Та энэхүү ярилцлагыг УНШИЖ, ҮЗЭЖ бас СОНСОЖ болно.
Стандарт хэмжээ биш аюултай хэмжээнээс 6 дахин ихэссэн талаар ярьж байна
ДЭМБ-аас агаар дахь хорт бодисын хэмжээний дээд хязгаарыг 501 хэмээн заажээ. Гэтэл Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг газар 3000 хүртэл зааж байх юм. Энэ тохиолдолд эдгээр газарт оршин сууж байгаа иргэдийн эрүүл мэндэд ямар бодит аюул заналхийлж байгааг хэлж өгнө үү?
Агаарын найрлагат байх ёсгүй бодисууд эсвэл түвшнээсээ хэтэрсэн бодисуудыг бохирдуулагч бодис гэдэг. Манай улсад голлох зургаан бодисыг авч үздэг. Агаарын бохирдлыг үүсгэгч бодисууд анхдагчаар, хоёрдогчоор агаарын бохирдлыг үүсгэдэг. Анхдагч гэдэг нь тэр бодис өөрөө, хоёрдогч гэдэг нь энэ бодисууд хий болон шингэн төлөвт ороод агаар бохирдуулж бидэнд харагдаж байгаа. Эдгээрийг аваад хэмжээг нь тодорхой томъёололд оруулаад агаарын чанарын индексийг гаргадаг. Энэ нь монгол улсын гадаад орчны стандартын дагуу 200-аас дээш байвал эрсдэлт бүлэг буюу жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд зэрэг хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлж эхэлнэ гэж үздэг. Нийт иргэд гадаа удаан хугацаагаар байхад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь 400-аас дээш. Харин нийт иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай нь 500-аас дээш болж таарч байгаа юм. Агаарын чанарын индекс 200-аас дээш тохиолдолд олон улсын протоколд заасны дагуу амны хаалт зүүх, гадаад орчинд удаан байж болохгүй, агаар шүүгч хэрэглэх хэрэгтэй гэх мэт мөрдөх ёстой арга хэмжээний дараалал бий. Мөн нийтэд энэ талаар сэрэмжлүүлэг гаргаж байх ёстой. Баянхошуунд хэд хэдэн удаа ойрын хугацаанд агаарын чанарын индекс нь 3000 дөхөхийг бид харсан. Энэ бол стандарт хэмжээ биш бүр аюултай хэмжээнээсээ 6 дахин ихэссэнийг бид ярьж байна. Тэгэхээр эрүүл мэндэд маш их сөрөг нөлөө үзүүлж байгаа.
Удаан хугацаа гэдгийг та ямар хугацаа гэж хэлж байна?
Агаарт байгаа бохирдуулагч бодисын хэмжээ нь багаар удаан хугацаанд үйлчлэх юм бол нэлээн өндөр тунгаар богино хугацаанд үйлчилсэн хоёрын нөлөөлөл нь адилхан болж таарна. Гэтэл бид маш өндөр доозоор удаан хугацаанд буюу арав гаруй жил хордон амьдарч байна. Тэгэхээр удаан хугацаа хэтрээд маш удаан хугацаа болсон.
Та түрүүнд “гадаа удаан байж болохгүй хэмжээ нь 500-аас дээш” гэсэн. Тэгэхээр энэ “удаан” гэдэгт хэр хугацаа орж байна вэ гэж асууж байгаа хэрэг. Жишээ нь, Баянхошуунд хүүхдүүдээ хөтлөөд хашаанаасаа гараад цэцэрлэг хүртэл нь алхаж байна. Тэр хүмүүс хашаанаасаа цэцэрлэг, эсвэл автобусны буудал хүртэлх тэр хугацааг тийм ч удаан гэж бодохгүй байх шиг?
Маш их бохирдолтой байхад гадаа хэдхэн минут байхад л хүний дотор муухай оргих гэх мэтээр хордлогын шинж тэмдэг өгөөд эхэлнэ. Тэгэхээр хэдхэн минут ч гэсэн бид бохирдсон агаараар амьсгалмааргүй байгаа юм.
Хятадад байсгээд шар гэрэл асааж олон нийтдээ анхааруулга өгдөг. Сая бүр улаан гэрэл асааж зарим арга хэмжээг авлаа. Энэ ямар учиртай болохыг өөрийн улстай харьцуулаад үзвэл?
Хятадад өнөөдрийн байдлаар /2016 оны арванхоёрдугаар сарын 21-нд/ хятадын 70 хотод агаарын бохирдол өндөр түвшинд хүрсэн учир үйлдвэрүүд, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Салхи гарвал хориог тавина гэж ярьж байна.
