Донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчинг бүрдүүлнэ



Өнөөдөр “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний орчин үеийн чиг хандлага ба тулгамдаж буй асуудлууд” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг ЭМЯ-нд болж байна.

ЭМЯ,  УНТЭ  хамтран донорын хүртээмжийг нэмэгдүүлэх, тархины үхэлтэй донорын оношлогоо, удирдлагын тогтолцоог нутагшуулах, эрхзүйн зохицуулалтыг хэлэлцэх зорилгоор холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан энэхүү  онолын мэдээлэл, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь энэ юм.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, УНТЭ-ийн ерөнхий захирал, АУ-ын доктор, дэд профессор Б.Бямбадорж, УНТЭ-ийн Эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан албаны дарга, HLA лабораторын эрхлэгч, АУ-ын доткор Ж.Саранцэцэг  болон салбарын мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

УНТЭ-ийн ерөнхий захирал, АУ-ын доктор, дэд профессор Б.Бямбадорж  энэ үеэр

“Донороос эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр бий болсон боломжийг цаашид үргэлжүүлэх энэ салбарт  шинэ технологийг нэвтрүүлж, эмч нарын ур чадварт  тулгаруулан  монголд нутагшуулж   ажиллах шаардлагатай байна.  Дөрвөн жилийн өмнө  донорын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахад  эрт байна гэж ярьж байсан бол өнөөдөр оруулах цаг нь болсон.  Манай анагаах ухаан тэр дотроо эрхтэн шилжүүлэн суулгах салбар  хурдтайгаар хөгжиж байгаа учраас донорын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлага байна гэж үзэж ажлын хэсэг байгуулан МУ-ын Засгийн газарт өргөн барьж  УИХ-д  хэлэлцүүлэгдэхээр болсон.  

Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын өгч байгаа зөвлөмжөөр  донороос эрхтэн шилжүүлэн суулгах нь сайн дурын үндсэн дээр  явагдаж байдаг. Энэ нь өөрөө хуулийн хэмжээнд зохицуулагдсан байдаг учраас бид Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэхээр болоод байна.  Гадны улс орнуудад донороос эрхтэн шилжүүлэн суулгах салбарыг хариуцсан Засгийн газрын тусдаа байгууллага ажиллаж байдаг. Бид ЭМЯ-ны харъяа Эрүүл мэндийн үндэсний төв дээр  Үндэсний хэмжээний үйл ажиллагаа  явуулах нэгж байгуулахыг хуулийн шинэчилсэн найруулгандаа зааж өгсөн . Сайн дураараа эрхтэний донор болсон хүмүүст  төр халамж үзүүлэх тал дээр халамжийн тухай хуулиар зохицуулагдаж явах юм” хэмээлээ.

УНТЭ 2006 оноос хойш нийт 177 өвчтөнд дэлхийн өндөр технологийн үр шимийг эх оронд нь  үзүүлсэн

Монгол улсын иргэд өмнө нь   эрхтэн шилжүүлэх  мэс заслыг  гадаад улс орнуудыг зорьж хийлгэдэг  байсан бол  2006 оноос хойш  монголд нутагшуулж эхэлсэн байна.  

Өнөөдрийн байдлаар 2006 оноос хойш 144 бөөр шилжүүлэн суулгах, 2011 оноос хойш нийт 30 гаруй элэг шилжүүлэн суулгах, 2014 оноос ясны чөмөг, үүдэл эс  шилжүүлэн суулгах мэс заслыг УНТЭ-ийн эмч нар амжилттай хийж, нийт 177 өвчтөнд дэлхийн өндөр технологийн үр шимийг эх оронд нь  үзүүлсэн байна.

Эдгээр технологийг манай эмч нар өөрсдийн практикт амжилттай нэвтрүүлэн олон улсын мэргэжил нэгт нөхөдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байна.  Тэд одоогоор тархины үхэлтэй найман донороос 12 өвчтөнд бөөр, 1 өвчтөнд элэг шилжүүлэн суулгасан нь донорыг өргөжүүлэх үйл ажиллагааны эхлэл болж байна.

 Өнөөдрийн байдлаар олон улсад баримталж буй чиг хандлага нь /ДЭМБ, Стамбулын деклараци, Мадридын тунхаглал/   “Тархины үхэлтэй донор”-оос эрхтэн шилжүүлэн суулгахыг зөвлөж байгаа ба амьд донорын аюулгүй байдлыг хангах шаардлагатай гэж үздэг аж.  Бүр олон улсад энэ чиглэлээр эрх зүйн зохицуулалт хүртэл хийгдсэн байдаг ажээ. Иймээс цаашид Монгол улсад энэ тотголцоог нэвтрүүлэх асуудлыг шийдэх нь цорын ганц , арга зам гэдгийг мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байлаа.

Дэлхийд 1 донороос 7 хүний амийг авардаг бол манайд 1 донороос 3 хүний амийг аварч байна

Дэлхийд 1 донороос 7 хүний амийг авардаг бол манайд 1 донороос 3 хүний амийг аварч байгаа бєгєєд энэ тоог  нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.

Өнөөдөр монгол эмч нар бөөр, элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж байгаа бол маргааш зүрх, нүдний эвэрлэг, нойр булчирхай, уушиг зэрэг архаг өвчний төгсгөлийн шатанд орсон өвчтөнүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулах зорилготой байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