Б.Гангаамаа: Уулын оргил хүний хүч чадал, оюун ухаан, бас, хүн чанарыг ч шалгадаг юм
Дэлхийн зулай Эверестэд мөрөө гаргасан Монголын анхны эмэгтэй уулчин гавьяат тамирчин Б.Гангаамааг “Хоймор”-тоо урьж ярилцлаа. Уулын спортын дэлхийн хоёр том амжилтын нэг “Seven Summit” буюу долоон тивийн ноён оргилд гарсан Монголын анхны уулчин болсон тэрбээр “Анхны” гэсэн тодотголтой бүхний эзэн болж, уулын спортод өөрийн зам мөрийг тодоос тод үлдээж яваа билээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
Дурсахгүй байхын аргагүй тийм л сайхан орчинд би өссөн
-Ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таны хүүхэд нас Завхан аймагт өнгөрсөн гэсэн. Та хүүхэд байхдаа юун талаар хамгийн гүн гүнзгий мөрөөдөж байсан бэ?
-Би хөдөөний хүүхэд учраас яг үнэндээ тийм ч их соёл иргэншил мэдэхгүй шүү дээ. Маш мөрөөдөмтгий хүүхэд байсан ч тэгэх юмсан, ингэх юмсан гэж мөрөөдөж байснаа нэг их тод санадаггүй юм. Харин холын хол явж үзэх юмсан гэсэн мөрөөдөл л байсан. Уул гэдэг ийм агуу зүйл гэдгийг мэддэггүй байсан учраас нисгэгч болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Онгоцны зураг их цуглуулдаг. Хөдөөний хүүхэд байсан учраас хичээлийнхээ завсар чөлөөгөөр хөдөө очиж хурга тугал хариулж, усанд шумбаж, хөл нүцгэн гүйж л миний хүүхэд нас өнгөрсөн дөө.
-Таны хүүхэд насны хамгийн нандин дурсамж гэвэл та юуг хэлэх вэ?
-Хүүхэд насны хамгийн нандин дурсамж бол хөдөө өсч торнисон, эмээ, ээж аавтайгаа байсан үе минь юм. Өөр ч юу байх билээ. Тэр үеийн бүхий л зүйл нүдэнд кино шиг харагддаг. Тоглож байсан тоглоом, байгальтайгаа ойр өссөн минь тэр чигээрээ сайхан. Дурсахгүй байхын аргагүй тийм л орчинд би өссөн. Ямар ч хүнд хүүхэд нас нандин сайхан байдаг болохоор тэр утгаараа миний хүүхэд нас бол тэр чигээрээ нандин дурсамж.
-Таныг эмээтэйгээ хамт өссөн гэж сонссон. Эмээ тань танд юун тухай захиж сургадаг байв. Өнөөдрийн амжилтад хүрэхэд эмээгийн тань захиас сургаал хамгийн их нөлөөлж байсан байх?
-Манай эмээ бичиг үсэг мэдэхгүй, өндөр настай, соёл иргэншлээс хол байсан. Хүн ер нь мэдэхгүй юмаа зааж сургахгүй шүү дээ. Тиймээс эмээ минь амьдралын ноён нурууны тухай л сургадаг. Эрдэмтэй, сайн хүн болоорой. Хийсэн зүйлээ дуусгадаг байгаарай, хүн сайтай, ноён нуруутай, ажилсаг байгаарай гэж л маш их сургадаг байсан.
-Сурагч байхдаа хэр эршүүд хүүхэд байсан бэ. Эр зориг шаардсан энэ спортоор хичээллээд “Анхны” гэсэн тодотгол бүрийг хүртэж байна. Эмэгтэй хүнээс гарамгүй асар их зориг танд нөлөөлсөн байх?
-Тийм ч эршүүд хүүхэд байсан санагддаггүй. Ямар ч байсан оногдсон ажлаа хэнээс ч гуйхгүй хийчихдэг байсан. Ус авах, түлээ хөрөөдөх, хагалах энэ бүх ажлыг хэнээс ч дутахгүй, гуйхгүй өөрөө хийчихдэг. Би дээрээ олон ахтай. Тиймээс ах нараа дагаж загас барих, зурманд ус цутгаж барих, ах нарынхаа сахилгагүйтсэнийг аав ээжээсээ хамт нууж хамгаалах гээд хүүхэд насны томоогүй зангаар л бужигнаж өссөн.
-Хүүхэд насны салшгүй нэг хэсэг нь ирээдүйд хэн болох тухай мөрөөдөл байдаг гэж боддог. Уулын спортод хөл тавихаасаа өмнө та ямар мэргэжлийн хүн болно гэж төсөөлдөг байв?
