Налайх дүүргийн тав дугаар хорооны нутаг дэвсгэрт хонь малын гоц халдварт цэцэг өвчин гарсан байна. Тав дугаар хорооны Дархан ноёны худаг гэх газарт өвөлжиж буй өрхийн хоёр хонь өвчин туссан байдалтай байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 23-ны өдөр ирж “Бөх-Мо” мал эмнэлэгийн эмч нар 399 хонинд үзлэг тандалт хийж үзэхэд 51 хонинд малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарласан байна.
Улмаар нийслэлийн Мал эмнэлгийн газрын халдвартын их эмч Ц.Гантөмөр нэгдүгээр сарын 24-ны өдөр ирж тав дугаар хороонд ажилласан аж. Сэжигтэй тохиолдол илэрсэн 15 хониноос дээж авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээнд өгөхөд хонь малын гоц халдварт цэцэг өвчин болох нь тогтоогджээ.
Иймээс дүүргийн Онцгой комисс яаралтай хуралдан, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Тус дүүргийн Засаг дарга энэ сарын 24-нд голомт гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоох захирамж гаргасан. Мөн өнгөрсөн 23-25-ны өдрүүдэд нийт 1762 хонинд үзлэг тандалт хийснээс 173 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрчээ.
Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд Онцгой байдлын хэлтсээс найман албан хаагч, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиас 15 албан хаагч, Эрүүл мэндийн нэгдлээс гурван эмч ажилтан, Мэргэжлийн хяналтын хэлтсээс нэг, Цагдаагийн хэлтсээс хоёр алба хаагч, “Бөх-Мо” мал эмнэлгээс дөрвөн эмч, нийт хүн 33 үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор голомтын бүсэд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байгаа бөгөөд вакцинжуулалтын ажлыг үе шаттай хийх юм.
Үүнээс гадна тус газарт Зэвсэгт хүчний ангиуд байрлаж байгаа юм. Тухайн хэсэгт гурван постыг байрлуулан хөдөлгөөнт эргүүлээр хяналт тавьж ажиллаж байна.
Тус бүс нь зорчигчдийн хөдөлгөөн ихтэй газар учраас орж, гарч байгаа хүн, машинд ариутгал, халдваргүйжилтийг хийж, хөдөлгөөнийг нэвтрүүлж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.