Гэхдээ хорио тавих үед агаарын бохирдлын хэмжээ нь 200 байсан?
Протоколыг нь харахаар агаарын чанарын индекс нь 300-д хүрэхэд нэлээд айхтар хөдөлгөөнд ордог юм байна. Өчигдөр бас 300 гарсан. Гэтэл 300 хүрэхэд хөл хорио тогтоож байна гэдэг бидэнд тайвширч болохгүй гэдгийг анхааруулж байгаа хэрэг. Агаарын чанарын индекс стандартынхаа дагуу холбогдох арга хэмжээг нь авч, мөрөөр нь үйл ажиллагаа зохиож байх ёстой. Онцгой байдлын Ерөнхий газраас газар хөдлөлт, гамшиг ослын үед яах вэ гэдэг дүрэм протоколууд байдаг. Тэгвэл агаарын бохирдол дээр ийм тодорхой “гэрлийн систем” нэвтрүүлэх шаардлагатай. Хятадад шар эсвэл улаан гэрэл асвал юу хийх вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл манай улсад 2000 гарчихсан байхад протокол байхгүй учир юу хийх бол гээд бүгд зүгээр л хараад сууж байна.
Үүн дээр нэг зүйлийг анхааруулахад, манайх шиг хөгжиж буй улсад ДЭМБ-аас агаарын чанарын стандартын хэмжээг харьцангуй өндөр тавьж өгдөг гэдгийг ярьж байх хэрэгтэй. Хэдийгээр өнөөдөр агаарын чанарын индекс нь 50 дээр байгаа ч энэ нь ДЭМБ-ын хүлцэх хэмжээ гэдгээс хоёр дахин өндөр тоо. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөгдөх хэмжээ нь манай улсад 50 байлаа гэхэд ДЭМБ-ын хэмжээ нь 25 байдаг гэсэн үг.
Хэдийгээр агаарын бохирдол Зайсан хавьцаа арай бага, Баянхошуунд их гэх мэтээр янз бүр байгаа ч Улаанбаатарчуудад нийтлэгээр учирч буй аюул занал нь юу вэ?
Хүчилтөрөгч уушгинаасаа зүрхэнд хүрч бүх биеэр дамжаад тэжээл өгч байх ёстой. Энэ хангагдахгүй байна гэхээр хүнд хордлогын шинж тэмдэг өгнө, тархи толгой өвдөнө, эсэргүүцэл суларна, тархины болон зүрх судасны үйл ажиллагаанууд агаарын бохирдолд хамгийн мэдрэг учир үйл ажиллагаа нь доголдож эхэлнэ. Харшил, астма үүснэ. Уушгины архаг бөглөрөлт өвчин агаарын бохирдолтой зуузай холбон явж байна. Ханиад томууны жишээн дээрээс харахад улирлын томууг хүний дархлалын систем тэмцээд ялчихдаг байсан бол одоо агаарын чанартай холбоотой ханиад шуухниа эдгэхгүй, амархан хүндэрч, хатгаа болж байна. Миний санаа зовж явдаг бас нэг зүйл бол уушгины хавдар. Монголд зонхилон тохиолдож байгаа хавдруудыг эрэмбэлэхэд элэг, ходоодны хорт хавдрууд тэргүүлдэг. Гэтэл сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд уушгины хорт хавдрын өвчлөл нэмэгдсээр эхний гуравт орж ирлээ. Хүн эрүүл стандартын орчинд амьдарч чадахгүй байна гэдэг удах тусмаа архаг өвчлөл, хавдар үүсэх магадлалууд нэмэгдэж байдаг. Бид олон жил ийм муу агаараар амьсгалж байгаа учир уушгины хавдрыг агаарын бохирдолтой холбож ойлгохоос өөр ямар ч арга байхгүй. Өнөөдөр нэмэгдэж байгаа уушгины хавдрууд агаарын бохирдолтой холбоотойгоор барахгүй хоёр, гурван жилийн дараа хавдрын тэргүүлэх байранд орж ирнэ.
Эхлээд крантаа хаацгаая
Бид арван жил хорт утаагаар амьсгаллаа. Тэгвэл хорин жилийн дараа Улаанбаатарт ямар үе бий болох вэ?
