УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлав.
Хуулийн төсөлд цэргийн байгууллагад 25 жил ажиллаж тэтгэвэр тогтоолгосон иргэн энгийн байгууллагад ажиллаж, нийгмийн даатгал төлсөн бол ажилласан жил тутмыг цэргийн байгууллагад 6 сар ажилласантай тэнцүүлэн тооцож, тэтгэврийн нэмэгдэл олгоно. Харин цэргийн байгууллагад 25 жилээс удаан буюу тэтгэвэрт гарснаасаа хойш үргэлжлүүлэн алба хаасан бол илүү ажилласан жил тутмыг 1.5 хувь, сар тутмыг 0.125 хувиар тооцож, тэтгэврийн нэмэгдэл олгохоор заажээ. Хуулийг хэрэгжүүлэхэд жилд 260.2 сая төгрөг, сард 20 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн Засгийн газар танилцуулгадаа дурьджээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос ирүүлсэн байна. Уг саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлгээр батлав.