-Би түрүүнд хэлсэн. Нисгэгч болох юмсан гэж их боддог хүүхэд байлаа. Нийгмийн ухаан, түүхийн хичээлд маш их сонирхолтой. Ялангуяа түүх их судалж, сонирхож уншдаг хүүхэд байсан. Түүхийн сэдэвт уран зохиолын номыг хичээлээ хийхгүй уншаад суудаг. Унших гээд улайраад шөнөжин суухаар аав, ээж “Маргааш эрт хичээлтэй байж унт” гэж загнана. Тэгэхээр нь хөнжил дотроо лаа асааж байгаад номоо уншдаг. Нийгмийн ухааны мэргэжилтэй болох гэж энэ чиглэлээр шалгалт өгч байсан ч тэнцээгүй. ОХУ-д суралцах хоёр хуваарийн төлөө 100 гаруй хүүхэд өрсөлдөхөд хамрынхаа урдуур таслуулаад, уйлаад гэртээ харьж байж билээ. Гэхдээ одоо санахад нисгэгчийг л хамгийн их хүчтэй мөрөөдөж байсан.
-Та хамгийн сүүлд ямар түүхийн ном уншив?
-Сүүлийн үед хатдын тухай их уншиж байна. Хатдын тухай түүхийн номуудыг алгасахгүй авч уншихыг хичээдэг. “Ану хатан”, “Сорхугтани хатан”-аас эхлээд хамгийн сүүлд “Самар хатан”-г уншлаа. “25 дугаар суваг телевиз”-ээр гарч байгаа “Хубилай” олон ангит киног анги алгасахгүй үзэхийг хичээж байна.
-Отгонтэнгэр хайрханд хөл тавьснаар уулын спортод хөл тавьсан. Энэ завшаан танд яаж олдсон бэ?
-Уулын спорт гэдэг их айл руу хөтөлсөн анхны уул бол нутгийн минь хайрхан Отгонтэнгэр. Арван хэдхэн настай хүүхэд байхдаа хайрхандаа гарч байсан. Очирваань хайрхан буюу Отгонтэнгэр хайрхан маань тэр цагаас хойш намайг түшиж өдий зэрэгт авч яваа гэж боддог. Их санаандгүйгээр уулын спортод хөл тавьсан гэж хэлж болно.
Манай ахмад уулчид цуглараад Отгонтэнгэр хайрхан руу авиралт хийх гэж байхад би таарсан юм. Ахмад уулчид дээрээ “Би хамт явъя” гэж гүйж очоод, “Чадах уу” гэхээр нь “Чадна аа” гээд л дагаад гарсан юм. Тухайн үед хүүхэд байсан болохоор хожим нь уулчин болно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Ахмад уулчид маань тухайн үед намайг ажиглаж харж байсан юм шиг байна лээ. Найдан багш уулнаас бууж ирээд манай ахад “За үүнээс хойш энэ хүүхдээ уулчин болгоно шүү. Энэ хүүхдийг явуулж үзвэл хэрэгтэй хүүхэд байна” гэж хэлж байсан юм.
-Отгонтэнгэр хайрханд гарсныхаа дараа ямар ууланд гарсан бэ?
-Би тэр жилээ Отгонтэнгэр хайрхандаа хоёр удаа гарсан. Үүний дараа оюутан болж хэсэг хугацаанд завсарласан. Сургуулиа төгсөөд Эрдэнэтэд очиж, ажиллахаар болсон. Хэдийгээр оюутан болоод уулаасаа холдсон ч үргэлж бодож явсан. Учраа олохгүй явж байхдаа нутагтаа очиж Аймгийн биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Мишигбат ахтай уулзтал “Эрдэнэтэд Ганболд гээд уулчин бий. Түүнтэй л уулз” гэсэн. Эрдэнэтэд ирсэн даруйдаа түүнийг хайж олоод, уул руугаа эргэж орон Увсын Цагаан Дэглийд авирч байсан.
-Энэ спортод татагдаж эхэлсэн үе тань хэзээ вэ?
-Анх Отгонтэнгэр хайрхандаа гарахдаа л дурлаж эхэлсэн гэж боддог. Ууланд гарч ирснийхээ шөнө нь эрээн алаг майхан зүүдлээд л эхэлсэн. Тиймээс энэ спортоо орхиогүй. Оюутан болох хугацаандаа хүчээр завсарласан ч сургуулиа төгсөөд л яаж эргэж орох тухай хөөцөлдөж эхэлсэн. Тиймээс анхны авиралт л намайг татсан гэж боддог.
-Таны үндсэн мэргэжил юу вэ?
-Микробиологич мэргэжилтэй. Хоёр дахь мэргэжил маань дасгал-жуулагч болж байх шиг байна. МУБИС-ийг удахгүй төгсөнө. Өөр нэг мэргэжил маань уулын хөтөч юм. Ийм гурван мэргэжилтэй болж байх шиг байна.
-Микробиологичоороо хэр удаан ажилласан бэ?