Агаарын чанар нөлөөлдөггүй эрхтэн тогтолцоо гэж байхгүй. Жишээ нь, дээд мэдрэл буюу сэтгэн бодох үйл ажиллагаа. Агаар бохирдуулагч бодисын нэг нь хар тугалга. Хар тугалга хүүхдийн сэтгэн бодоход болон сурлагат нь шууд нөлөөлнө. Ийм өндөр агаарын бохирдолтой холбоотойгоор арав, хорин жилийн дараа ч биш одоо хурц нөлөөллүүд гарч эхэлсэн. Хурц нөлөөлөл гэдэг нь амьсгалын замын, зүрх судасны архаг хууч өвчтэй хүмүүсийг нас баралтанд хүргэж байна. Архаг нөлөөллийн хувьд ирээдүйд үр хүүхдүүдийн маань сурлагын амжилт буурна, дээд мэдрэлийн үйл ажиллагаанууд суларна. Уушгины хавдар болон бусад төрлийн хавдруудад нөлөөлнө.
Сэтгүүлчид эмч нараас ярилцлага авах гээд “утаатай холбоотойгоор хүүхдийн хатгалгаа нэмэгдлээ” гэхээр “утаатай холбоотой юм биш. Зарим тохиолдолд эцэг, эхчүүдийн хайнгаас болж хүүхдээ алдаж байна” гэх зүйл ярьдаг. Эндээс “эмч нарт утаанаас болж хүүхдүүд үхэж байна гэж хэлж болохгүй” гэх чиглэлийг харьяа яам, газраас нь өгдөг юм биш байгаа гэх хардлага надад төрдөг. Тийм заавар, чиглэл өгдөг үү. Би таныг илүү нарийн мэдээлэл дунд байгаа хүн болов уу гэж ингэж асууж байгаа хэрэг?
Тийм ямар ч яриа, чиглэл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Эрүүл мэндийн салбар гэдэг яавал иргэдээ өвчлүүлэхгүй байх вэ, яавал хурдан эмчлэх, хүндрүүлэхгүй байх вэ гэдэг зорилттой хүмүүс. Өвчин эмгэгийн хувьд өвчний шалтгаан гэж бий. Бактер, вирусаар үүсгэгддэг, эсвэл иргэдийн хариуцлагагүй байдлаас бий болдог гэдэг ч юм уу. Тэр өвчин эмгэгийн шалтгааны шалтгаан гэж бий. Нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл. Бид энэ хоёрыг хольж болохгүй. Томуу А вирусээр үүсгэгддэг бол шалтгааны шалтгаан болоод байгаа агаарын бохирдлын улмаас хүндэрдэг. Тэгэхээр томуу агаарын бохирдолтой холбоотой гэдэг нь тийм шинэ сонин зүйл байхаа больсон.
Ойролцоогоор хэдэн жилийн дараа утаа арилдаг биш юм аа гэхэд багасах тооцоо байгаа вэ?
Улстөр, нийгэм, эдийн засгийн цогц дэмжлэг, шийдэл шаардсан, бодлого хэрэгжүүлэх ёстой ажил болов уу. Хувь хүний хувьд боддог нэг зүйл бий. Утааг эхлээд бууруулна гэхээсээ өмнө нэмэгдүүлэхгүй байх зорилгыг тавих ёстой. Өнөөдөр биднийг шаагилдаад санаа зовоод, хохироод байж байхад яндангийн тоо нэмэгдсээр л байгаа. Айлууд өрх тусгаарлаж байна, аймаг орон нутгаас нүүж ирж байна. Жижиг, дунд бизнесүүд нам даралтын зуухны яндангийн тоог нэмж байна. Хуучин автомашин байнга нэмэгдэж байна. Энэ бүхэн одоо байгаа нөхцөл байдлыг улам дордуулаад байгаа. Тийм учир миний санаагаар бол эхлээд хамгаалалтын арга хэмжээг авах ёстой. Ус алдаад байвал крантаа хаахгүйгээр усыг мянга арчаад нэмэргүй. Эхэлж крантаа хаачихаад дараа нь усаа арчих бусад арга хэмжээг авах хэрэгтэй. Агаарын бохирдлын шалтгаан тодорхой. Гэр хороолол, автомашины утаа, дизель хөдөлгүүрээс гарч байгаа хорт хийнүүд, цахилгаан станц, тоосжилтын асуудал. Бүгд дээр нь нөхцөл байдлын үнэлгээ хийгээд крантаа хаах хэрэгтэй. Нийслэлийн захиргааны түвшинд, тухайн засаг захиргааны нэгж яаралтай арга хэмжээг, зоригтой авах боломжтой гэж харж байна.