“Туул голын минь моднуудыг үндсээр нь тасалж байна, хүмүүс ээ. Цааш нь түгээгээрэй” хэмээн нэгэн залуу фэйсбүүк хуудсандаа бичлэг тавьжээ. Бичлэгт Яармагийн гүүр орчимд хүнд даацын машин, механизмаар газар ухаж, утаа май тавьж буй дүр зураг харагдана. Энэ бичлэгийг зуу гаруй мянган хүн үзэж, 5000 хүн бусдад түгээж, 50-иад хүн сэтгэгдэл үлдээжээ.
Тэгвэл газар дээрээ байдал ямар байгааг сурвалжлахаар өчигдөр 11.00 цагийн орчимд Яармагийн гүүрний хажууд очлоо. Гүүрний зүүн талд ажлын хувцастай хэсэг хүн газар ухаж, хашаа хатгаж харагдсан. Тэндхийн хамгаалагч бололтой нэг залуу “Сая БОАЖЯ-наас хүмүүс ирээд явсан. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд гүүр барих гэж буй гэсэн. Энд хятад ажилчид л байна. Ямар бүтээн байгуулалт хийх тухай зурагт самбарыг өнөөдөр байрлуулах юм гэнэ лээ” гэж учирлав.
Ухаж гаргасан бололтой бөөгнүүлж орхисон бургас хэсэг хэсэг газарт харагдав. Биднийг очсоны дараа нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр тэргүүтэй албаны хүмүүс, уг ажлыг гүйцэтгэгч БНХАУ-ын “Төмөр замын 20 дугаар товчоо” корпорацын төлөөлөл, зөвлөхөөр ажиллаж буй “SRP Инженер консалтинг Монголиа” ХХК-ийнхан ирэв.
Тэдний дараахан ирсэн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хяналтын инженер Л.Ариунболд “Гүүр барих гэж буй энэ хэсгээр 110 мянган кВт-ын хүчин чадалтай өндөр хүчдэлийн шугам дайрч өнгөрдөг. Хүнд машин, механизм ашиглах үед асуудал гарч магадгүй. Олон жил болсон утас хэврэгшсэн байгаа. Хэрэв хайхрамжгүй байдлаас болж хүчдэлд ямар нэгэн гэмтэл учирвал та нарын машин техник эвдрэхээс гадна Улаанбаатар хотын зүүн хэсэг тэр чигтээ харанхуй болно.
Бидэнд ч үзлэг, шалгалт явуулахад хэцүү. Тиймээс барьсан хашаагаа нураа. Эсвэл хүчдэлийн шугамнаас долоон метр зайд барих хэрэгтэй. Мөн манай компанид албан бичиг явуулж, зөвшөөрөл авах ёстой. Тэгж байж тодорхой бүс зааж өгөх боломжтой” хэмээн гүүр барих гэж буй компанийнханд сануулав. Ямартай ч хамгаалалтын шугам татаж, албан ёсны зөвшөөрөл авна гэдгээ зөвлөхүүд түүнд хэлсэн.
Харин мод тайрсан тухай асуудалд нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.Индра тайлбар өгөв. Тэрбээр “БНХАУ-ын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Яармагийн гүүрний хажууд шинэ гүүр барих гэж байна. Энэ нь нийт 240 метр урт, тойрог хэлбэртэй, давхар гүүр байх юм. Хуучин нь 1959 онд баригдсан, чанартай боловч түүнийг засаж, сайжруулахын тулд түр гүүр тавьсан.
Энэ гүүр нь стандартад нийцэхгүй, тодорхой ашиглалтын хугацаатай. Тиймээс шинэ гүүр барих ажлыг эхлүүлэх шаардлагатай болсон. Ялангуяа Хан-Уул дүүрэгт орон сууц олноор ашиглалтад орсон нь түр гүүрээр зорчих иргэдийн тоог нэмэгдүүлж байна. Энэ нь хөдөлгөөн удаашрах, зам түгжрэх зэрэг олон асуудал дагуулдаг. Шинэ гүүрний бүтээн байгуулалтын ажил хоёр жил үргэлжилнэ.
Энэ хугацаанд БНХАУ-аас ажилчид ирж, Яармагийн хуучин гүүрний завсрын, даацын тулгуур баганыг засах, ховхорсон бетон хучилтыг нөхөх, гүүрийг шинээр хучих ажил хийхээс гадна явган хүний зам, хашлага, гэрэлтүүлгийг сольж, голын даланг сайжруулна. Мөн бүтээн байгуулалт дууссаны дараа ногоон байгууламжтай болгож, газрыг нөхөн сэргээх юм.
Тиймээс гэрээний дагуу бид цутгалт хийх, барилгын материал хурааж, хадгалах, ажилчдын байрлах газрыг чөлөөлж өгөх ёстой. Энэ хүрээнд нийт 23500 ам метр талбайг чөлөөлөх ажил үргэлжилж байна.
Нэг л өдөр мод, бургасыг тайрчихсан юм биш. Хоёр жилийн өмнөөс бэлтгэл ажлаа базааж, энэ хавьд байсан бургасыг Богд уул руу шилжүүлэн тарьсан. Уг ажилд зургаан сая гаруй төгрөг зарцуулсан. Мод бүрийн үнэлгээг хийлгэж, нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авсан. Бүх ажил хуулийн дагуу явж байна.
Үлдсэн хожуулуудыг өчигдөр сугалсан. Үүнийг харсан хүмүүс ташаа мэдээлэл цацсан бололтой. Харин цахилгааны утас суурилуулахын тулд хөлдүү газрыг гэсгээсэн. Ингэхдээ бага зэрэг гал гаргасныг хүмүүс мод тайраад, шатааж байна гэж ойлгосон байсан” гэв.