УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, улмаар хоёр салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэ удаагийн санамж бичгийн хүрээнд эмнэлгийн чанар хүртээмжийг сайжруулж, ачааллыг бууруулах зорилготой Зүүн бүсийн гурван аймаг, Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх дүүргийн иргэдийн харвалт, шигдээс, гэмтэл, хордлого зэрэг яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй Цэргийн төв эмнэлэгт хүлээн авах болон түүний бэлтгэл ажлыг хангахаар тусгажээ.
Мөн орон нутагт ажиллах эмч нарыг дэмжих зорилгоор алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт 3 жил ажилласан залуу эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцож, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгүүлэхээр зохицуулах зэрэг зүйл заалтыг тусгасан байна.