүлсэн. Анх “Энержи ресурс” компани хил огтлолцох цэгийг Хятадын талтай тохирч протоколд гарын үсэг зураагүй. Өөрөөр хэлбэл “Энержи ресурс” компани зураг төсөл хийхдээ Хятадын “Шинхуа” компанитай хамт энэ төслийг хэрэгжүүлэхээр ярьж байсан. Энэхүү асуудлыг хоёр орны Гадаад харилцааны яам тохиролцдог журамтай. Гэтэл хоёр яам төмөр замын огтлолцлыг орхигдуулсан байдаг. Мэргэжлийн байгууллага байсан бол үүнийг олж хараад эхлээд огтлолцох, хил сэтлэх цэгээ тохирох байсан. Харамсалтай нь “Энержи реусурс” компани үүнийг Гадаад харилцааны яаманд сануулаагүй гэх юм уу, энэ цэгийг өнөөдрийг хүртэл тохирч чадаагүй. Хоёрдугаарт, төмөр замын царигийн маргаанаас болоод Хятадын тал хүлээлтийн байдалд орсон. Нарийн, өргөн цариг байна гээд нэг хэсэг баахан маргасан шүү дээ. Ингээд 2014 оны 10 сард УИХ-ын тогтоолоор цариг шийдэгдсэн. Тэр хооронд Засгийн газар хэд хэдэн тогтоол, баримт бичиг гаргаад боомтын төмөр замыг барина, өргөн, нарийн цариг энэ цэг дээр уулзана гээд бүх зураг төсөл үргэлжилж байсан. Дээрх тогтоолд төмөр замыг нарийн царигаар баригдахаар шийдэгдсэн тул ачиж буулгах, шилжүүлэх шаардлагагүй болсон. Ингээд асуудал нь дахин өөрөөр яригдаад эхэлсэн. Тиймээс энэ цэгийг өнөөдрийг хүртэл тохирч чадаагүй. Биднийг цаг алдаад байж байх хооронд Хятадын тал “Монголын тал өргөнөөр барих магадлал өндөр байна. Тиймээс монголын нутагт 13 км орчим боомтын төмөр зам барина” гээд Хятадууд төмөр замаа Монголын хил рүү шууд тулгаад барьчихсан.



1482389659said escap(1).JPG

Хилийн 703 дугаар баганын зүүн талд ойртуулаад ирсэн. Нарийн царигаар барих УИХ-ын тогтоол гарахад 700 дугаар баганаар огтлолцмоор байна гэсэн санал тавьсан л даа. Учир нь манай газар зүйн байрлалын хувьд хамгийн эвтэйхэн, далан босгож барьчих боломжтой цэг юм. Харин Хятадын талын саналаар барих тохиолдолд манай нутаг нам доор газар учир гүүрээр холбох шаардлагатай болж байгаа юм. Хил дамнасан 5,6 км гүүр барьж байж хоёр төмөр зам огтлолцох гээд байгаа хэрэг л дээ. Одоо бол далангийн ажил Тавантолгойгоос явсаар 208 дугаар км дээр зогсчихсон байгаа. Огтлолцлын тэр цэг болон Хятадын төмөр замын огтлолцол хоёр дээр 30 гаруй метрийн зөрүү бий. Үүний тулд хил дамнасан гүүр барих шаардлага гарна. Энэ нь өртөг өндрөөс гадна хяналт шалтгалт явуулахад хүндрэлтэй тул манай талаас Ерөнхийлөгч хүртэл Хятадын Ерөнхийлөгчтэй уулзахдаа төмөр замын огтлолцох цэгийг 700 дугаар цэгээр тогтох санал тавиад судлаж үзэхийг хүссэн. Хятадын тал судалж үзээд хариу өгнө гэсэн. Гадаад харилцааны яам мөн ноот бичиг явуулсан.
- Хариу ирсэн үү?
- Ирээгүй байна. Энэ цэг дээр тохиролцож чадвал манайд их ашигтай. Төмөр зам барих зардал 100 гаруй сая доллараар хэмнэгдэх юм. Манай саналаар хил огтлох цэгээ тогтоовол Хятадын талын суурьшлын бүс, хотын дундуур төмөр зам тавих шаардлага гараад байгаа юм.
