УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс “1995-2015 оны Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, түүний зарцуулалт, Нийгмийн даатгалын сангийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.
Асуулгын хариуг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хийсэн юм.
Сайд Н.Номтойбаяр, "1997 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулж байгаа. Арилжааны банкинд байршуулсан хадгаламжийн хүүгийн орлого 2006 онд 1,4 тэрбум төгрөг байсан бол 2015 онд 56 тэрбум төгрөг болж 40 дахин нэмэгдсэн байдаг. Цаашид нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг зохистой, үр өгөөжтэй байршуулах зорилгоор хэд хэдэн чиглэлийн ажил авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд, сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулахдаа тухайн банктай хийх гэрээний явцыг ил тод болгох, хөрөнгө байршуулах үйл ажиллагааг тооцоо судалгаанд суурилуулах, хадгаламжийн хүүг төвбанкны бодлогын хүүтэй уялдуулах зэрэг арга хэмжээг авч байна. Хууль тогтоомжийн хүрээнд дотоодын хяналтын бүтцийг ажиллуулж байгаа ба гурван байцаагчтай холбоотой гэмт үйлдлийг тогтоосон. Энэ хүрээнд хууль хяналтын байгууллага 85,7 сая төгрөгийн зөрчил илрүүлж, төлбөр барагдуулах шийдвэр гаргаснаас 71,8 сая төгрөгийг Нийгмийн даатгалын санд буцаан төлүүллээ. Одоо 13,9 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Цаашид Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй нийцүүлж, салбарын багц хуулийн шинэчлэлийг хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлсэн” гэлээ.
Сайдын мэдээллийн дараа гишүүд зарим асуудлыг тодруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, "Нийгмийн даатгалын санд үлдэгдэл хэд байна вэ. Цаашид хэрхэн захиран зарцуулах гэж байна вэ" гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, "Арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулж байсан сангийн хөрөнгийн хүүгийн хэмжээг 6 функтээр буюу 15 хувь болгож өсгөсөн. Ингэснээр мөнгөн хөрөнгийн хуримтлал нэмэгдсэн. Мөн нийгмийн даатгал төлөгчийг бодлого шийдвэрт оролцуулж байх үүднээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Ажил олгогч эздийн холбоо, Ахмадын холбоо зэрэг байгууллагын төлөөллийг оруулсан. Цаашид нийгмийн даатгалын багц хуулийг хаврын чуулганаар хэлцүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Тэтгэврийн зөрүүг арилгана гэсэн амлалт намууд өгдөг. Энэ хүрээнд тодорхой алхам хийж байна уу. Өнөөдөр манай ахмадууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тэтгэвэр өгч байна. Тэгсэн хэрнээ насны хишиг олгоно гэдэг. Ийм зохилдолгоогүй байж болох уу. Үүний зэрэгцээ нийгмийн даатгалын сангийн мөнгийг иргэд хянах боломжтой юу” гэхэд сайд Н.Номтойбаяр, "Нийт таван сан байдаг. Гэтэл тэтгэврийн сан алдагдалтай яваа. Гэхдээ бид тэтгэврийг цаг хугацаанд олгож байгаа. Үлдсэн дөрвөн сан алдагдалтай нь ч бий, ашигтай яваа нь ч бий. Тэтгэврийн дундаж 306 мянган төгрөг. Ихэнх ахмадууд энэ жишгийн тэтгэвэр авч байгаа. Насны хишгийг урт удаан насалсных төлөө олгож байгаа юм. Түүнээс тэтгэвэртэй уялдуулж ойлгох хэрэггүй. Нийгмийн даатгалын санг арвижуулья гэж байгаа таны санал зөв. Гэхдээ улстөрчид өнөөдөр эрсдэл үүсгэж байгаа энэ үед эрсдлээ тооцдог байх хэрэгтэй" гэсэн тайлбар хийв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, “Нийт хүн амын 30 хувь нь даатгалд хамардаг, 70 хувь нь даатгалд хамардаггүй. Гэтэл нөгөө 30 хувиас бүрдсэн хөрөнгөө нийтэд хамаатуулдаг. Иймээс тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.