Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Монголын ард түмэн, Монголын Засгийн газар бодит зорилготой, явах тодорхой зүгтэй боллоо



Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө.

 

Тэрээр,

-Монгол төрийн түшээд, төрийн албан хаагчид Та бүхнийхээ энэ өдрийн  амрыг эрэн мэндчилье.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод 8 сар, манай Засгийн газар танхимаараа бүрдээд 7 сар гаруй болжээ.

Өнгөрсөн хугацаанд хийснээ, амжуулсан ажлаа харвал манай танхим субботникийн Засгийн газар байлаа гэж би хувьдаа дүгнэж байгаа. Энд би бүгдийг нь биш, гуравхан жишээ хэлье.

Нэгдүгээрт.

Манай улс сүүлийн дөрвөн жилд таван өөр төсөвтэй явж ирснийг нэгтгэж нэг төсөвтэй, санхүүгийн нэг дүрэм, сахилга баттай болголоо. Биднийг ажил авахад Монгол Улсын төсвийн алдагдал дэлхий олон орны хувьд тааруухан жишээ болгон яригдаж байлаа.

Энэ бол Монгол Улсын мөнгө, ард түмний төлсөн татварыг талаар нэг тарааж, хяналтгүй, дур зоргоороо цацаж ирсний гор юм. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, зорилго, зориулалтдаа ахадсан гоё сайхан нэртэй бондууд, концесс нэрийн дор ард түмний татвар, авчирсан зээл, хэвлэсэн  маш их мөнгөө ямар ч хяналт, тооцоо судалгаагүйгээр зарцуулж цацсан байна.

Жишээ нь 2012-2016 онд Архангай, Хөвсгөл аймгийн төвд автозам тавьжээ. Хөвсгөл аймгийн төвд долоон км замыг долоон тэрбум төгрөгөөр тавьсан байхад, үүнтэй яг адилхан нөхцөл, хэмжээтэй 7 км замыг Архангай аймагт 3 дахин их өртгөөр буюу 21 тэрбум төгрөгөөр тавьсан байх жишээтэй. Үүний зөрүү мөнгө хаачсан, хаашаа орсон бэ?  Увс аймагт гэхэд 8 тэрбум төгрөгийн өртөг бүхий замыг төр, засгийн  ямарч шийдвэргүй,  гэрээ хэлцэлгүй барьсан байна. Монголын төр шийдвэрээ гаргаагүй байхад 8 тэрбум төгрөгийн ажил хэний зөвшөөрлөөр, яаж гарав аа! 

Бид ажил авсны дараагаас эдийн засгаа сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүн ч гарсан. 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелж, алдагдалтай явсан  гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай, гадаад валютын нөөц сүүлийн 4 жилд мөн анх удаа  өсөлттэй гарсан нь манай Засгийн газрын хүлээж авсан хүнд үеийн хямарсан эдийн засагтай харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт юм. Энэ бол сэтгэл, зүтгэл байгаад гар, сэтгэл нийлбэл богино хугацаанд бага ч гэлээ эерэг үр дүн гаргаж болдгийн жишээ юм.  

Хоёрдугаарт

2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан. Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам. долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна.

 

Гуравдугаарт

Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн  нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана. Ингэснээр Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна. Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсынхаа төсөвт орно.

Манай Засгийн газрыг байгуулагдаж байх үед Тавантолгойн нүүрсний үнэ 27 ам.доллар байсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ одоо өсч байгаа нь үнэн. Гэхдээ нүүрсний үнэ өнөөдрийнхөөс ч өндөр байхад тонн нүүрсээ 33 ам. доллараар өгөөд сууж байсан 2 жилийн өмнөх алдааг давтах эрх бидэнд байгаагүй. Тийм учраас бид нүүрсний үнийн өсөлтөд бүхнээ даатган гар хумхин зүгээр суулгүй Тавантолгойн ордын нүүрс борлуулах дуудлага худалдааг ил тод, нээлттэй явуулж, үр дүнд нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр буюу нэг тонн нүүрсээ 72.5 ам.доллараар борлууллаа. Энэ бол үнийн өсөлтөөс гадна зөв менежмент үр дүн юм.  Цаашид ч өрсөлдөөний энэ зарчмаа баримтална. 