- Одоо тэгээд яах уу, ингээд л хүлээгээд байх уу?
- Хятадын тал ямар ч боломж байхгүй гэвэл 703 дугаар баганаар төмөр замаа холбох байх. Бид энэ асуудлыг шийдэхийн тулд дундын хувилбарыг хүртэл тавьсан. Хилийн 703, 700 дугаар баганын дундуур төмөр замаа огтлолцуулах боломжтой гэдэг саналыг ч тавьсан. Энэ тохиолдолд мөн тодорхой хэмжээгээр зардал хэмнэх боломжтой. - Энэ огтлолцлоо шийдэхгүйгээр төмөр замаар нүүрс тээвэрлэх ажил урагшлахгүй биз дээ? - Тавантолгойн уурхайг Хятадын талтай хамтарч урагшлуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Хятадын тал Тавантолгой дээр хамтран ажиллах саналаа манайд ирүүлсэн. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад жаахан удааширч байна. Ер нь төмөр замын холболтын цэгийг тохирч л таарна. Экспортоо нэмэгдүүлэхийн тулд энэ ажлыг нэн түрүүнд хийх шаардлагатай.
- Та түрүүнд хэлэхдээ Тавантолгой-Гашуунсухайт боомт хүртэл төмөр зам тавих ажилд хөрөнгө оруулагч хайж байна гэсэн. “Шинхуа” компанитай урьдчилан тохиролцсон гэж ойлгож байсан?
- Хятадын тал энэ төслийг цогцоор нь хөгжүүлнэ гэсэн нэг л болзлыг бидэнд тавьж байгаа. Энэ нь төмөр замаа дангаар нь барьвал нүүрсний олборлолт орхигдоно, мөн Тавантолгойн уурхайд л хөрөнгө оруулчихвал тээвэрлэлт нь гүйцэж чадахгүйд хүрнэ. Тиймээс уурхай, төмөр зам, хөрөнгө оруулалт гээд цогцоор нь хөдөлгөх шаардлагатай. Урт хугацаатай, хүү багатай зээлээр л урагшлуулах талаар Хятадын талтай ярилцаж байна.
- Та гарсан шийдвэрийг хэрэгжүүлдэг албан тушаалд буюу “Монголын төмөр зам” ТӨХК-д гүйцэтгэх захирлаар өмнө нь ажиллаж байсан. Өнөөдөр шийдвэр гаргах түвшинд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байна. Тиймээс өнөөдрийн индрээс өнгөрсөн цаг хугацааг хараад төмөр замын ажил он дамжин удааширсан шалтгаан, алдааг юунд байв гэж үзэж байна?
- Төр аль болох бизнесийн үйл ажиллагаанд оролцохгүй байж, хувийн хэвшлийнхнийг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэж харж байна. “Энержи ресурс” компани төмөр замын энэ төслийг урагшлуулахаар ажиллаж байсан. Төр энэ төслийг тэр чигээр нь дэмжээд Концессийн гэрээнд өөрчлөлт оруулж, засах зүйлийг нь засаад, “Энержи ресурс” компаниар төмөр замаа бариулах боломж бүрэн байсан. Тэр ч үүднээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат орон нутагт ажиллахдаа “Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замыг хувийн хэвшлийнхэн өөрсдөө барь, хөрөнгөө өөрсдөө ол, өөрсдөө ашигла, дараа нь хүлээлгэж өг” гэсэн үүрэг даалгавар өгсөн. Концессийн гэрээгээр барих нь зүйтэй гэсэн үүрэг даалгавар өгчихсөн. Тиймээс манай яам уурхайд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдтэй харилцаад энэ ажлыг хурдлуулах арга хэмжээ авч, туслалцаа дэмжлэг өгч байна. Ингэж л хурдлуулах боломж бий.
- “Самсунг Си Энд Ти” компанитай хийсэн гэрээгээ “Монголын төмөр зам” компани эргэж хараач, зарга үүсгэж хохирлоо нөхөн төлүүлээч” гэсэн саналыг зарим нь тавьдаг. Тэдний хэлж байгаа шиг бид маргаан үүсгэж хохирлоо төлүүлэх боломж байгаагүй юм уу?
