Улсын хэмжээнд 270 гаруй мянган хүүхэд сургууль дээрээ үдийн цай ууж байна



УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар  нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулиудаар орж “Үдийн цай” хөтөлбөрийн чанар, хүртээмж ямар байгаатай танилцсан.

Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу эхлээд нийслэлийн тавдугаар сургуульд ажиллав. Уг сургуулийн гал тогоо зориулалтын бус, дээр нь халуун хоол үйлдвэрлэх орчин нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангахгүй учир сурагчдад өгдөг үдийн цайны халуун хоол ундыг бэлтгэхэд мэргэжлийн хяналтын байгууллага хязгаарлалт тавьжээ. Тиймээс сурагчдад халуун хоол өгдөггүй болсон байна. Үүнд эцэг эхчүүд гомдол гаргаж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ханджээ. Энэ талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “Газар дээр нь танилцахад эцэг эхчүүдийн гомдол үндэслэлтэй байна. Хүйтэн сэрүүн, ханиад томууны улирал таарч байхад хүүхдэд халуун, амин дэм, илчлэгтэй хоол унд өгөх нь зүйтэй юм. Үүнд сургуулийн захиргааны зүгээс санаачилгагүй байдал нөлөөлжээ. Бэлэн байгаа газраа өргөтгөж өргөтгөл барих бүрэн боломж байна, шаардлагатай зардлыг төсөвт тусгуулах талаар УИХ-ын гишүүдэд хандаж болох байсан”  хэмээн ярилаа.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Газар дээр нь ирээд харахад энэ гал тогоонд 1600 хүүхдэд хүргэх халуун хоол унд бэлтгэх ямар ч боломжгүй нь харагдаж байна. Гэхдээ ийм байртай гээд сургуулийн захиргаа гараа хумхиад сууж болохгүй. Бүр гал тогоогүй хэрнээ өөр байгууллагатай гэрээ хийж, сурагчдадаа халуун цай, унд өгдөг сургууль байдаг. Тиймээс сургууль бүрийн удирдлага санаачлагатай байж,  гол нь хариуцлагаа ухамсарлаж, үр хүүхдийнхээ төлөө сэтгэл гаргах хэрэгтэй” хэмээн ярив. Тэрбээр мөн “Үдийн цай” хөтөлбөрийн чанар, хүртээмжид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Сургуулиуд бие даан тендер зарлаж хүнсний материалаа авах эрхгүй, Нийслэлийн өмчийн харилцааны газрын шалгаруулсан байгууллага, аж ахуйн нэгжтэй харилцдаг учир шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлэх тал байдгийг хэлж, цаашид үдийн цайны чанар, ялангуяа зорилтот бүлгийн хүүхдэд зориулж нэг өдрийн цайны өртгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” хэмээн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүдийг тус сургуульд ажиллаж байхад дөрөвдүгээр ангийн сурагчид үдийн цайгаа ууж таарсан. Энэ өдрийн үдийн цайнд 150 грамм орчим чацарганы шүүс, зөөлөн боорцог өгч байлаа.

Хүүхдүүддээ амин дэмтэй хоол унд өгөхөд хэцүү байна

УИХ-ын гишүүд дараа нь Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор сургуульд очсон. Тус  сургууль зориулалтын гал тогоогүй ч сурагчдад халуун хоол, ундаар үйлчилдэг байна. Хоолны нэр төрлийн хувьд баяжуулсан бантан, бууз, ногооны зутан, шөл, халуун аарц, чацаргана зэрэг амин дэм,  илчлэгтэй хоол унд сурагчдадаа өгөхийг хичээдэг тухайгаа сургуулийн захирал Н.Өлзийсайхан ярилаа. Захирал яриандаа  “Нэг хүүхдэд нэг өдөр үдийн цайнд зарцуулах өртөг 610 төгрөг байдаг. Энэ мөнгийг нэмэгдүүлбэл цайны чанарт ахиц гарна. Одоо энэ мөнгийг дээд зэргээр хэмнэлттэй, зөв зарцуулахад ч хүүхдүүддээ амин дэмтэй хоол унд өгөхөд хэцүү байна гэдгийг онцолсон.

“Амгалан” цогцолбор сургуульд ажилласан УИХ-ын гишүүн Саранчимэг нэг хүүхдэд нэг өдрийн үдийн цайнд  610 төгрөг зарцуулахаар зааж төсөвт суулгаж өгсөн нь чамлалттай байгааг хэлж, цаашид нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Д.Саранчимэг сургуулийн удирдлагуудаас үдийн цайны чанар, хүртээмжийг сайжруулахад санаа оноогоо нээлттэй хэлж, шийдвэрлүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай гэдгийг хэллээ.  

Улсын хэмжээнд 270 гаруй мянган хүүхэд сургууль дээрээ үдийн цай ууж байна

Үдийн цайнд 1-5 дугаар ангийн сурагчид хамрагддаг бөгөөд улсын хэмжээнд 270 гаруй мянган хүүхэд сургууль дээрээ үдийн цай ууж байгаа юм.

2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулж “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын хэмжээнд жилд 24,5 тэрбум төгрөг шаардагддаг бөгөөд уг мөнгийг жил бүр төсөвт суулгадаг байна.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл хоолны чанар гэдгийг аль аль талдаа хэлж байв. Мөн сургуулиуд зориулалтын гал тогоогүй учир олон хүүхдэд хэрэгцээт амин дэм, шим тэжээлтэй хоол бэлтгэж өгөхөд эрүүл ахуйн дэглэм зөрчигдөж, халдварт өвчин гарах эх үүсвэр болох учир үүнээс сэргийлж, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр зарим сургуулийн гал тогоонд халуун хоол үйлдвэрлэхийг хязгаарласан ч энэ шийдвэр эцсийнх гээд суулгүй, дор бүрнээ хариуцлагатай, санаачлагатай хандаж, бүхий л боломжийг судлан хэрэгжүүлж, хүүхдэд ядаж өртөгт нь таарсан чанартай хоол унд бэлтгэж өгөхөд сэтгэлээ зориулах ёстойг УИХ-ын гишүүд онцолсон.

Улсын хэмжээнд зориулалтын гал тогоотой 350, харин зориулалтын бус гал тогоотой 259, огт гал тогоо байхгүй 40 сургууль байгаа юм.

Эх сурвалж : УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