АН-ын Үндсэн дүрмийн дагуу намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгийг өнөөдөр Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлэв.
Тус намын даргын сонгууль болон гишүүдийн шинэчилсэн бүртгэл орон даяар өрнөж байна. Гишүүдийн бүртгэл өнөөдрийн 24.00 цагт албан ёсоор дуусах бол намын даргын сонгууль энэ сарын 29-нд болно. Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар АН-ын 116 мянга 800 гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамарч, 1200 төгрөгийн татвар төлжээ. Энэ үзүүлэлт тогтвортой өсч байгаа бөгөөд бүртгэл дуусахад 120-125 мянган хүн бүртгүүлж, намын даргын сонгуульд оролцох урьдчилсан дүн гарчээ. Орон нутагт цаг агаар хүйтэрч, зарим газар цас их орсонтой холбогдуулан гишүүдийн зүгээс бүртгэлийн хугацааг хойшлуулах хүсэлт ирүүлжээ. Уг хүсэлтийг АН-ын удирдлагууд хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, “Олон нийтийн сүлжээ буюу Фэйсбүүк, мэдээллийн цахим хуудсаар АН-ын даргад нэр дэвшигчийн үнэлгээ, дэмжигчийн тоог гаргах санал асуулга явж байна. Цахим хуудсын санал асуулга бол тухайн сайтын админ өөрөө нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг гаргаж болохоор программчлагдсан байдаг. Тиймээс хэн нэгний төлөө ажилладаг, нэр дэвшигчийг хагаралдуулах, зөрчилдүүлэх зорилго агуулж байж мэдэх юм. АН-ын зүгээс албан ёсоор ямар нэгэн санал асуулга явуулаагүй, явуулахгүй тул гишүүдийг дээрх мэдээлэлд итгэхгүй байх нь зөв.
Бид гадаадын улс төрийн хүчнүүдийн намын даргаа сонгох дүрмийг судалсан. Гадаадын улс төрийн хүчнүүд намын даргад өрсөлдөгчид нэг нэгнийгээ муулах тохиолдол байдагч сонгуулийн дараа улс орноо хөгжүүлэхийн тулд нягт хамтран ажилладаг. Тиймээс АН-ын даргад нэр дэвшигчийг аливаа асуудалд хүлээцтэй, буурь суурьтай хандаж, сонгуулийн дараа улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна” хэмээв.
Түүнчлэн АН-ын Үндсэн дүрмээр намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй юм. Намын дарга УИХ-ын сонгуульд амжилт гаргасан тохиолдолд Ерөнхий сайд болдог тул шинээр сонгогдсон дарга Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй хэмээн онцлов.
Намын даргын сонгууль зохион байгуулах хорооны дарга Ж.Оюунбаатар, “Нэр дэвшигчид одоогоор нийслэлийн хоёр дүүрэг, найман аймагт сурталчилгаа хийсэн. Зохион байгуулах хорооны зүгээс сонгуулийг шударга, ил тод, нээлттэй явуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Шинэчилсэн бүртгэл дууссаны дараа саналын хуудсыг хэвлэхээр төлөвлөж байна” гэлээ.
Энэ үеэр сэтгүүлчид АН-д шинээр элссэн гишүүдийн тоо болон зарим нэр дэвшигч нэрээ татсан гэсэн мэдээллийн талаар тодруулав. Шинэчилсэн бүртгэл хараахан дуусаагүй байгаа тул шинэ гишүүдийн тоо гараагүй байгаа бөгөөд намын даргад өрсөлдөгчид нэрээ татаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.