- “Самсунг Си Энд Ти” компанийг хуурамч, жинхэнэ нь биш гэсэн яриа хүртэл гардаг. Би хариуцлагатайгаар мэдэгдье. Жинхэнэ Самсунг компани мөн. “Самсунг” корпорацийн охин компани “Самсунг Си Энд Ти” компани энэ төслийг хэрэгжүүлж байсан. “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад “Самсунг” корпорацийн гадаад төсөл хариуцсан дэд ерөнхийлөгч нь хоёр ч удаа уулзаж байсан. “Самсунг” компанид залилуулсан, хохирсон гэж зарим хүмүүс ярьдаг. Гэхдээ монголчууд бид өөрсдөө ажлаа мэдэхгүйгээс болж хохирсон. Учир нь олон улсын гэрээний талаар ойлголтгүй бол том төсөл урагшлуулна гэж байдаггүй. Тэр тусмаа фитик гэрээ мэдэхгүй бол идүүлээд л дуусна. Тийм учраас алдсан, торгуульд орсон асуудал байдаг. Нэгэнт хөрөнгө оруулалт гацаад Монголын тал гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээж чадахаа байсан учраас “Самсунг Си Энд Ти”-тэй ойлголцохоос өөр аргагүй болсон. Тэгэхийн тулд миний бие “Монголын төмөр зам” компанид байхдаа Монголын талд ирэх янз бүрийн эрсдэл, торгууль зэргийг шийдэхийн тулд “Бид энэ гэрээг цаашид санхүүжүүлэх боломжгүй болчихлоо. Та нар хөрөнгө босгоод энэ гэрээнийхээ дагуу төслөө дуусгаад хүлээлгээд өгчихөөч” гэдэг саналыг “Самсунг Си Энд Ти” компанид албан бичгээр өгсөн. Тэд “Хөрөнгө босгож, энэ төслийг урагшлуулах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь “Бид гаднаас хөрөнгө босгоно. Хөрөнгө оруулагч хайна. Энэ нөхцөлд хөрөнгө оруулагч өөрсдөө хөрөнгө босгоод, өөрсдөө барих асуудал гарч болзошгүй” гэж мэдэгдсэн. Тэгээд бид Турк, Япон, Солонгос, Хятадуудтай ярилцсан. Ингээд Хятадын талаас зээл авч энэ төслийг урагшлуулахаар болж, Хятадын талаас зээл авахыг зөвшөөрсөн Засгийн газрын тогтоол гаргуулсан. Хятадын талтай ярьж зээл хөөцөлдөх үед “Самсунг Си Эн Ти”-д “Хятадын тал өөрсдөө энэ замыг хариуцаж барина гэж байна. Хөрөнгөө гаргахаар болсон. Тиймээс бид энэ гэрээг цуцлахаас өөр аргагүй боллоо” гэж мэдэгдсэн. Хоёр тал ажлын хэсэг гаргаад энэ гэрээгээ дүгнээд, аль аль талдаа эвийн аргаар зохицоод гэрээг цуцалсан. Үүнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал Б.Эрдэнэбаяраар ахлуулсан ажлын хэсэг маш сайн ажиллаж, Монголын талд хамгийн ашигтай нөхцөлөөр гэрээгээ цуцалж чадсан. Гэтэл манайхан үүнд олон сая долларын зардал гаргасан, хохироосон” гэж яриад байгаа. Фитик гэрээ гэдгийг ойлгож, уншиж үзэх ёстой л доо. Хамаагүй ингэж дуугарч болохгүй. Гэрээний үнийн дүн “Монголын төмөр зам” ТӨХК-тай ямар ч хамаа байхгүй. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу “Энержи ресурс” компани тендэрээ зарлаад сонгон шалгаруулалтаа явуулж, “Самсунг Си Энд Ти”-г шалгаруулчихаад гэрээ хийхэд бэлэн болчихоод байх үед “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжиж ирсэн. Энэ төсөл хоёр хувийн гүйцэтгэлтэй явж байсан үед шилжиж ирсэн. Ингээд хөөхөөр олон улсын хуулиар л шийдэгдэнэ.