-Эрдэнэтийн Мэргэжлийн хянал-тын газарт долоон жил ажилласан. Намайг байхад арай өөр нэртэй байсан юм. Одоо Мэргэжлийн хяналтын газар нэртэй болсон байна лээ. Ажиллаж байх хугацаанд үргэлж уул бодогдоод “Би ажлаасаа халагдъя”, “Цомхотголд оръё ” гэж хэлээд гарсан. Хамт ажилладаг хоёр эгч маань “Хүн ажилд оръё гэж хэлдэг байтал, чам шиг цомхотголд оръё гэж хэлдэг хүн байх уу. Яачихсан усан тэнэг амьтан бэ чи” гэж загнаж байлаа. Тэр цагаас хойш тасралтгүй уулынхаа спортыг хөөсөн. Цагт баригддаг ажилтай хүн чинь энэ спортын чиглэлээр амжилт гаргах нь ховор. Дөнгөж ажилд орсон учраас ээлжийн амралт 14-хөн хоног. Би 14 хоногт хаашаа явж амжих вэ дээ. Ямар ч боломжгүй байсан. Тиймээс л ажлаасаа гарсан.
-Анх гадаадын ямар ууланд авиралт хийж байсан бэ?
-2002 онд Их Алтайн нурууны ноён оргил ОХУ-ын нутагт байдаг Белуха гэж ууланд авиралт хийж байсан. Энэ оргилд урьд өмнө нь монгол хүн огт гараагүй байсан. 2002 онд Монголынхоо уулчдын багийг аваад тавуулаа явж байсан ч цаг агаарын нөхцөл, улирал нь оройтсон зэрэг шалтгаанаар харамсалтай нь гарч чадалгүй буцаж ирсэн. Энэ хайрхан миний сэтгэлд байгаад байсан учир өнгөрсөн 2016 онд Монголын 18 уулчнаа ахлан авч явсан. 19-үүлээ оргилд нь амжилттай гарсан.
Амжилт, алдар нэрийг түрүүлж харж энэ спортод хөл тавиагүй. Зүгээр л ууланд дуртай болсон
-Уулын спортод анх хөл тавьж байхдаа та юу мөрөөдөж байсан бэ?
-Анх ууланд гарахдаа ийм амжилт гаргана гэж хэзээ ч зүүдлээгүй. Цол зэргийн талаар ч огт мэдэхгүй байлаа. Амжилт, алдар нэрийг би түрүүлж харж энэ спортод хөл тавиагүй. Зүгээр л ууланд дуртай болсон юм. Дуртай зүйл, дуртай спортдоо үнэнчээр яваад л байтал хамгийн эхэлж 1997 онд спортын мастер болсон. 1989 онд энэ спортод хөл тавьсан гэж бодохоор найман жилийн дараа энэ цолыг хүртсэн байна. Үүний дараагаар 2006 онд Эверестэд авирсны дараа олон улсын хэмжээний мастер болсон. Бас л цөөнгүй жилийн хөдөлмөрийн минь үр дүн юм.
Би боддог юм. Эхлээд ууланд дурла, дараа нь чаддаг бол, маш сайн мэрэгш гэж. Чаддаг болсон байхад цол зэрэг гавьяа цол чинь аяндаа хүрээд ирнэ. Тив дэлхийд үнэлэгдэх амжилтыг бүтээхийн тулд ямар бэлтгэл сургуулилалт, хугацаа, хөрөнгө хэрэгтэй вэ гэдгийг бүгдийг нь судлаад хөдөлмөрлөсөн. Ямар ч байсан дэлхийн хоёр том амжилтын нэгийг нь хийж чадлаа. Анх ууланд дурлаж байхдаа хэзээ ч би үүнийг төсөөлөөгүй.
-Та дэлхийн ноён оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин. “Анхны” гэсэн бүхэн үнэ цэнэтэй байж энэ таны нэрийн хуудас болсон. Ер нь та Эверестийн оргилд гарах тухай хэзээнээс бодож эхлэв?
-1997 онд “Ганга Эверест” сангаа байгуулахдаа “Эверест” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж сангийнхаа зорилгыг тодорхойлж байсан юм. Түүнээс хойш алхам алхмаар ажлууд хийж эхэлсэн. Г.Өсөхбаяр, Д.Баярням, Ч.Тэрбиш, Д.Эрдэнэтогтох зэрэг уулчидтайгаа хамтдаа мөрөөднө. Оргилд гарах талаар бид бүгдээрээ төсөөлөлгүй. Тэр мундаг уулын хормойд нь очиж харах юмсан л гэж мөрөөдөж байсан. Өвөл майханд шөнөжингөө ярьж мөрөөдөж байлаа. Судалж явсаар байгаад “Ер нь миний зүтгэх хугацаа болсон” гэж шийдээд, “Эльбрус-Эверест” гэсэн уриатайгаар бэлтгэлээ эхэлж байсан. Эхлээд Эльбрус руу гавьяат тамирчин Б.Өсөхбаяртай хамт явах гэж байтал бичиг баримтын асуудлаас болоод Өсөхөө маань явж чадахаа больсон. Тэгээд 2004 онд ганцаараа явж байлаа. Харамсалтай нь 5200 метрт явж байтал манан буугаад оргилд нь гарч чадалгүй буцаж ирсэн. Дараа нь хоёр удаа гарсан даа.
