Даяаршил болон чөлөөт худалдааг дэмжиж байгаагаа Хятад улсын дарга Си Зиньпин илэрхийлэхийн сацуу АНУ-ын баримталж буй худалдааг хамгаалах бодлогыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэнээр тэрбээр улс орондоо улс төрийн томоохон халаа сэлгээ хийхийн өмнө өөрийгөө дэлхийн хэмжээний удирдагч болохыг харуулахыг оролдож байна.
Даяаршлыг бүү буруушаа!
Өчигдөр Швейцарийн Давос хотноо эхэлсэн Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Си Зиньпин үг хэлэхдээ “худалдааны дайнаас хэн ч хожихгүй” онцлон дурджээ. Тэрбээр Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулахыг уриалсан АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампыг буруушаасан байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдэхүүлэхэд даяаршил түлхэц болсоор байгаа бөгөөд өнөөдөр дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, тухайлбал дүрвэгчдийн хямрал, ажилгүйдэл, баян ядуугийн ялгаа газар авч байгаа зэрэгтэй даяаршил огт холбоогүй гэж Си хэлээд “бидний өмнө тулгамдаж буй хамгийн том сорилт, зорилт бол дэлхийн эдийн засгийг хүндрэлээс гаргах явдал юм” гэжээ.
Тэрбээр даяаршилд Хятад улсын үүрэг нөлөө ихээхэн байгааг хэлээд “сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 хувийг манай улс дангаар хангасан” гэжээ.
Мөн тэрбээр “БНХАУ-ын хаалга хэзээд нээлттэй байх болно” гэж хэлсэн нь Азийн чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг байгуулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргана гэсэн санааг илэрхийлж байна. АНУ тэргүүтэй улс орнууд бүс нутгийн эдийн засгийн тусгай эвсэл байгуулахыг эрмэлзэж байгаа талаар тэрбээр хэлэхдээ “Хятад улс тусгай, тархай бутархай бүлгүүд байгуулахыг эсэргүүцдэг” гэжээ.
Юанийн ханшийг сулруулж, валютын дайн дэгдээх замаар худалдааны өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг Хятад улс зорьж байна гэж Д.Трамп зэрэг хүмүүс хэлснийг Си Зиньпин үгүйсгэн няцаажээ. Хятад улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд саарч байгааг тэрбээр хүлээн зөвшөөрөөд “эрсдэлд орох”-оос урьдчилан сэргийлэхийн тулд эрэлт ба нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал зэрэг асуудлыг шийдвэрлэх болно гэсэн байна.
Далд шалтгаанууд
Өнгөрсөн жилүүдэд Хятад улс эдийн засгийн бодлогыг хариуцдаг Ерөнхий сайд эсвэл Шадар сайдаа Давос руу илгээдэг байсан.
Харин энэ удаад БНХАУ-ын дарга Си өөрөө Давосыг зорьсон нь Хятадын улс төр, эдийн засгийн бодлогуудыг эрс шүүмжилдэг Трамп энэ баасан гарагт тангараг өргөх гэж буй завшааныг ашиглаж байна гэж шинжээчид дүгнэлээ.
Си Зиньпин Д.Трампаас илүү гарахын тулд "эдийн засгийн нээлттэй бодлого баримтлах нь чухал болохыг" онцлон тэмдэглэжээ.
Гэхдээ БНХАУ өөрөө худалдааг хамгаалахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлсээр байна. Гадаадын автомашин үйлдвэрлэгч компаниуд зөвхөн хамтарсан үйлдвэр барих замаар Хятадын зах зээлд нэвтэрдэг бөгөөд Хятадын тал тухайн үйлдвэрийн хувьцааны наад зах нь 50 хувийг эзэмшдэг аж.
Мөн Хятадын эрчим хүч, харилцааны холбооны салбаруудад төрийн мэдлийн корпорациуд ноёрхдог байна. Түүнчлэн БНХАУ-тай дипломат маргаан үүсгэсний хариуд тухайн улс орнуудын компаниудад хориг тавьж, үйл ажиллагааг нь хязгаарлах арга хэмжээ авдаг нь Хятадын Коммунист намын хувьд ердийн үзэгдэл юм.
Хятадад томоохон хуулийн фирмд ажилладаг Америкийн нэгэн иргэн Давосын форумын үеэр Сигийн хэлсэн үгийг ёжлон “Коммунист намын удирдагч АНУ-ын худалдааг ивээх бодлогын эсрэг мессэж илгээж байна” гэж хэлжээ.
Энэ намар болох ХКН-ын их хурлын үеэр намын удирдлагын түвшинд халаа сэлгээ хийх гэж байгаатай холбоотойгоор өөрийгөө удирдах чадвартай гэдгийг олон улсын тавцанд ард иргэддээ нотлон харуулахыг Си оролдож байна гэж зарим шинжээч үзэж байгаа юм.
Өнгөрсөн даваа гарагт Коммунист намын “People's Daily” сонинд гарсан нэгэн нийтлэлд “хямралаас зайлсхийх арга замыг Си Зиньпин Давосын дэлхийн эдийн засгийн форумын үеэр олно” гэжээ. Сигийн хэлснээр, 2016 онд Хятадын эдийн засаг 6.7 хувиар өссөн бололтой.
Д.Трампын шилжилтийн багийн төлөөлөгч Давосын форумд оролцож байгаа бөгөөд Хятадын төлөөлөгчидтэй уулзаж магадгүй байна.
Си Зиньпин өнөөдөр НҮБ-ын Европ дахь байранд зочилж, саяхан ажлаа хүлээж авсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Маргарет Чан, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах нартай уулзах ажээ.