- “Самсунг Си Энд Ти”-д маргаан үүсгэж, ОУ-ын Арбитрын шүүхэд хандах юм бол манайх юм олж авч чадахгүй гэж та хэлээд байна уу? Тэгвэл энэ гэрээ цуцлагдсанаар хайран цаг хугацаа, хөрөнгө үргүйдсэн юм биш үү?
- Үүнийг зарим нь “овоолсон шороо” гэж хэлээд байгаа юм. Даланг хэлж байгаа хэрэг. Зам барихын тулд шороо овоолно оо. Зүгээр л “зүлгэн дээр гэрээ барьчихдаг” шиг юм биш. Шороогоо овоолохдоо стандартын дагуу хийсэн үү, үгүй юу гэдэгтээ л байгаа. Монголын үндэсний 13 компани онц чанартай хийсэн. Үүнд ХБНГУ-ын “Ди Би Ай” компани яг стандартын дагуу хяналт тавьсан. Манай компаниуд ч стандартаар нь барьсан. Тийм учраас салхинд хийсээд эвдэрсэн, овоолсон шороо ердөөсөө ч биш. Зарим нэг газраар үер усанд идэгдсэн нь бий. Ирэх хавраас хөрөнгө мөнгө шийдэгдэхээр энэ ажлыг эхэлнэ. Хөрөнгө үрэн таран хийгээгүй гэж би хэлнэ. Харин цаг хугацаа алдвал хүндрэл үүснэ. Тиймээс хамгаалалтын ажлуудыг яаралтай эхлэх шаардлагатай.
- Хөшигийн хөндийн нисэх буудлыг ирэх сард хүлээж авна гэж танай яам мэдэгдсэн. Гэтэл нөгөө талд манай талын олон ажил дутуу байгаа гэсэн мэдээлэл байна? Одоо чухам ямар ажлууд үлдээд байна?
- Ирэх нэгдүгээр сарын 10-нд Японы тал буюу төслийн нэгж Монголын талд энэ төслийг хүлээлгэж өгнө. Үүний дараа бид дутуу ажлуудаа гүйцээж, менежментээ шийдээд явна. Үнэхээр том том бэрхшээлтэй тулгарч байна. Анхнаасаа бодлогогүй хандсаны л үр дагавар л даа. - Тухайлбал? - Энэ том объектыг барьж байгуулж байж гэрээн дээр маш хариуцлагагүй хандаж. Манайх энэ асуудлыг шийднэ. Анх энэ төслийн ажлыг Японы тал болон Монголчууд хийх ажил гэж хуваасан. Японы тал гэрээгээ биелүүлчихсэн байхад Монголын тал 20-30 хувийн гүйцэтгэлтэй л явж байна. Нисэх онгоцны ангар, газрын үйлчилгээний объект, оффис, катерингийн үйлчилгээ байхгүй байна. Уг нь энэ бүгдийг хөнгөлөлттэй зээлээр иж бүрнээр нь шийдчихсэн байсан бол хүндрэл учрахгүй байлаа. Онгоцны буудал ашиглалт орлоо гэхэд ажилчдын байр, сургууль, цэцэрлэг гээд төлөвлөлтөө шийдээгүй нь харамсалтай. Хамгийн гол нь нисэх буудлыг ашиглалтад оруулахын тулд гол гол объектуудыг цогцоор нь шийдэж, хийхгүй бол хүнд байдалд орно. Үүнээс гадна онгоц шатахуунаар цэнэглэх систем гэхэд л Монголд өмнө нь ашиглаж байгаагүй систем барьчихсан байгаа юм. Газар доогуур 40 см-ын бүдүүн хоолойгоор шатахуун шахаж онгоцоо цэнэглэхээр тооцож хийсэн. Өдөрт ойролцоогоор 100 онгоц цэнэглэх үед л хэрэглэдэг систем юм байна. Одоо энэ бэрхшээлүүдийг давахын тулд концессоор л дутуу барилгуудаа гүйцээх эрэл хайгуул хийж байна. Менежментийн асуудал бас бий.
- Таны ярилцлага, мэдээллээс харахад хот, аймаг хооронд ачааны терминал байгуулахаа мэдэгдсэн байсан. Хэзээ эхлүүлэх гэж байна?
- Өнөөдрийн байдлаар ачаа тээврийг хувийн хэвшлийнхэн 100 хувь үүрээд явж байна. Өдийг хүртэл тэднийг төрөөс бодлогоор дэмжиж, зохицуулалт хийгээгүй учраас өөрсдийнхөө бор зүрхээр л явж байна. Иргэд, олон нийт Нарантуул зах, авто вокзал ч юм уу, энэ тэнд зогсож, эсвэл зараар л ачаа бараагаа тээвэрлүүлж байна. Тийм учраас 21 аймагт ачааны терминал гэж заавал байх ёстой. Зун нь хөргөлттэй, өвөл нь дулаан агуулах байлгахаас авахуулаад хаягжуулах, сав баглааг шийдэх, баталгаатай найдвартай байх гээд терминалын үүрэг их. Ингэснээр аль ч түвшинд үүрэг хариуцлага дээшлээд ирнэ.
- Баруун аймгуудыг хатуу хучилттай замаар холбох боломж санхүүгийн хувьд ойрын үед байна уу?
- Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ ажил тусгагдсан. Одоогоор 6 аймаг хатуу хучилттай замаар холбогдоогүй ч ирэх 4 жилд энэ ажлыг хийнэ. Хамгийн гол нь бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлээр барих боломжийг судална. Зарим төсөл хөтөлбөрийн хэмнэгдсэн хөрөнгө, гадны зээл тусламж гээд эх үүсвэрийг хайж байна.
- Ер нь зам тээврийн салбар их хэмжээний хөрөнгө шаарддаг. Эргээд удаан хугацааны дараа өгөөжөө өгдөг. Ийм салбарт, эдийн засгийн энэ хүнд цаг үед нааштай харах хөрөнгө оруулагчид хэр байгаа бол?
- Хөрөнгө мөнгөгүй гэсэн бэрхшээл ганц зам, тээврийн салбарт тулгараад байгаа юм биш л дээ. Бүх салбарт адилхан байна. Тиймээс ч бид дотоодын хөрөнгө оруулагчдаа, үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Автозам дээр тухайлбал УБ-Дарханы замыг дөрвөн эгнээтэй болгож шинэчлэх ажлыг Засгийн газар дэмжээд, танилцуулах үүрэг өгсөн. Хувийн хэвшлийнхэнтэй уулзаад явж байна. Тэд ч хөрөнгөө гаргая гэсэн. Тэгэхээр дотоодынхоо бүтээгдэхүүн, нөөц боломжийг ашиглаад явах боломж байна. УБ-Дарханы замыг шинэчлэхэд 30 сая долларын битум хэрэгтэй гэж байгаа. Тиймээс дотоодынхоо компаниудыг дэмжиж, дотоодын цементээр барихаар төлөвлөж байна. Үүнд Азийн Хөгжлийн банк санхүүжүүлж болохоо урьдчилсан байдлаар мэдэгдсэн. Төмөр замын тухайд Хятадын аж ахуйн нэгжүүдтэй ярилцаж байна. Тавантолгой-Сайншанд хүртэлх төмөр замыг барихад Японы талд санал тавьж, эхний ээлжинд уурхай түшиглэж барих төмөр замд хөрөнгө олохоор төлөвлөөд байна.
- Өмнө нь түүхий эдийн үнэ өндөр, эдийн засаг нааштай байхад хөрөнгө оруулагчдыг саналаар нь уралдуулдаг, тэднийг “гүйлгэдэг” байлаа. Энэ арга өөрчлөгдсөн үү?
- Бид хуулиараа л явна. Мэдээж нэг компанийн араас гүйгээд байгаа юм байхгүй. Тендер, концесс гээд хууль дүрмээрээ л явна. - Танд баярлалаа.
Эх сурвалж.MNB.mn
 
Эх сурвалж : mnb.mn