Н.Дандарын хувьд 2008 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг, Жаргалан уулын орчмоос эртний хадны оршуулга олж, сумын дунд сургуулийн багш н.Энхтөрөөс дамжуулан мэргэжлийн судлаачдад мэдэгдэж, иртэл нь харж хандан хамгаалж байжээ. Тэрхүү хадны оршуулгаас эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан руни бичээс бүхий хөгжмийн зэмсэг зэрэг ховор нандин олдворууд олдсон юм. Харин Г.Батгэрэл нь 2016 онд өөрийн эцэг өвгөдөөс уламжилж ирсэн түрэгийн үеийн ваарыг Монголын Үндэсний музейд, Г.Далай нь 2016 онд малын бэлчээр дээрээс олсон уйгарын үеийн ваарыг 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн юм.
Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Палеонтологи, археологийн олдвор бол төрийн өмч, тэрхүү төрийн өмчийг олж илрүүлсэн бол төрд нь өгөх учиртай, сүүлийн жилүүдэд санаатай санамсаргүй олж илрүүлсэн зүйлсээ төрд өгөлгүй, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн зарж үрэх явдал багагүй гарах болсон, ийм цаг үед та бүхэн олон нийтэд үлгэрлэж сайн үйлс бүтээсэнд талархаж байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Уулзалтад БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд болон холбогдох бусад албаны хүмүүс байлцлаа.