Цаг агаар хүйтрэхэд шөнийн цахилгааны ачаалал өсөж буй судалгааг ажлын хэсэг гаргажээ. Тухайлбал, Улаанбаатарт 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн үүрийн 05.00 цагийн байдлаар гадаах температур -37 хэмд хүрч хүйтрэхэд шөнийн бага ачаалал 405 мВт болжээ. Энэ нь шөнийн цахилгааны тарифыг тэглэснээр цаашид агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх боломжтойг харж болно.
Мөн ажлын хэсэг өнгөрсөн гурван сарын хугацаанд цахилгаан халаагуур үйлдвэрлэгч болон борлуулагч аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн үйл ажиллагаатай танилцаж, монголын нөхцөлд ашиглах боломжит бүтээгдэхүүнд судалгаа хийсэн аж. Ингэхэд 60 – 80 хувийн цахилгааны хэмнэлттэй хэмээн сурталчлах халаагуур зах зээлд олон бий ч, техникийн үр ашигтай, дулаан хадгалах чадвар өндөртэй халаагуур харьцангуй цөөн байгааг туршилтаар баталжээ. Тухайлбал, 42-56 мкв талбай бүхий байшин болон 25 – 30 мкв талбайтай монгол гэрт туршилт хийхэд дулаан хуримтлуурт халаагуур ашиглах нь хамгийн оновчтой гэдэг нь батлагдсан байна. Харин бусад халаагчийн хувьд тасралтгүй ажиллах шаардлагатай учраас шөнийн тарифын хөнгөлөлтийн ач холбогдол буурах сөрөг талтайг онцоллоо. Мөн шалны халаалтыг судалж үзэхэд энэ нь тухтай орчин бүрдүүлдэг ч, тасралтгүй залгаатай байхыг шаарддаг учраас эрчим хүчний төлбөр илүү гарах сул талтай гэж дүгнэжээ. Энэ мэт хэд хэдэн бүтээгдэхүүнд ажлын хэсэг судалгаа хийж байгаа бөгөөд утааны тархалтын ажиглалтыг өндөрлөг цэгээс хийсэн аж.