Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, тус байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан нар “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцтай танилцахаар “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллалаа.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрөөс иргэдийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 253 дугаар тогтоолоор Орон сууцны санхүүжилтийн корпорацын нэр болон дүрмийг өөрчилж, хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх замаар “Төрийн орон сууцны корпораци” /ТОСК/ нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.
Уулзалтын эхэнд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл мэдээлэл хийсэн юм. Тус Байнгын хороонд иргэдээс ирүүлж буй өргөдлийн дийлэнх хувь байгаль орчныг хамгаалах мөн иргэдийн ахуйн амьдралтай холбоотой асуудал байдаг. Үүнд олны талархалыг хүлээж байсан түрээсийн орон сууцны хөтөлбөр зогссон явдал юм. Иргэд уг хөтөлбөр зогссон шалтгаан болон энэ ажил хэвийн үргэлжлэх эсэх талаар мянга орчим өргөдөл ирүүлээд байна. Иймд Барилга, хот байгуулалтын яам болон Төрийн орон сууцны корпораци салбарынхаа хэрэгжүүлж буй бодлого болоод хийж байгаа ажлаа танилцуулна уу гэлээ.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талаарх танилцуулгыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй хийсэн юм. Тэрээр, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 248 дугаар тогтоолоор баталсан ба уг хөтөлбөрийг эхлүүлэх Засгийн газрын шийдвэр 2016 оны 2 дугаар сард гарсан. Барилга, хот байгуулалтын яам уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг баталсан бөгөөд уг журамд орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн нөхцлийг хангаж чадахгүй байгаа буюу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувь нь бүрдээгүй, бага, дунд орлоготой иргэд хамрагдахаар тусгасан байна. Үүнд, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настнууд, залуу гэр бүл буюу 2016.01.01-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 нас хүртэл эхнэр, нөхрийг энэ бүлэгт хамруулахаар заажээ. Түүнчлэн хувийн хэвшлийнхэн, төрийн албан хаагчид, гэр оронгүй иргэд, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Уг ажлын хүрээнд 2016 оны 4 дүгээр сараас эхлэн “Төрийн орон сууцны корпораци”-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 5500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4000 төгрөг/, нэг байр 30-50 метр квадрат байхаар тусгажээ. Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгав. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртэлх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх юм.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м2 талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 м2 хүртэл хэмээн өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хурадлаанаар ипотекийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасч байгаагаас “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг орон нутагт баригдсан 70 м2 хүртэл талбайтай 360 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлээд байгаа юм байна. Эдгээр орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, хамруулах ажил одоогоор эхлээгүй байна.
Цаашид “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2016-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглахаар төлөвлөж байгаа гэлээ.
Танилцуулга сонссоны дараа Байнгын хорооны гишүүд асуулт асууж, тайлбар авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд уг байрыг өөрийн болгож болох эсэх мөн бэлэн болж буй 360 айлын орон сууцыг иргэдэд шуурхай хүргэх ямар төлөвлөгөө байгаа талаар тодруулсан юм. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй хийсэн тайлбартаа, энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх боломжтой бөгөөд хөтөлбөрт хамрагдсан иргэд төлбөр барагдуулсан тохиолдолд уг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэх буюу хувьчилж авах боломжтой. Түүнчлэн 972 айлын орон сууцыг энэ жилд ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан газар, түрээсийн орон сууц, цэцэрлэг зэрэг нийгмийн чухал асуудлуудыг азын сугалаагаар шийдвэрлээд байдаг нь зохимжгүй юм. Иймд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт “азын сугалаагаар” хамрагдах бус уг хөтөлбөрт хамрагдах иргэдийн судалгаа хийсэн эсэх талаар тодруулсан юм. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй хийсэн тайлбартаа, анх энэ хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоо олон байсан учир нийгэмд хардлага төрүүлэхгүйн мөн шудрага зарчмаар хамруулах үүднээс “сугалаа”-гаар явагдсан гэлээ. Харин Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн цаашид "сугалаа" зарчмыг халж, хөтөлбөрт хамрагдах иргэдийн хүсэлтийг Нийслэлд шилжүүлэх төлөвтэй байгаагаа дуулгасан юм.
Ингээд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл бэлэн болсон 360 айлын түрээсийн орон сууцыг иргэдэд шуурхай олгох чиглэл өгснөөр өнөөдрийн уулзалт өндөрлөсөн юм.
Эх сурвалж : УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс