ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР



Өнгөрсөн долоо хоногт ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хэрэгжиж буй төслийн үр дүнг сайшаалаа

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши Монгол Улсад айлчилж, тус банкны санхүүжилтээр манай улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн болон хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү ажлынхаа явцад өнөөдөр Ноён Аюуми Кониши Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д зочилж “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”  (“ЭМСХХ-5”) төслийн хүрээнд тус төвд ханган нийлүүлсэн тоног төхөөрөмж, цусны албанд шинээр нэвтэрч буй технологиудтай танилцан, төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж сайшаалаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Элчин сайд нартай уулзлаа

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр  Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Элчин сайд Д.Билэгдорж, Бельгийн Вант Улсад суух Элчин сайд О.Оч нарыг хүлээн авч уулзаж, эдгээр улсуудтай эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Монгол Улсын Их хурал, Засгийн газар, ЭМЯ-ны санаачилга, Бельгийн Вант Улсын Засгийн газрын 100%-ийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Дорнод аймаг дахь Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг бэхжүүлж, Монгол Улсын хоёр дахь шатлалын загвар эмнэлэг болгон бүс нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 4.6 сая еврогийн хөрөнгө оруулалт бүхий төслийг 2008-2011 онд хэрэгжүүлснийг танилцууллаа.

Азийн хөгжлийн банкны төслүүд амжилттай үргэлжилж байна

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Газрын захирал ноён Аюуми Кониши болон түүний багийнхантай уулзаж ирэх жилүүдэд хамтран хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцлоо.

 Сайд хэлэхдээ Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд АХБ-ны оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж явдгаа тэмдэглэн хэлээд, 1997 оноос эхлэн хэрэгжсэн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” төслүүд үргэлжилж, өнөөгийн байдлаар АХБ-ны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр ЭМСХХ-IV, IV+, V төслүүд, мөн Техникийн туслалцааны 3 төсөл амжилттай хэрэгжиж байна гэв. Сүүлийн жишээ гэвэл, АХБ-ны дэмжлэгээр Цусны төвийн засвар үйлчилгээг хийж, банкуудыг байгуулснаар өнөөдөр олон улсын стандартын дагуу ажиллаж байна.

Түүнчлэн тэрээр Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ 2017-2020 онд АХБ-тай хамтран хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний саналыг ЭМЯ-ыхаа түвшинд ярилцаад ЭМСХХ-VI төсөл, Техникийн туслалцааны 2 төслийн саналыг Сангийн яамаар дамжуулан АХБ-нд өнгөрөгч 12 дугаар сард тавьсан талаар дурдаж, АХБ-ны зүгээс тус саналыг дэмжиж ажиллахыг хүслээ.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Самсунг Анагаах ухааны төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр  Бүгд Найрамдах Солонгос Улсын Самсунг Анагаах ухааны төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Эрүүл мэндийн яамны холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирал Ц.Лхагва нар байлцав. Уулзалтын эхэнд Самсунг Анагаах ухааны төвийнГадаад харилцааны хэлтсийн захирал Ноён И Сан Чол Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатад хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын Эрүүл мэндийн яам Самсунг Анагаах ухааны төвтэй 2011 онд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичиг, 2013 онд ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байгаа талаар танилцуулав.

Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулна

Эрүүл мэндийн яамны Эм үйлдвэрлэл технологийн газрын Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтэс, Азийн хөгжлийн банкны “Улсын эмнэлэгт боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах” техникийн туслалцааны төслийн баг хамтран “Чадавх бэхжүүлэх мэдээлэл солилцох” уулзалт, хэлэлцүүлгийг 2017 оны 01 сарын 25-26-ны хооронд зохион байгууллаа.

Уг уулзалт хэлэлцүүлэгт Эрүүл Мэндийн Яам, Сангийн яам, ТӨБЗГ-ын ХААХ, МХЕГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, АШУҮИС-ийн Эмзүй, биоанагаахын сургууль, Азийн хөгжлийн банкны “Улсын эмнэлэгт боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах” техникийн туслалцааны төслийн гадаад болон дотоодын зөвлөхүүд,  Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийслэлийн ЭМГ, Төв аймгийн ЭМГ төлөөллүүд оролцлоо.

ЗҮРХНИЙ НЭЭЛТТЭЙ МЭС ЗАСАЛ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРЛЭЭ

Улсын гуравугаар төв эмнэлэг нь зүрхний мэс зас заслын чиглэлээр Монгол улсын хэмжээнд лавлагаа тусламж үйлчилгээг  үзүүлдэг цорын ганц улсын эмнэлэг билээ. Тус эмнэлэгт сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 137301 үйлчлүүлэгчид зүрхний мэс заслын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо хийж, үүнээс 6643 өвчтөнг хэвтүүлэн эмчилснээс 3887 өвчтөнд зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд үүний 571 нь хүүхдийн зүрхний төрөлхийн болон олдмол гажигийн мэс засал эзэлж байна.Тус эмнэлэг 2016 онд зохиомол цусны эргэлттэй зүрхний нээлттэй мэс заслын тоог анх удаа 228 тохиолдолд хүргэлээ. Мөн зүрхний нээлттэй мэс заслын тоо анх удаа ийнхүү 228 тохиолдолд хүрсэн явдалд гадаадын өндөр хөгжилтэй орны тухайлбал Люксембургийн Зүрхний төвийн интервеншнл кардиологийн институт, БНСУ-ын “Зүрхний сан”, Ионсей Северенсе эмнэлэг болон Сөүлийн Их сургуулийн эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын профессорын багуудийн үүрэг роль туйлын ач холбогдолтой байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын баг гадаадын дээрх институтуудын багтай хамтран жилдээ 5-6 удаагын ажлын байран дээрх хамтарсан мэс засал-сургалт зохион байгуулж, дадлагажихын зэрэгцээ, дээрх багуудтай хамтарч жил бүр 20-30 хүүхдэд өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг үнэ төлбөргүй хийлгэх боломжоор ханган ажиллаж байна.