-Эверест рүү 2006 онд эмэгтэй уулчид багаараа явахад та багаа ахалж явж байсан. Баг ахалж явна гэдэг хэр хүнд даваа вэ?
-2006 онд эмэгтэйчүүдийн багаа аваад ахалж явсан. Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр зөвлөхөөр явсан. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй явсан ч зардлын асуудал хүндэрч хоёр хүнээ буцаасан. Бидний авиралтын зорилго хэн нь ч байсан хамаагүй монгол эмэгтэйн мөрийг л дэлхийн зулай дээр хөл тавиулах байсан. Оргилд ойртох мөчид ярилцаад Д.Эрдэнэтогтохыгоо зүтгүүлтэл оргилоос 168 метр дутуу буцаж ирсэн. Жаахан гунигтайгаар эх орондоо ирсэн л дээ. Түүнээс хойш Эверестэд дахиж авирахгүй гээд нэг хэсэг өөр уул мөрөөдөж явсан. Гэтэл “Ер нь дахиад нэг Эверестэд авирах хэрэгтэй” гэсэн бодол орж ирсэн л дээ. 2009 оноос эхлэн бэлтгэлээ хийж, олон улсын багт ороод ганцаараа явъя гэж шийдсэн. Баг ахалж явах нь маш хүнд ачаа байдаг. Тэр зовлонг үзсэн учраас хоёр дахь оролдлогоо ганцаараа хийхээр болсон юм.
-2006 оноос хойш таван жилийн дараа дэлхий зулайд хөл тавьсан. Таван жилийн дараа дараагийн оролдлогоо хийсэн гэхээр энэ бүх хугацаанд та Эверестийн талаар бодсоор л байсан уу?
-2006, 2007 онд өмнө нь явж байсан стрессээсээ гарч чадахгүй байсан. Хөрөнгө санхүү бүх зүйлийг туулж гарах амаргүй байсан. Тиймээс дахин гарахгүй гэсэн бодолтой байсан. 2008 оноос эхлээд К2 уулыг мөрөөдөж эхэлсэн. Холбоо харилцаагаа зохицуулаад явж байтал гэнэт л Эверестэд гараагүй байж К2 руу зүглэх нь буруу юм. Тэнд очоод үхчихвэл яах юм бэ гэсэн бодол орж ирсэн. Бусад тамирчид ч гэсэн тийм л байдаг. Толгой бол мөнхийн ажиллаастай. Төлөвлөгөө, тооцоо, зохион байгуулалтын талаар маш их бодно. Тэгж байж шийдвэрээ гаргана.
Аав ээжийгээ алдахдаа хоёуланд нь уулан дээр байж таарсан. Уулнаас буугаад ирэхэд бүх зүйл өнгөрсөн байдаг
-Гавьяат цол хүртсэн тухай мэдээг ууланд авиралт хийж байхдаа сонссон гэсэн. Мөн гавьяатынхаа цайллагыг Алтай таван богд хайрханд хийсэн гэж байсан.
-Эверестээс зургадугаар сарын 1-нд ирсэн. Ирсэн даруйдаа уулын хөтчийн ажлаа хийгээд яваад өгсөн. Алтай таван богд хайрханд гаднын уулчдыг аваад явж байтал энэ мэдээг дуулгаж, компани маань машин явуулсан. Долдугаар сарын 8-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гавьяат цолоо гардаж авч байсан. Шагналаа гардчихаад эргээд л уул руугаа яваад өгсөн. Гавьяат цолныхоо хүндэтгэлийг Алтай таван богд хайрхандаа хийсэн. Яагаад энэ ууланд хүндэтгэл хийсэн бэ гэхээр Алтай таван богд хайрхан минь намайг уулчин болгосон. Хүн баярласан сэтгэлээ тэр хайрханд илэрхийлэхийн тулд энэ хайрханыг түшин амьдарч байгаа ард түмнийг л баярлуулах хэрэгтэй. Уул усанд сүү өргөж талархлаа илэрхийлэлгүй яахав. Гэхдээ уул усыг баярлуулна гэдэг тэр хайрханыг түшиж буй ард иргэдийг нь баярлуулахад л оршдог гэж боддог. Ерөнхийдөө нутгийн хүмүүсийг цай уулгасан л төдий. Түүнээс найр хийсэн биш юм.