Сая дурдсан гурван ажлын эхлэл, бас түүх нь манай Засгийн газартай шууд хамааралгүйг та бүхэн мэднэ. Гэвч монгол төрийн залгамж чанараар эдгээр ажлыг нугалах, өр дарах менежментийг ч, субботникийг ч манай Засгийн газар хийж ард нь гарлаа.

Манай Засгийн газар ажлаа эхэлж байсан үетэй харьцуулахад бидний өмнөх замд гэрэл сүүмэлзэж, Монголын ард түмэн, Монголын Засгийн газар бодит зорилготой, явах тодорхой зүгтэй боллоо. Улсаа автомашинтай, эдийн засгаа шатахуунтай нь зүйрлэбэл асаад удчихсан бензинийх нь шар гэрэл унтарсан. Гэхдээ манай улсын эдийн засаг эмнэлгийн сэхээнээс гарч, ердийн тасагт шилжсэнээс бус,  хүнд үе нь дуусаагүй байна. Харин ч  шийдвэрлэх олон алхмын өмнөх босгон дээр бид байна.

Одоо  ачааны хүнд, ачааллын их нь монгол төрийн албат та бүхэн дээр эхэлж буух гэж  байна. Эдийн засгаа сэргээх,  эргэлтийн үеийн хамгийн хүндийг үүрэх их ажил, төр өөрөө бүсээ чангалахаас, төрийн албаныхан та бид хэмнэхээс, төрийн тансаглалыг зогсоохоос эхэлнэ. Эх орныхоо төлөө эр зориг гаргах, өргөсөн тангарагтаа үнэнч байж,  ард түмнийхээ өмнөөс тэвчээр заах ээлж монгол төрийн албатууд та бидний өмнө ирж байна.

Төр бол ард түмэндээ нийтэд нь үйлчлэх, нийгмийн зорилтот хэсгээ халамжлах үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлэх хүрээнд манай Засгийн газар ахмадууддаа 500 мянга хүртэлх төгрөгтэй тэнцэх "Насны хишиг" олгож байна. Одоо манай ахмадууд тэтгэврээ хүүтэй зээлэх биш, хүүгүйгээр урьдчилж авч болдог болсон.  Хувийн хэвшлээ дэмжиж импортыг орлох нэр бүхий дөрвөн салбарын аж ахуйн нэгжүүдийг нэг хувийн татвартай болголоо.

Оюутан залуус маань гэр бүлд нь хамгийн их дарамт болдог сургалтын төлбөрөө төгсөөд ажил хийж олсон орлогоосоо 10 жилийн турш цувуулж төлөх болзол бүхий сургалтын зээлийн сантай болсон.

УИХ-ын сонгуульд амлаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхийн Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж, "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлэх,  эхчүүдийн улсад ажилласан жилийг төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлж тооцохоор боллоо. Нийтийн төлөө, нийгмийн шинжтэй эдгээр арга хэмжээний зарим нь хэрэгжээд эхэлсэн.

Манай улс эдийн засгаа хямралаас гаргах ОУВС-ийн дэмжлэгтэй, хөтөлбөртэй, эдийн засгаа сэргээх, тогтворжуулах товлосон цаг хугацаатай болно.