Эмийн үнэ, зохистой хэрэглээний талаар хэлэлцүүллээ

ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл технологийн газраас  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, эмийн үнэ, нянгийн эсрэг бэлдмэлийн зохистой хэрэглээ, чанар аюулгүй байдлын талаар хяналт, эм ханган нийлүүлэх байгууллага, эмнэлэгийн төлөөлөлтэй хамтран нээлтэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Нянгийн тэсвэржилтийн өнөөгийн байдал ,Эмийн үнийн судалгаа ,Эмнэлгийн эмийн сан-эмийн зохистой хэрэглээ, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн үзэл баримтлалд оруулах санал авах зэрэг сэдвээр мэргэжлийн байгууллагуудтайгаа зөвлөлдөв.

Нийдээ 40 гаруй мэргэжлийн байгууллагуудаас төлөөлөл оролцож харилцан санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгийн үр дүнд бүх оролцогчид төслөөс хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааны зорилго, зорилт болон эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд оруулах өөрчлөлтийн талаар тодорхой мэдээллүүдийг авсан юм.

Баянзүрх дүүргийн хүүхдүүд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаал гарсны дагуу 14 хоногийн өмнө Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хүүхдийн тасагт 30 орыг нэмэгдүүлэн нийт 46 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус тасгийн үйл ажиллагаатай газар дээр нь очин танилцлаа. Сайдын хувьд өөрөө эмч учраас залуу эмч нартаа зөвлөмж болох үүднээс чөлөө зав гарсан, ачаалал бага үедээ хэл сайн сурч, сургалтын заавар, зөвлөмжөө эргэн сайн уншиж байхыг захилаа. Мөн өвчтөндөө хэрхэн урьдчилан сэргийлж болох талаас нь байнгын зөвлөгөө өгч байх нь зүйтэй гэв.

“Нууцыг хамгаалах эрхзүйн зохицуулалт, анхаарах асуудал” сэдэвт сургалт болов

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлээр “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжиж 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмнэлгийн үйл ажиллагааны нэгдсэн програм хангамж, цахим өвчний түүхийг анх удаа шинээр нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.  

 Түүнчлэн УНТЭ- нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс “Сургалтын эмнэлэг”-ийн олон улсын загварт шилжин ажилласантай холбоотойгоор эрүүл мэндийн салбарт бэлтгэгдэж буй суралцагч эмч, сувилагч, оюутнууд нь тасаг, нэгжийн эмчийн болон сувилахуйн багийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, үйлчлүүлэгчийн ерөнхий мэдээлэл, өвчлөлийн мэдээлэл, лаборатори /шинжилгээ/ болон дүрс оношлогооны хариу, эмнэлгээр үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн даатгалын болон төлбөр тооцооны мэдээллүүдийг бүрэн авч ажиллаж байна.

Хүүхдийн амилуулах суурь тусламжийн зааварлагч эмч нарыг бэлтгэлээ
Эрүүл мэндийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Хүүхдийн амилуулах суурь тусламжийн зааварлагч бэлтгэх” (Provider and instructor course of Pediatric Basic Life Support) сургалтыг 1 дүгээр сарын 13, 16, 19, 20-ны өдрүүдэд 4 удаа зохион байгуулж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2 эмч, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 1 эмч, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 1 эмч, төслийн загвар аймаг болох Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс 2 эмч, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2 эмч нийт 8 эмчийг “Үндсэн зааварлагч”-аар, нийслэлийн дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн 8 эмч, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон өрхийн Эрүүл мэндийн төвийн 8 эмч, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сум дундын эмнэлгийн 8 эмч нийт 24 эмчийг зааварлагчаар бэлтгэлээ. 

УНТЭ ШИЛДЭГ СУДЛААЧДАА ШАЛГАРУУЛЛАА

УНТЭ өөрийн  судлаач эмч нарын дунд эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг хийлээ. Хурлын үеэр шилдэг судлаачдыг шалгаруулах уралдаан зарласны дагуу шилдгүүдээ тодруулсан юм.

Оюуны бүтээлээ шүүн тунгаалгах 17 эмчийн 16 эрдэм шинжилгээний ажлыг уралдуулан, тэдний  итгэлтэй танилцлаа. Бүтээлийг  нотолгоонд суурилсан байдал, үндэслэл, эмнэлзүйн ач холбогдол, монголд хийгдсэн, анх удаа судалгааны үр дүнгээ танилцуулж байгаад  ач холбогдол өгч шүүлтийг гаргаснаараа онцлог байлаа.

 

 
 
 
 
 

 

Эх сурвалж : arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