-Гавьяат цол хүртэхдээ “Аав минь хамгийн их бодогдож, аавыгаа маш их санаж байна” гэж хэлж байсан. Та ер нь хэзээ аавыгаа хамгийн их баярлуулсан гэж боддог вэ?
-Энэ бол миний хувьд их сэтгэл эмзэглүүлсэн асуудал л даа. Одоо бодоход аавыгаа баярлуулж байснаа санадаггүй. Санааг нь л их зовоож байсан санагддаг юм. 2006 онд намайг Эверестэд авиралт хийхээр явах гэж байхад Монголыг даадаг Очирваань бурхныг зүүж өгөөд хэлж байсан үг нь надад их л бодогддог юм. Өнгөрсөн хойно л хүн их бодох юм. Хэрвээ өдий зэрэгт хүрээд ийм амжилт гаргасан байгааг аав минь харсан бол ямар гоё вэ гэж их бодно. Аав минь 2006 оны намар өнгөрсөн. Насан эцэслэхэд нь, сүүлчийн замд үдэх ёслолд аль алинд нь байж чадаагүй. Би уулан дээр байсан. Уулнаас буугаад ирэхэд бүх зүйл болоод өнгөрсөн байсан. Ээж минь харин миний амжилтын зах зухаас нь харж чадсанд баярладаг. Эверестэд авирсныг, гавьяат болохыг минь харсан. Тэгэхдээ бас л өнгөрөхөд нь хамт байж чадаагүй. Бас л уулан дээр байсан. Ингээд бодохоор аав, ээжийгээ асрах баярлуулах тал дээр хангалтгүй байсан гэж боддог. Тэр тусмаа аавдаа маш их харамсдаг. Тэнгэрээс аав минь намайг харж байгаа, тусалж байгаа даа гэж үргэлж итгэдэг. Томоохон авиралтын өмнө бааздаа унтаж байхад аав зүүдэнд ирдэг. Охиноо сайн яваасай гэж залбирч байгаа шиг санагддаг. Ер нь би аавыгаа баярлуулснаа санадаггүй. Үргэлж л санааг нь зовоож байсан. Хүн болгонд л хэлдэг юм. “Аав шиг агуу хүн байхгүй шүү. Гомдсон ч баярласан ч зовсон ч үүнийгээ ил гаргадаггүй. Дотоод сэтгэлдээ дандаа бэтгэрч явдаг хүмүүс байдаг. Тиймээс аавыгаа л битгий гомдоогоорой, хайрлаж яваарай” гэж хүн бүрт захидаг юм.
-Аав тань Эверестэд гарахын өмнө бурхан зүүж өгөөд танд юу гэж захиж байв?
-Миний аав агуу хүн юм билээ. Ганцхан намайг бодоогүй тийм мундаг сэтгэхүйтэй хүн байсан. Эверестээс “Чадсангүй ээ” гээд бууж ирэхэд “За яахав миний охин. Энэ чинь мундаг хайрхан шүү дээ” гэж байсан. Г.Өсөхбаяр гавьяатад манай аав, ээж хоёр их сайн. Г.Өсөхбаяр оргилд гарсныхаа дараа манайд очтол “Миний охин чадаагүй ч гэсэн Өсөхөө хүү минь гарчихлаа. Миний хоёр хүү эвтэй, найртай бие биендээ тус дэм болж дэмжиж байгаарай ” гэж хэлж байсан. Энэ сургаал хамгийн сүүлийнх нь байж. Их л холыг харсан шиг санагддаг.
-Уулчин хүн бүрт байх ёстой эрхэм чанар гэвэл юуг нэрлэх вэ?
-Уулчин хүнд олон сайхан эрхэм чанар байх ёстой. Маш их сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Уулын авиралт гэдэг хүний хүч чадал, оюун ухаан бас хүн чанарыг ч шалгана. Тэгэхээр энэ бүх шалгуурыг давахын тулд уулчин хүн нэлээд их зүйлийг мэддэг, чаддаг байх шаардлагатай. Уул ер нь уулчин хүнд маш их зүйлийг өгдөг. Хүн чанар, биеэ авч явах байдал, цэгцтэй, тэвчээртэй, шийдэмгий байдлыг өгдөг. Уул ус хүнд эх орноо зүрхэндээ хайрлахыг сургадаг. Амьгүй багш гэж хэлмээр санагдавч уул гэдэг чинь амьтай зүйл шүү дээ. Хардаг, сонсдог. Энэ бүхнээрээ хүнийг хүмүүжүүлж байдаг. Уул бүхнээсээ би маш их зүйл суралцдаг. Оргилд нь гарсан ч бай гараагүй ч бай маш их зүйл мэдэж, судалж ирдэг. Тиймээс ерөөсөө л багш байгаа биз. Ууланд алдаа гэж байх ёсгүй. Алдаа гаргасан бол тэр нь эхний бөгөөд эцсийнх л байдаг юм гэж ярьдаг.
