-Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Мөнгөний бодлогын хүрээнд Монголбанк 2017 онд юуг зорьж байна вэ?
-Монголбанкнаас ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг аль болох хохирол багатайгаар, богино хугацаанд даван туулахад чиглэгдэхээр байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ нь макро эдийн засгийн эрсдэлийг бууруулах, улмаар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, үүнийхээ үндсэн дээр дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийг зорих юм.
Ирэх оны үндсэн чиглэлд авч хэрэгжүүлэх бодлогын зарчим, авах шаардлагатай ажлууд бий. Тухайлбал, нэгдүгээрт, гадаад эдийн засгийн аливаа болзошгүй огцом өөрчлөлтийн нөлөөллийг төгрөгийн гадаад валюттай харьцах уян хатан ханшийн бодлогоор шаардлагатай тохиргоо, зохицуулалтыг хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, төсвийн шинжтэй мөнгөний бодлогын үйл ажиллагааг хумиж, зах зээлийн зарчимд нийцүүлсэн арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх, гуравдугаарт, санхүүгийн системийн тогтвортой байдлын үнэлгээг олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, макро зохистой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Дөрөвдүгээрт, Монголбанкны бие даасан, хараат бус байдал, валют, үндэсний төлбөр тооцооны системийн зохицуулалтыг боловсронгуй болгохоор Үндсэн чиглэлийн төсөлд тусгаад байна.
-Инфляцын зорилт энэ онд долоон хувь байгаа. Өнөөдрийн байдлаар харин -0.6 хувьд хүрч, дефляци бий боллоо. Ийм нөхцөлд ирэх онд найман хувь гэж өмнөх зорилтын төвшинг нэмэгдүүлсэн нь ямар шалтгаантай вэ?
-Инфляцыг ирэх гурван жилийн хугацаанд найман хувиас хэтрүүлэхгүй гэж Үндсэн чиглэлд тусгасан. Өмнөх онд 6-8 хувь буюу дунджаар долоон хувь гэж байсныг найман хувь болгосон. Хэрэв төсвийн бодлого харьцангуй зөв чиглэлд өөрчлөгдөх буюу чангарах тохиолдолд мөнгөний бодлогоор эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бүрдэх болно. Энэ онд төсвийн бодлого ихээхэн тэлснээс ирэх онд үргэлжлэн тэлэх орон зай маш бага байгаа. Мөн нөгөө талаас төсвийн алдагдлыг өндөр хүүтэй өрөөр санхүүжүүлж байгаа нь төсвийн болон өрийн тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэл өндөр байна. Тиймээс төсвийн бодлого чангарах шаардлагатай болсон. Иймээс ирэх онд эдийн засгийн өсөлтийг дэмжихэд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх буюу мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх бодлогын орон зайг бий болгохын тулд үндсэн зорилтыг найман хувь болгон нэмэгдүүлсэн.
-Монголбанк жил бүр мөнгөний бодлогын үндсэн чиглэлд ханшийн уян хатан тогтох зарчмыг баримтална гэдгийг тусгаж өгдөг. Гэсэн хэдий ч Монголбанк ханшид ямар оролцоотой байх вэ гэдэг дээр эдийн засагчид өөр өөр байр суурьтай байдаг. Тэгэхээр ханш яагаад уян хатан тогтох ёстой вэ гэдгийг та тодотгож өгнө үү?
-Валютын ханшийн тогтолцооны сонголт нь манай эдийн засгийн бүтэц, санхүүгийн боломжоос хамааран тодорхойлогддог гэж хэлж болно. Тухайлбал, Монгол Улсын хувьд урсгал данс байнга алдагдалтай байдаг буюу санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр дутмаг, гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай. Тийм учраас бид хөрөнгө, санхүүгийн дансыг хаалттай эсвэл ямар нэг байдлаар хязгаарлалт тавих боломж ихээхэн бага. Тэгэхээр манай улсын хувьд хөрөнгө чөлөөтэй урсах нь эдийн засагт илүү үр өгөөжтэй. Нөгөө талаас зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших хугацаанд Монгол Улс ханшийг тогтмол төвшинд барихуйц хэмжээний хангалттай нөөцийг бүрдүүлж байгаагүй. Эндээс хангалттай бус валютын нөөцтэй, хөрөнгийн чөлөөтэй урсгалыг хүлээн зөвшөөрдөг бусад орнуудын адилаар манай оронд ханш тогтмол байх боломжгүй юм.
