БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаатай холбогдуулж Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг олон улсын гэрээгээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй. Өөрөөр хэлбэл энэхүү мэдээлэл нь ташаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдэв.
Хоёр улсын иргэд харилцан зорчих асуудлыг Иргэд харилцан зорчих нөхцлийн тухай Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу зохицуулдаг. Энгийн паспорттай хятад иргэд Монгол Улсын виз авах шаардлага хэвээр мөрдөгдөж байгаа.
Сүүлийн үед зарим хувь хүмүүс олон нийтийн сүлжээг ашиглан гадаад бодлого, хоёр улсын харилцаатай холбоотой асуудлаар хариуцлагагүй, худал мэдээлэл түгээж, улмаар ард иргэдийг бухимдуулах, хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй мэдэгдэл хийж байгаа тул иргэд та бүхэн эдгээр мэдээллийг сайтар нягталж, зөвхөн албан ёсны эх сурвалжийн мэдээлэлтэй танилцаж байхыг тус ГХЯ-наас анхаарууллаа.