-“Seven summit” буюу долоон тивийн ноён оргилд гарсан амжилт таны хэдэн жилийн хөдөлмөр вэ?
-2004 оноос гэхээр 13 жилийн хөдөлмөр гэж хэлж болох юм байна. Долоон тивийн найман оргилд гарсан уулчин болж байгаа. Хамгийн эхний оргил Эльбрус байсан. 2004 онд оргилд нь гараагүй буцаж ирээд 2010 онд гарсан. 2009 онд яваад мөн л буцаж ирж байсан. Винсон Массив сүүлийнх нь оргил. Бусад нь ногоон тив байсан бол сүүлийнх нь цагаан тив байлаа. Зах хязгааргүй цас, мөс. Хүрч очих гэж маш олон дамжиж нисдэг. Дэлхийн өлмий шүү дээ. Энэ уулыг төсөөлөхгүй байсан. Барахгүй байх гэж айж байсан. Чадахгүйдээ биш хөрөнгөнөөс нь айж байсан юм. Маш өндөр өртөгтэй. 40000 гаруй доллар олдохгүй байх даа гэж бодож байтал ард түмэн, төр засаг минь тусалсан. Мөн гадаадын иргэн, гадаадын компаниуд хүртэл ивээн тэтгэсэн. Монгол орон маань “Seven Summiteer”-тай болчихоосой гэж маш их хүмүүс дэмжсэн. Тэгээд л босгосон доо. 100 сая төгрөг яаж миний санаанд багтах вэ дээ. Гэхдээ хүн зорилго тавиад хөдөлмөрлөхөд амжилтад хүрч болдог юм байна гэдгийг хүмүүст харуулсан гэж бодож байгаа. Шударгаар хөдөлмөрлөхөд бурхан тэнгэр хардаг юм байна. Уул ус минь ч гэсэн намайг харж байсан байх. Энэ нэг ингээд л яваад байгаа охиноо юманд хүргэчихье гээд тэнгэр хангай уул ус минь ивээсэн. Энэ бүх амжилтыг бүтээсний дараа бахархах сэтгэл төрдөг л юм билээ. Тиймээс ч би сүртэй уриа үг хэлсэн шүү дээ. “Үүнээс цааш газар үгүй. Бид дэлхийг хураалаа” гэж хэлсэн. Бахархал омогшлоороо тэгж хэлж байсан. Гэхдээ би буруу худлаа зүйл хэлээгүй. Угаасаа л тийм юм. Бүх тивийг хураасан гэхээр дэлхийг хураасан л гэсэн үг.
-Долоон тивийн найман оргилд гарсан хүн дэлхийд хэд байдаг юм бол?
-“Seven summit”-ийг долоогоор хийсэн эсвэл наймаар хийсэн гэсэн хоёр амжилт байдаг. Миний хувьд энэ амжилтыг долоог наймаар гэсэн хувилбараар нь хийсэн. Энэ амжилтын эзэн болсон 148 хүн байдаг юм билээ. Дэлхийн 150-аад хүний дотор орж байгаа юм болов уу гэж бодсон. Энэ дотор эмэгтэй уулчид их цөөхөн байдаг юм билээ. 18 хүн байдаг гэж сонссон. Монгол гэдэг нэр “Seven Summits”-ийн жагсаалтад багтсан нь л миний бахархаж буй гол зүйл юм. Б.Гангаамаа гэдэг нэрийнхээ хамт Монгол гэсэн нэрээ бичүүлж буй нь хамгийн сайхан санагдаж байгаа. Яг энэ амжилтыг хийсэн тамирчид нь өндөр хөгжилтэй, баян орны уулчид байдаг. Миний эх орон тийм ч баяндаа орохгүй байх. Гэхдээ алдар суу нь юу эс билээ. Гайхалтай шүү дээ. Дэлхийн уулчид үүнийг харж л байгаа. Үүнд би маш их баярлаж байна.
-Одоо таны гарахыг хүсч буй оргил юу вэ?
-Би ер нь зарласан шүү дээ. “Seven summits” гэсэн амжилтыг эхэлж хийнэ. Хэрвээ үүнийг хийж чадвал дараагийн оргил К2 байх болно” хэмээн хэлж байсан. 2013 онд оролдлого хийсэн ч хүмүүс нас бараад авиралт цуцлагдсан. Дахиад нэг бараалхъя гэж зорьж байна. Хайрхан хэр харж үзэж, хүлээж авахыг би мэдэхгүй л байна. Ямар ч байсан 2018 онд дараагийн том оргилдоо бараалхахаар төлөвлөж байна.
-Таны төлөвлөгөө хэдэн оныг хүртэл гараад байна вэ?
-Одоогийн байдлаар 2019 он хүртэл төлөвлөгөө гарсан. Ер нь би гурав, гурван жилээр төлөвлөгөөгөө гаргадаг.
