Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгуулж, цаашдын хамтын ажиллагаагаа баталгаажууллаа.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар Эрүүл мэндийн сайдтай гэрээ байгуулснаар эрүүл мэндийн хууль тогтоомж, УИХ, ЗГ-ын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх Засгийн газрын чиг үүргийг нийслэл, орон нутагтаа төлөөлөн хэрэгжүүлэх юм. Түүнчлэн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын санхүү, хөрөнгө оруулалтын төсвийг захиран зарцуулах эрхийг тус гэрээгээр Засаг дарга нарт шилжүүлэн өглөө.
Гэрээг байгуулах үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засаг дарга нарт хандан, Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад онцгой анхаарч тусламж, үйлчилгээнд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, мөн нэгдсэн удирдлагаар хангаж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг захилаа.
Энэ удаагийн гэрээ нь Эрүүл мэндийн яам 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан нийгмийн эрүүл мэндийн тусамж, үйлчилгээг өргөжүүлэн, хүн амын өвчлөл, эндэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг гэр бүл, хамт олон, аж ахуйн нэгж байгууллага, салбар дундын оролцоонд тулгуурлан бууруулахад чиглэснээрээ онцлогтой байгаа юм.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан эрүүл мэндийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудыг арга зүй, зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангаж, гэрээний үр дүнг яамны өмнө хариуцах юм.
Түүнчлэн эх, хүүхдийн эндэгдлийг бууруулсан Засаг даргад урамшуулал олгох талаар тус гэрээнд тусгажээ.
Харин ЭМЯ-ны зүгээс гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд зохицуулах, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авч, харилцан уялдаатай ажиллах юм.