-Та тайзан дээр маш олон жил амьдарч байгаа дуучин. Тэр ч утгаараа таны алхам бүрийг хэвлэлийнхэн анаж байдаг. Харин сүүлийн хэдэн сар та ямар ч чимээ аниргүй байлаа шүү дээ?

-Тэглээ. Зунаас хойш сонсогч, фэнүүдтэйгээ уулзсангүй. Хэвлэл мэдээлэлд ч ярилцлага өгсөнгүй. Нээх сайхан эрх дураараа амарлаа. /Инээв/

-Хаагуур, юу хийж амрав?

-Өө, хаа сайгүй. Зун Францад очиж усан үзэмний баярт нь оролцлоо. Ямар сайхан баяр болдог юм бэ. Би өмнө нь яагаад анзаардаггүй байсан юм бол гэж гайхсан шүү.

-Таныг хамгийн сүүлдИх-8-ын тоглолтын тайзан дээр л харлаа. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн хуучны дуунуудыг тань сонсч, тэр цаг үедээ очих сайхан байлаа?

-Тийм ээ, чиний хэлдгээр сүүлдИх-8-ын тоглолтод л оролцлоо. Дуулах дуугаа цахим хуудсаараа дамжуулж сонсогч, фэнүүдээсээ асуусан.

-Яах аргагүй та бидний амьдарч байгаа энэ цаг үеийн салшгүй нэг хэсэг болчихсон юм шиг ээ?

-Маш их баярлалаа. Хорин хэдэн жил дуулчихсан дуучны хувьд арга барил, хоолойн задрал, цар хүрээ маань очих газраа очсон гэж бодож байна.

-Хүлээн зөвшөөрч байна. Бас та 29-хөн насандаа Зууны манлай эстрадын дуучин болж байлаа. Дуучин хүнд байх ёстой бүхий л шагналыг, бүр тэрнээс сайхныг нь таныг хүртсэн гэж боддог. Та миний ярьж байгаатай санал нийлэх үү?

-Тийм.

-Гэхдээ нэг хэсэг Сараа тайзаа орхихоор болсон тухай мэдээлэл цацагдаж, бүр тайзнаас буух тоглолтоо хүртэл хийж байсан санагдах юм?

-Тийм ээ.

-Тухайн үед зүгээр л шоу хийж байсан хэрэг үү?

-Наад асуултад чинь маш тодорхой хариулья. Дуучин хүнд дуулахгүй үе гэж байдаг. Хэлсэн үгээ буцааж авах тохиолдол ч гарна.

-Ойлголоо. ИнгэхэдNew star-ын хамт олон студийнхээ 10 жилийн ойд зориулан гаргасанМиний өглөө, бидний өглөө дууны аяыг дуучид маань өөрсдөө зохиосон гэж сонссон юм байна?

-Тэгсэн.

-Үнэхээр сонирхолтой санагдсан шүү?

-Тийм ээ, бидэнд ч их сонирхолтой байсан. Хөгжмийн зохиолч С.Гантөр маань бидэнд нэг иймэрхүү ая байх ёстой гэж хэлснээс яг ямар ая зохиохыг нь зааж өгөөгүй. Би л гэхэд зөвхөн дууг нь дуулах юм байна гэж бодоод очсон. Үнэхээр гэнэтийн сонин зүйл болсон л доо. Бид өөр өөрсдийнхөө дуулах хэсгийн аяыг зохиосон. Манай рок, попынхон ч гэсэн аялгуу сайтай хүмүүс байдаг юм билээ. Ялангуяа манай С.Сэрчмаа байна. Өөрөө хөгжимчин хүн болоод ч тэр үү маш мэдрэмжтэй хандсан. Хаянаа маань яг өөрийнхөө стилээр дуулж байх жишээтэй.

-Таны хувьд шүлгэнд ая зохиосон анхны тохиолдол байв уу?

-Тэгж ойлгож болох юм. Гэхдээ биМөнгөн харандаа хамтлагт байхдааБүтэн сайны нэгэн өдөр дууны аяыг зохиож байсан. ТүүнчлэнЧи миний таньдаг хүн гэдэг дууны нэгээхэн хэсгийнх нь аяыг зохиож байсан санагдана. Үнэнийг хэлэхэд ая зохиож байхад болохгүй нь юу байх вэ гэж бодогдсон шүү. /Инээв/

-Ингэхэд дуучин Б.Сарантуяа сонсогч, фэнүүдтэйгээ шинэ дуу, шинэ цомог, шинэ тоглолтоороо хэзээ уулзах гэж байна вэ?

-Удахгүй уулзана аа.

-Удахгүй гэхээр шинэ уран бүтээлдээ хэдийн орчихсон гэсэн үг үү?

-Тийм ээ. Өнөө маргаашгүй шинэ цомгийнхоо ажилд орох гэж байна. Сонсогч, фэнүүдтэйгээ цоо шинэхэн хоёр цомогтой уулзах болно. Нэг нь орчин үеийн поп дууны цомог. Нөгөөх нь этник маягийн, гадаадын орнуудад тоглолтоор явахад зориулагдсан. Өөрөөр хэлбэл гадны үзэгчдэд зориулсан цомог юм.

-Үнэхээр шинэ мэдээ байх чинь. Гадныханд зориулсан цомогт ямар өнгө аястай дуунууд багтах бол?

-Монгол эмэгтэйн шинжийг магтан дуулсан, өнгө аясыг илтгэсэн цомог байх болно.