-Дотроо төсөөлж мөрөөддөг зүйл минь дуусахад гэр бүлийн амьдрал зохионо гэж хэлж байсан. Тэгэхээр 2019 он хүртэл гэр бүл зохиохгүй нь ээ?
-2019 он хүртэлх төлөвлөгөөнд энэ талаар тусгагдаагүй. Учир нь тийм зав байхгүй юм. Болох л байлгүй дээ гэж боддог. Энэ тал дээр хүмүүс их санаа нь зовдог юм шиг санагддаг. “Болно доо, болно” санаа зовоод яах вэ л гэж хэлье.
-Өмнө нь гарсан оргилууддаа дахин гарах юмсан гэсэн бодол байдаг уу?
-Би гарвал зам өөрчилж гарах юмсан гэж боддог. Хэрвээ боломж бололцоо нь байгаад гарах юм бол өөр замаар гарна гэж боддог. Тэгж гарахгүй бол дэмий л зүйл гэж боддог. Миний одоо хийж буй ажил бол уулын хөтөч. Өөрийнхөө гарсан оргилуудад Монголынхоо уулчдыг аваад тэднийхээ амжилтыг ахиулах юмсан гэж боддог. Түүнээс биш “Би гарсан. Дахиж гарахгүй” гэж хэлэхгүй.
Магтаал надад хариуцлага болж ирдэг
-Бүхий л салбарт анхны мөр гаргана гэдэг нь чухал зүйл байдаг шиг санагддаг. Таны хувьд Монголынхоо уулчдад нэг мөр гаргасан гэж хэлж болно. Таны энэ амжилтыг үнэлж олон хүн сэтгэлийн сайхан үгээ хэлсэн байх. Санаанд оромгүй сайхан үгсийг илгээсэн олон хүмүүс дундаас хамгийн их сэтгэлд үлдсэн нь ямар үг байна вэ?
-Уулын спортын төлөөх 20 гаруй жилийн хөдөлмөр маань надад амжилт болж ирсэн. Сайхан үг хэлж, урам хайрлаж, утсаар ярьж байсан хэдэн мянган хүн байгаа. Бүгдэд нь би маш их баярлаж явдаг. Намайг сайшааж магтаж, урамшуулж байсан тэр бүх хүн надад эрч хүч өгсөн. Гэхдээ магтаал гэдэг миний хувьд хариуцлага, ачаа болдог юм. Дан ганц магтаалаас гадна өөнтөглөж муу ярих нь хүртэл маш их зүйл хийх сэдэл төрүүлдэг. Энэ хоёр зүйл хоёулаа байх хэрэгтэй. Дандаа магтуулаад байвал бялуурна. Дандаа муулуулаад байвал гутарчихна. Хар цагаан нь тэнцэж явж байж зөв явахад хэрэг болдог.
Их олон сайхан магтаалаас үргэлж бодогддог тийм нэг үнэ цэнэтэй хоёр магтаал бий. Онцлоод хэлэхэд 2016 онд Белухад баг ахлаад явж байхад хөтөч хийж байсан ЗХУ-ын спортын мастер уулчин байсан. Түүнд гараагүй уул гэж байхгүй. Мундаг чадвартай хөтөч л дөө. Уулнаас бууж ирсний дараа тэр “Гангаа молодец. High class” гэж хэлсэн нь санаанд тодхон үлджээ. Орос хэл сайн мэдэхгүй гэдгийг минь мэдэж байсан болохоор англи, оросоор хэлсэн. Энэ маш гоё үг санагдсан шүү. Тэр мундаг хүн намайг өндөр зэрэглэлийн уулчин гэж хэлж байгаа нь үнэхээр сайхан байсан. Маш гоё, гайхалтай сайхан байсан ч их үүрэг хариуцлагыг дагуулсан магтаал байв.
Нөгөө нэг нь надад дэндүү ахадсан магтаал байсан. Саяхан “Сүлд” телеви-зийн нэвтрүүлэгт орж байтал хөтлөгч маань надад ахадмаар том нэр хайрлаж билээ. Хөтлөгч “Би ингэж л таныг нэрлэмээр байна” гэж байгаад намайг “Цаст уулын цагаан ирвэс” гэж хэлсэн. Дааж явахад маш том хүндтэй нэр шүү дээ. Олон сайхан үгс дотроос энэ хоёр үгийг онцгойлон хэлмээр байна.
-Оргилд гарахын өмнөх айдсаа хэрхэн давдаг вэ?