Нөгөөтэйгүүр, манай орны хувьд хэрэглээний импорт өндөр, үйлдвэрлэлд импортын орц өндөр байдаг. Тэгэхээр экспортын бус бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн хувьд импортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, ялангуяа огцом өсөлт хүндхэн тусдаг. Иймээс ханшийн огцом хэлбэлзлийг Монголбанк зөөлрүүлэх, ялангуяа улирлын шинжтэй, богино хугацааны гадаад валютын нийлүүлэлтийн дутагдлаас үүссэн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх шаардлага үүсдэг. Энэ зорилгоор Монголбанк гадаад валютын захад оролцох бөгөөд бусад тохиолдолд Монголбанк ханшийн уян хатан тогтох зарчмыг баримталдаг.
-Мөнгөний бодлогын үндсэн зорилт буюу инфляцийг гурван жилээр тодорхойлсон байгаа. Сүүлийн хоёр жилд инфляцын зорилтыг ингэж урт хугацаагаар томъёолдог болсон. Үүний шалтгаан юу вэ?
-Өнөөдөр гаргасан мөнгөний бодлогын шийдвэр эдийн засагт маш олон хүчин зүйлээр дамжиж, тодорхой хугацааны дараагаар эдийн засагт, инфляцад нөлөөлдөг. Мөнгөний бодлогын хэрэгслүүд нь зах зээлд суурилсан, хамгийн богино хугацаатай санхүүгийн захын хүүнд эхэлж нөлөөлөхөөр тодорхойлогддог. Төсвийн бодлого шиг эдийн засагт шууд нөлөөлдөг хэрэгсэл байхгүй. Хамгийн богино хугацаатай хүүнд эхэлж нөлөөлж улмаар банкуудын хадгаламж, зээлийн хүүнд нөлөөлөхийн тулд багагүй хугацаа шаардагддаг. Хадгаламжийн хүү өөрчлөгдсөнөөр хувь хүний хэрэглээ, хадгаламжийн, зээлийн хүү өөрчлөгдсөнөөр хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн шийдвэрт тус тус нөлөөлж, улмаар эдийн засгийн өсөлт, инфляцад нөлөөлөхөд нэг жилээс дээш хугацаа шаардлагатай болдог. Тийм учраас өнгөрсөн жилээс эхлээд Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцын зорилтыг дунд хугацаанд буюу гурван жил хүртэлх хугацаагаар тодорхойлж байгаа. Мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөө гарч дуусаагүй байхад бодлогын үндсэн зорилт өөрчлөгдөөд байвал мөнгөний бодлогын хэрэгжилт дээр нийцэхгүй байдал үүсэх эрсдэлтэй.
-Мөнгөний бодлогод тусгагддаг бас нэг зүйл нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийг сайжруулах. Ирэх онд санхүүгийн системийн талаар Үндсэн чиглэлд тодорхой ямар зүйл заалт тусгагдсан вэ?
-Эдийн засгийн өсөлт саарч, идэвхжил буурахаар зах зээлийн эрсдэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн борлуулалт, орлого буурч, зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгддэг. Иймээс санхүүгийн секторын тогтвортой байдлын үнэлгээг олон улсын байгууллагатай хамтарч хийнэ. Үүнийхээ үндсэн дээр цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдгээ тодорхойлох чиглэлтэй байна. Мөн гадаад валютын дотоодын зах зээлийн дэд бүтцийг ил тод, үр ашигтай болгох чиглэлээр тодорхой ажлуудыг Санхүүгийн зохицуулах хороо, бусад байгууллагатай хамтарч хийхээр мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд оруулсан.
-Жилийн жилд төсвийн бодлого мөнгөний бодлоготой уялдахгүй байна гэх шүүмжлэл өрнөдөг. Одоо өргөн бариад буй Мөнгөний бодлогын үндсэн чиглэл төсвийн бодлоготой хэрхэн уялдаж байна вэ?
-Хэрэв төсвийн бодлого тэлж, инфляцыг өсгөх нөлөө үзүүлээд эхэлбэл, мөнгөний бодлого автоматаар хумигдах чиглэл рүү явдаг. Тэгэхээр энэ маань харилцан уялдаатай хэрэгжиж байгаа бодлого гэсэн үг. Ирэх оны тухайд төсвийн бодлогод тэлэх орон зай харагдахгүй байгаагаас харахад мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нөхцөл бүрдэх байх гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн тогтвортой байдал, өрийн тогтвортой байдлыг хангахын тулд төсөв хумигдах шаардлага үүсээд байгаа. Хэрэв алдагдлаа өрөөр санхүүжүүлэн нэмэгдүүлбэл төсвийн тогтвортой байдал, өрийн тогтвортой байдал алдагдах эрсдэл нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх болно. Тиймээс төсөв хэдий хэмжээгээр хумигдана, тэр хэмжээгээр мөнгөний бодлогод тэлэх орон зай үүснэ.
Эх сурвалж : Ардын эрх сонин