ОУВС монголчууд бидний хувьд шинэ ойлголт, шинэ нэр биш. ОУВС Монгол Улсын эртний сайн түнш. Манай улсад олон удаа хөтөлбөр хэрэгжүүлсэн. Анх 1991 онд манай иргэд хувьдаа өмчгүй, хадгаламжгүй, дэлгүүрийн лангуунд давснаас өөр бараагүй байсан үед ОУВС  “Монголд хандивлагчдын хөтөлбөр"-ийг анх хэрэгжүүлсэн. Амжилттай хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрийн үр дүнд манай улсын эдийн засаг сэргэж,  хандив хүлээн авагч орноос хандивлагчийн эгнээнд шилжсэнийг бид мэднэ. Монголын эдийн засаг өнөөдөр гүн хямралтай байгаа ч гэсэн  бид эргээд хандив хүлээн авагч орон болтлоо уруудан доройтчихоогүй байна. Хамгийн сүүлд 2009 онд дэлхийн  эдийн засгийн хямралын үед ОУВС манай улсад  “Стэнд бай” хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Үр дүнд нь дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал дундаас Монгол Улс бараг ганцаараа эдийн засгийн 17  хувийн өсөлт үзүүлсэн. Өнгөрсөн түүхийг харахад санхүүгийн сахилга бат сайтай,  эдийн засаг нь өсөлттэй явсан он жилүүд болох Д.Бямбасүрэн, П.Жасрай, Н.Энхбаяр, С.Баяр, С.Батболд нарын Засгийн газрын үед манай улс ОУВС-гийн дэмжлэгийг авч, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.  Гэхдээ Монгол Улс өнөөдөр  ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар бүх юм сэргээд, тэндээс бөөн мөнгө гэнэт цутгаад, төсвийн алдагдлыг нөхөөд явчих юмшиг санавал эндүүрэл болно.  Хэдийгээр ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдлаа ч бидний саяхны мэдэх 17 хувийн өсөлт манай эдийн засагт ирэхэд дэндүү хол байна. Яагаад гэвэл өнгөрсөн жилүүдэд манай эдийн засаг унаж, хямарч болох хамгийн доод төвшиндөө хүртэл, үүнээс цааш газар үгүй болтлоо унасан. Тийм учраас манай Засгийн газар ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ цаг ямагт ухамсарлаж, алдах эрхгүйгээр ажиллах ёстой. Хямрал, өрийн энэ ангалаас бид өөрсдийн чармайлт оролдлогоор гарч, эдийн засгаа эрүүлжүүлэх, улмаар эргүүлэн сэргээхэд ОУВС-гийн дэмжлэг, хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй. Энэ боломж нь юуны түрүүнд ОУВС өөрийнхөө хөтөлбөрөөр Монголд хөрөнгө оруулагчдад баталгаа өгч байгаагаар эхний үр дүнгүүд харагдана. Гадаадын хөрөнгө оруулагчдыг  хуурч авчраад хөөдөг, хөрөнгийг нь улсад хурааж олон улсад найдваргүй түншид тооцогдсон ангиллаас Монгол Улс ОУВС-ийн батлан даалтаар гарах гэж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр сар, улирал, хагас жилийн дараа ОУВС ээлжит дүгнэлтээ гаргаж, Монгол Улсын засаглал, санхүү, банкны систем хэрхэн сахилгажиж, зөв урагшилж байгааг олон улсад тайлагнана.

Ингэснээр Монгол Улсын рейтинг, зээлжих зэрэглэл олон улсын санхүүгийн зах зээл дээр сэргэнэ, дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, хувийн хэвшлийнхний бизнес, ажил үйлсэд бодитой ахиц, эерэг өөрчлөлт гарч эхэлнэ. Манай танхим хөрөнгө оруулагчдаа хуурдаг, хөөдөг биш, харин эрх ашгийг нь хамгаалдаг Засгийн газар байх болно. Тийм үүрэг бүхий "Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл"-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд байгуулан ажиллуулж байна.

Монголд хөрөнгө оруулалтыг дуудаж авчрах боломж өнөөдөртөө зөвхөн уул уурхайд л байна. Газрын баялгаа хамтарч ашиглаж, тэндээсээ мөнгө олж л дутуугаа нөхөж, дундыгаа дүүргэнэ. Бидэнд баялаг нь байвч мөнгө, технологи байхгүй. Хожмын өдөр технологитой үлдэхийн тулд мөнгө хэрэгтэй. Хойч үе мөнгөтэй болохын тулд технологи сурах учиртай. Энэ гурван сонирхол гурвуулаа нийлэхээс л өөр замгүй. Хэрвээ манай улс дэлхийгээс мөнгө татаж хөгжих нь үнэн л юм бол бид дэлхийн стандарт бүхий төсөв, санхүүгийн дэг журамтай байх ёстой. Ийм стандартыг тогтооход ОУВС-гийн хөтөлбөр, хамтын ажиллагаа тус болно.