-Ер нь хүн айдастай байгаа бол явахын хэрэггүй. Хэрвээ та амжилт гаргая гэж бодож байгаа бол айдсаа аль хэдийнэ мартсан байх ёстой. Миний хувьд эх орондоо байхдаа айдасгүй болох ёстой гэж боддог. Бүх юмыг сайн судалсны үндсэн дээр магадгүй тохиолдох эрсдэлийг тоооцоолоод эх орондоо байхдаа үүнийгээ үгүй хийх хэрэгтэй. Очсон хойноо айгаад байх юм бол амжилт гаргахгүй шүү дээ. Айдсаа давж чадахгүй бол явах хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Миний хувьд К2 ууланд авирахаар явж байхдаа маш их айдастай байсан.
-Сэтгэлээс гардаггүй байнга бодогддог оргил бий юу?
-Байна. Оргилд нь гарч чадаагүй оргилууд илүү их бодогдоно. Ялангуяа би гарч чадаагүй оргилдоо гарах гэж заавал оролдлого хийдэг. Дахин дахин очоод байхаар зулай дээрээ хөл тавиулчихъя даа гэж тэр хайрхан ч гэсэн харж үздэг юм шиг санагддаг. Гэхдээ энэ агуулга талаасаа шүү. Харин олон авирна гэдэг улам их туршлагажиж, мэргэшинэ гэсэн үг л дээ.
-Танд дотроо эмзэглэж явдаг зүйл байдаг уу?
-Гайгүй дээ. Гэхдээ би түрүүнд хэлсэн. Хамгийн их эмзэглэж, хааяа юм бодох цаг гарвал аавыгаа л бодоод байдаг. Эргэн тойрны бүх хүмүүс минь надад сайнаар, сайхнаар хандаж байдаг. Тэдний буянаар өнөөдрийн амжилтад хүрлээ. Гомдох, эмзэглэх зүйл тохиолдсон ч гомдлоо гэж хэлмээргүй байна. Аавыгаа л их бодож эмзэглэдэг юм. Баярлуулж байсан билүү гэж их бодогдох юм.
-Та гарын шавьтай юу?
-Байгаа. Хадаг бариад шавь чинь болъё гээд ирж байсан хүмүүс ч бий. Гэхдээ л багшийнхаа үүргийг 100 хувь гүйцэтгэж чадахгүй байна. Надтай хамт ууланд авиралт хийгээд явж байхдаа надаар заалгаж суралцаад явж байсан зөндөө олон уулчин бий. Хэрвээ тэд намайг багшаа гэж бодож байгаа бол би маш олон шавьтай. Шавь нартаа гаргах зав чөлөө тун бага байх юм. Нэгдүгээрт, миний зорьсон зорилго дуусаагүй байна. Спорт, ажлынхаа шугамаар жилийн 365 хоногийн 200-гаад өдөр нь уулан дээр байдаг. Тиймээс тэр болгон шавь нартаа зарцуулах цаг маш бага байна.
-Та гарсан оргил бүрийнхээ талаар тэмдэглэл хөтөлдөг гэсэн. Хэзээ нэгэн цагт тэмдэглэлүүдээ нэгтгэж ном гаргана гэж боддог уу?
-Байлгүй яахав. Кино ч мөрөөдөөд, ном ч мөрөөдөөд л явж байна. Тэмдэглэл бичдэг. Зарим нэг гол гол тэмдэглэлүүдээ одоо болтол бичээгүй байна. Нэг л болж өгөхгүй байна. Дараагийн авиралт бодогдоод байгаа учраас тэр л дээ. Номыг тогтож сууж хийх учраас хугацаа нь арай болоогүй юм болов уу гэж бодож байгаа. Киногоо байг гэхэд номтой болно гэж бодож байгаа.
-Таны нэр их өвөрмөц. Танд Гангаамаа нэрийг хэн хайрласан бэ?
-Миний мэндэлсэн эмнэлгийн нэг хүн нь өгсөн юм билээ. Хэн гэдгийг нь сайн мэддэггүй. Саяхныг хүртэл би өөрийнхөө нэрийг Ганга мөрөнтэй л холбоотой гэж боддог байсан. Маа гэдэг чинь эх гэсэн үг. Тиймээс “Ганга эх” гэсэн утгатай гэж боддог байлаа. Гэтэл одоогоос долоо хоногийн өмнө нэг хэл судлаач надад “Чиний нэрийг санскрит хэлнээс орчуулсан чинь нэрийн үндэс Гангаа гэдэг үг нь цаст уулын оргил гэсэн үг юм байна шүү дээ” гэсэн. Үүнийг сонссоныхоо дараа жамаараа л явж байгаа юм байна, “Бурхан минь” гэж уулга алдсан шүү.
-Таныг бид “Хоймор”-тоо урьж ярилцлаа. Та хоймортоо ямар хайрханы зургийг залдаг вэ?
-Олон хайрханы зураг бий. Монгол Улсыг дааж явдаг Богд Очирваань хайрхан, намайг уулчин болгосон Алтай таван богд, дэлхийн зулай Эверест гурав хойморт минь бий. Уул болгондоо би хайртай.