-Шинэ цомгийн ажилд тань амжилт хүсье. Таныг бас бяцхан хүүхдүүдэд зориулсан шинэ студи байгуулахаар ажиллаж байгаа гэж сонссон?

-Тийм ээ. Одоогоор байрны асуудал шийдэгдээгүй байгаа. Шинэ студиэ болж өгвөл хүүхдүүдтэй ойрхон газар байгуулахаар төлөвлөж байна. Монголын хүүхдийн ордны дэргэд ч юм уу, яг хаана байгуулахаа шийдээгүй явна. Гэхдээ энэ бол зүгээр нэг хүүхдийн студи биш л дээ. Студийнхээ хажууд найрал дууны ч юм уу дугуйлан хичээллүүлэх болно.

-Студидээ та өөрөө багшлах уу?

-Хэлж мэдэхгүй байна. Бараг л тийм байх аа.

-Хүүхдүүдэд зориулсан студи байгуулна гэснээс гурван хүүхдийнхээ боловсролд хэр анхаарч байна вэ?

-Хүүхдүүд маань жаахан байна. Тэднийгээ эх орондоо хэрэгтэй хүн болгохыг хүсдэг. Хэнд ч хэрэггүй мэргэжил битгий сонгочихоосой. Ямар ч гэсэн бусад хүүхдүүдийн адил дээд боловсрол эзэмшүүлнэ. Хүүхдүүд маань өөрийн гэсэн эзэмшсэн мэргэжилтэй байхад л болно. Хамгийн гол нь тэд маань өөрийгөө олоосой. Тэгэхгүй бол дургүйд хүчгүй гэгчээр нэг сургууль төгсчихдөг. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилладаггүй залуус олон байна шүү дээ.

-Тэр ч тийм шүү. Эх хүний хувьд үр хүүхдүүддээ юуг илүү захиж, сургадаг вэ?

-Би нэг зүйлийг байнга л захьдаг. Худлаа ярьж, хулгай хийж, хүн хуурч болохгүй гэж. Бас цагийг үр бүтээлтэй ашиглаж, ягштал баримталж сайн сурах хэрэгтэй гэж зөвлөдөг. Одооны хүүхдүүд цагийг ямар ч үр бүтээлгүй дэмий өнгөрүүлж байгаа харагдах юм. Жишээ нь дөнгөж сургуулиасаа ирчихээд телевиз үзэж, компьютер их тоглож байна. Эцэг эхчүүд нь ч адилхан. Энд тэнд л утсаа оролдсон хүмүүс болж. Эсвэл сонин сэтгүүл эргүүлээд суучихна. Нэг гэрт амьдардаг хэрнээ нэг нэгэнтэйгээ юм ярьдаггүй, бараг уулздаггүй болж шүү дээ. Миний хувьд хүүхдүүдтэйгээ хоол идэхдээ зурагтаа унтраадаг. Тэгээд ярилцдаг. Ном унших хэрэгтэй. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг биз дээ. Юм үзэж нүд тайлах хэрэгтэй гээд л.

-Үглэж өгөх үү?

-Тийм ээ. /Инээв/ Явж явж манай гурав их авьяастай. Дуулна, бүжиглэнэ. Би ч хүүхдүүддээ хөгжих ямар л боломж байна тэр орчинг нь бүрдүүлж өгөхийг хичээж аль болох чөлөөтэй хөгжих боломжийг нь бүрдүүлдэг. Орчин үеийн хүүхдүүд маш дэвшилтэд технологиор амьдарч байна. Ямар ч хүүхэд толгойгоо л сайн ажиллуулдаг байх хэрэгтэй. Дээр нь овсгойтой байх ёстой. Хүүхэд бүр онц сурах албагүй. Харин эх орондоо хэрэгтэй, үндсэрхэг үзэлтэй хүн болоосой.

-Ингэхэд та хүүхэд насаа тэр бүр дурсаад байдаггүй. Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн юм бэ?

-Би хүүхэд насаа санадаггүй. Олигтой ч хүүхэд нас байлуу даа. Ярихыг хүсэхгүй байна. Гагцхүү хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй шиг хүүхэд насаа гоё, сайхан дурсамжтай үлдээхийн тулд өөрсдөө хичээж, олон зүйл хийх хэрэгтэй.

-Ярихыг хүсэхгүй байгаа бол асуухгүй ээ. Тантай уулзсаных нэг зүйл асуулгүй өнгөрч болохгүй байх?

-Юу тэр вэ.

-Та өнгөрсөн хаварРомео Жульетта мюзикль жүжигт Өрлөг эхийн дүр бүтээсэн шүү дээ. Бас түүгээрээГэгээн муза хүртсэн?

-Үнэхээр гайхалтай. Тийм сайхан мюзикль жүжигт тоглосондоо баяртай байдаг. Одоо ч гэсэн хамтран тоглосон бүх уран бүтээлчиддээ баярлалаа гэж хэлье.Гэгээн муза-г авч ирсэн шүү дээ. /Инээв/

-Мюзикль жүжигт тоглох хэцүү байв уу?

-Огтхон ч үгүй. Би Монгол Улсын гавьяат жүжигчин. Тийм болохоор үзэгчдийг эзэмдэх ёстой ч гэдэг юм уу, тийм бодол байгаагүй. Мюзикль жүжигт тоглож байгаа үед чи зөвхөн Өрлөг эх. Өөрийгөө хэн, хэдэн настайгаа ч мартах хэрэгтэй. Найруулагчийн хэлсний дагуу хамт олонтойгоо нэг хүн болж ажиллана. Эртний үед очих надад сайхан байсан. Үнэхээр гоё.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж : Olloo.mn