Монголчууд бид саалиа бэлдэхээр саваа бэлдэхийг эрхэмлэдэг ухаант ард түмэн. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалтыг “сааль” гэж үзвэл түүнийг шингээх “сав” болох таатай орчин нь дэлхийн стандарт бүхий төсөв, санхүүгийн дэг журам, сахилга бат юм. Газраа ухахын оронд боловсролоо хөгжүүлж, өндөр технологи нэвтрүүлж хөгжсөн нь  дээрээ гэж зарим нь ярьдаг.  Гэтэл иргэдээ боловсролтой болгоход их мөнгө, өндөр технологитой болгоход үлэмж их хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Тийм хэмжээний мөнгийг өнөөгийн нөхцөлд ганц  уул уурхайгаас л олно. Хүнээ эрүүлжүүлж сайхан амьдаръя, урт наслая, сайн эмч нар бэлдэе, гадаадад эмчлүүлэх гэж  хамаг хөрөнгөө  зөөдгөө больё гэж бүгдээрээ ярьдаг, үүнтэй санал нэг байна. Гэтэл агаар бохирдуулахгүйн тулд  хямд цахилгаан хэрэглэхээс эхлээд, эрүүл амьдрах, сайн эмч бэлдэхэд мөнгө хэрэгтэй. Тэр их мөнгийг бид 60 сая малаа  бүр 120 сая болгож шууд зараад ч олохгүй. Харин хөдөө аж ахуйгаа ашиг шимээ өгдөг шинэ цагийн бизнесийн салбар болгон хөгжүүлэх  нь манай улсын ирээдүйн орлогын найдвартай эх үүсвэр байх болно. Ингээд  л бидний бүх хүсэл мөрөөдөл бүхэн, сайхан зорилго болгон ганцхан  мөнгөн дээр ирээд гацаж байгаа бөгөөд мөнгөний эрэл нь уул уурхайн ирмэгт тулаад зогсож байна.  Уул уурхай нь орчин цагийн технологи, хүчирхэг хамтрагч нэхэж байгаа.

Өнгөрсөнтэйгөө холбохгүйгээр өнөөдрийг дүгнэх аргагүй, өнөөдрийн шалтгааныг өчигдрөөс эрэхээс өөр замгүй гэдэг. Өнөөдөр манай улс мөнгөгүйн зовлондоо  эдийн засгаа сэргээж чадахгүй байгаа бол, анх мөнгөтэйн зовлондоо цатгалдаж  одоогийн  хямралд хүрсэн нь гашуун үнэн. Үүнийг хувь заяаны шоглоом ч гэж болох. Өнөөгийн хямрал бидний эдийн засагч бус сэтгэлгээнээс үүдсэн хямрал юм. Хэдэн төгрөгний бараа хараад олсноо баруун, солгойгүй цацаж, хавьтсантайгаа муудалцан хүнээ байсан мулгуугийн үлгэрийг л бид давтсан.  Бид олсноо үрээд, хуваагаад дууссан ба эцэст нь хоосорсон эдийн засаг, улстөржиж талцсан олон түмэн хоёр л үлдсэн.

Гэхдээ “Өнгөрсөн түүхийн ололт ч миний багш, алдаа ч миний багш” хэмээн мэргэд сургасан.

Олон түмэн юуг илүүтэй хүсч байна вэ?.  Иргэд амьдралдаа сэтгэл хангалуун байна уу? гэдэг асуулт бидний өмнө байна. Төр мөнгөтэй байж гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эдийн засгийн таатай орчноос дутуугүй чухал өөр нэгэн хүчин зүйл бол нийгмийн шударга ёсны асуудал юм. Монголын ард түмэн шударга нийгэм, хүчтэй төрийг мөнгөнөөс илүүтэй хүсч байгааг би Ерөнхий сайдын хувьд ч, энэ улсын иргэний хувьд ч  мэдэрч байна. Энд би хүчтэй төр гэж олон зуун цэрэг цагдаагаар хамгаалуулах, хэн нэгэн рүү төрийн сүр хүчийг үзүүлэх тухай яриагүй ээ. Ардчилсан нийгэмд төрийн  хүч  олон түмний итгэл, хүндлэлээр илэрхийлэгддэг. Олон түмний итгэлийг дааж, хүндлэлийг хүлээж чаддаг төр л хүчтэй байдаг. Өнөөдөр олон хүн бондын их мөнгө хаачсныг, хаашаа орсныг асууж байна. Ард түмэн нийгмийн шударга ёсыг нэхэж байгаа нь энэ юм. Хэрвээ төр энэхүү нэхэлд, иргэдийнхээ энэ асуултад шударгаар хариулж чадвал олон түмний итгэлийг хүлээнэ, хүчтэйгээ харуулна.

Бид шударга ёсны үнэлэмжгүй, санхүүгийн сахилга батгүй ийм л нийгэмд амьдарч байна. Одоо бүгдээрээ энэ бодит байдалтайгаа эвлэрцгээе, асуудлаа шийдэцгээе. Шударга ёсыг PR-аар тогтоохгүй, ер нь Монголын асуудлыг тойрч зугтаад, эсвэл  хоосон PR-даж гүйгээд шийдэхгүй. Одоо асуудалтайгаа нүүр тулж, өвчнийхөө голомтыг олж барьж авч, онож эмчилье. Та бүхэн надтай санал нийлэх байх. Манай Засгийн газар, танхим шинэ замаар хуучин цагийн дуу аялж цааш алхахгүй, явахгүй. Бид нийтээрээ, нийгмээрээ маргаашийнхаа төлөө өнөөдрөөс зүтгэж эхлэхгүй бол оройтоно. Бид хийхгүй бол гадны улс орноос хэн нэгэн ирж хийж өгөхгүй. Тийм учраас хууль нь шударга үйлчилдэг, санхүүгийн сахилга баттай шинэ нийгэм бүтээхийг төр, төрийнхөн та бүхэн манлайлна. Хамгийн түрүүнд ард түмэн биш, харин Монголын төр өөрөө бүсээ чангална.

Монголын хууль цааз бүсээ чангална.

Монгол төрийн сахилга бат бүсээ чангална.

Та бүхэн “Төрдөө зүтгэнэ” хэмээн андгай өргөж албанд орсон төрийн хүмүүс учраас нийгэмд та бид үлгэрлэх үүрэгтэй. Энэ алхам төрийнхөө төлөө ард түмнээсээ илүү ачааг үүрдгээрээ бахархдаг албан хаагчдын хувьд эхлүүлэхэд төвөггүй. Харин  албадлагаар, хэн нэгний татаас, шахаагаар дарга болсон, хүчинд автаж юм уу, хууртаж албан тушаалд томилогдсон хүн байвал тэрийгээ хэлээд одоо явж болно. Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц. Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Хэрвээ тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүй санагдаж байвал тэр хүн өөрөө ажилдаа гологдож байна гэж ойлго. Тэнд таныг хувийн бизнесээ хийгээд илүү тансаг өрөөнд ажиллах таатай очрныг бүрдүүлэхийн төлөө бид харин энд зүтгэе.

Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч. Татвар төлөгчдийн хөрөнгөөр,  ердийн тийзнээс  2-6 дахин өндөр үнэ төлж бизнес ангилалд тухалж явдаг төрийнхний тансаглалыг  өнөөдрөөс тасалбар болгоорой. Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат та хяналт тавьж ажиллаарай. Хэрвээ тэр хүн заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууж явмаар байгаа бол үнэ, тарифын зөрүүг нь өөрөө, хувиасаа  төлөөд яв.

Ерөнхий сайд миний томилолт, айлчлалыг аль болох бага зардлаар, цомхон хийж байх талаар "Төрийн ёслолын журам"-д өөрчлөлт оруулж, шийдвэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үүрэг болгож байна. Эхний ээлжинд Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад хэд хэдэн жип машин хөлөглөн аймаг, сумынхаа хилийн зааг дээр угтдаг, үддэгийг өнөөдрөөс зогсоо. Аймгийнхаа төв, сумынхаа хаалга дээр нь цомхон бүрэлдэхүүнтэй зохион байгуулахад болохгүй зүйл байхгүй. Энэ нь зочдоо угтах, үдэх ёсоо үгүйсгэж байгаа юм ерөөсөө биш. Хэд хэдэн жип хөлөглөн орон нутгийнхаа хилийн зааг хүртэл хэдэн зуун км давхиж ашиггүй зардал гаргадагийг л больё гэж байгаа юм.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлууд байгууллагаа ашигтай ажиллуулж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөрэй. Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн захирлуудын цалин, урамшууллыг 30-60 хувь бууруулсан. Одоо бусад хангамж, илүүдэл зардалд боломжит хэмнэлт, таналт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгож байна.

Ерөнхий сайдын хувьд миний бие ард түмнийхээ өмнө болон УИХ-ын өмнө Засгийн газрынхаа ажлыг бүрэн хариуцаж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Тийм үүрэгтэй, тийм хуультай. Үүнтэй нэгэн адилаар тухайн салбарын ажлын алдаа оноог  Ерөнхий сайдын өмнө салбарын сайд хариуцна. УИХ, Ерөнхий сайдаас хариуцлага нэхэхтэй адил Ерөнхий сайдын хувьд би салбарын сайдаас л хариуцлага нэхэж ажиллана. Энэ бол Үндсэн хууль, бусад хуулиар Ерөнхий сайд болон салбарын сайдад олгосон хэнтэй ч үл хуваалцах эрх мэдэл, бас үүрэг, хариуцлага. Ямар ч эрх мэдлийг үүрэг, хариуцлага дагаж байдаг. Тийм учраас салбарын сайдтайгаа ойлголцохгүй, хамтарч ажиллаж чадахгүй байгаа яамдын бусад удирдлага, салбарын байгууллагын албан тушаалтнуудтай хариуцлага яригдана гэж ойлгох хэрэгтэй.

Төрийн байгууллага, төрийн хууль иргэддээ энэрэнгүй байх ёстой болохоос хууль зөрчсөн, хуулиас давсан эрх мэдэл эдэлсэн хувь хүн, үйлдэлд хатуу байх ёстойг санаж ажилла.  

Би дахиад хэлье. Эдийн засгийг сэргээх бодлогын, хямралыг зогсоох хөтөлбөрийн гол ачааны хүнд нь төрийн албаныхан та бидэнд ирнэ. Та бид хамтдаа үүрч гарна. Юуны өмнө төрийн албаны тансаглал, илүү зардлаас татгалзана. Туйлширч, улсын наадмаа таслах нь хаашаа юм, гэхдээ л төсвөөс санхүүжүүлэх, татвар төлөгчдийн хөрөнгөнөөс тэтгэх бүхий л найр наадмаас түр татгалзана. Шат, шатны дарга нар ачаалал нь бага, ажил нь давхардсан илүү орон тоогоо хэмнэ. Ард түмний орлого нэмэгдэх хүртэл  төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүй гэдэг үнэнтэй эвлэрэхээс өөр гарц бидэнд байхгүй. Ард түмний худалдан авах чадвар нэмэгдтэл төрийн элдэв нэмэлт хангамж сэргэнэ гэж байхгүйг энд анхааруулъя.

Ард түмнээ харин  бүсээ чангалах дэглэмд бус, хэрэглээний шинэ сахилга бат, хямгач сэтгэлгээнд суралцаж дадахыг уриалж байна.

Нийгмийн эмзэг хэсэг буюу төрийн халамж, анхаарал зайлшгүй шаардлагатай хэсгээ олон түмэнд ойлгомжтой, ил тод шалгуураар халамжилна. Аль ч төр, ямар ч үед ийм алхам хийсээр ирсэн.

Аливаа улс орны хямралын эсрэг үндэсний  тэмцэл нь өөрийн үзэл сурталтай, чин эрмэлзэлтэй байж гэмээнэ сая амжилтад хүрдэг. ОУВС-ийн  хамгийн түрүүнд тавьж байгаа шаардлага бол санхүүгийн сахилга бат бий болгож мөрдөх явдал юм. Гэтэл санхүүгийн сахилга батыг улс төрийн сахилга батгүйгээр тогтоох аргагүй. Эдийн засгийн хямралыг эв нэгдэл, төр засгийн тогтвортой бодлогоор л давна. Магадгүй, эв нэгдлийн эсрэг аливаа хуйвалдаан, хатгаас, ялангуяа эх орон, үндэстний эрх ашиг, шударга ёс зэрэг бидний ариун нандин бүхний нэрийг барьж хагалах бутаргах, нураахтай хатуу тэмцэх цаг бас ирж байна. Учир нь улс төрийн тусгаар тогтнолын багана нь эдийн засгийн тусгаар тогтнол мөн гэдэгтэй хэн ч маргах аргагүй юм.

Хямралтай тэмцэнэ гэдэг нь хямралд хүргэсэн бүхэнтэй, популизмтай, санхүүгийн болон улс төрийн сахилгад тэрслэх бүхий л оролдлогуудтай , ард түмний нэр барьж ард түмний эрх ашигтай тэрслэхтэй тэмцэнэ гэсэн үг. Тийм учраас өнөөдрийн улстөр хийгч болгон “Чи хямралын талд байна уу, Монголын талд байна уу” гэсэн асуултад хариулах ёстой. Нэг нам нь өр тавьдаг, нөгөө нам нь өр дардаг хуучин замаар бид хол явахгүй. Хямралыг зогсоох, эдийн засгаа аврах энэ тэмцэл бол улс үндэстнийхээ ирээдүйг аврахын төлөө гэдэг утгаараа тусгаар тогтнолоо хамтаараа хамгаалахаас ялгаагүй юм.

Ийм онцгой үед монголчууд бид улсаараа, парламент бүтнээрээ, Засгийн газар танхимаараа, энд сууж байгаа та бүхэн бид бүгд цулаараа зорилгоо ухамсарлан нэг баг болж зүтгэх ёстой, бас үүрэгтэй.  Ингэж чадаж байж гэмээнэ бид улсаараа нэг зүгт харж, алхаж чадна. 

Нэг зорилгын төлөө нэг зүгт яваа багийн эв нэгдлээр л бид хамтдаа хямралаа ч давна, эдийн засгаа ч өсгөнө, зорьсон газартаа ч хүрнэ. Үүний тулд төрд зүтгэж байгаа та бид үйлчлүүлэх гэж ирсэн иргэдээ угтаж, ардчиллыг гутааж, төрийг сульдааж байгаа авлигаас зугтааж явах ёстойг хатуу сануулъя.

Эдийн засгийн хямралыг ч, авлигыг ч бид заавал ялах ёстой.

Ялж байж  монгол айл болгоны, монгол хүн бүрийн амьдралын чанарт ахиц, өөрчлөлт гарна. Тэрхүү ялалтыг манлайлах тугч нь төрд зүтгэж байгаа та бүхэн.

Манай намын эх орон, танай намын эх орон гэж байхгүйтэй адил манай, танай гэсэн талцал хуваагдал Монгол Улсад маань одоо хэрэггүй. Монголчууд бид нэг л эх оронтой, нэгдмэл ард түмэн.  Эх орон, ард түмэн маань биднээс хамтын эв нэгдэл, хамтын ойлголцол, хамтын зүтгэл, тогтвортой байдлыг л хүсч байна. Түүнээс бус, монголчууд бүгдээрээ улстөрч, УИХ-ын гишүүн болж Төрийн ордонд сууя, таны, миний албан тушаал дээр ажиллаж үзье гэж байгаа юм тэдэнд ердөө ч байхгүй.

Ард түмэн маань тунгалаг төрөөр үйлчлүүлж, шударга нийгэмд тайван амьдрахыг л хүсч байна. Энэ хүсэл, хүлээлтийнх нь төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж улстөрчид бид саналыг нь авсан, төрийн албаныхан та бүхэн тангараг өргөсөн гэдгээ  ухамсарлаж,  сэтгэл, зүтгэл гаргаж ажиллахыг та бүхнээс хүсье.

 

Монголын төр тунгалаг байж, Монгол түмний минь заяа буян нь дэлгэрэх болтугай гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