Тавантолгойд болсон дэлбэрэлтэнд амиа алдсан цэргүүд орон нутгийнх байжээ



Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв болох Тавантолгойд гранат дэлбэрч, ахлагч А,Н хоёр газар дээрээ амиа алдаж найман цэрэг шархадсан хэрэг өчигдөр гарсан.  Амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид байсан бөгөөд ихэнх нь хөдөө орон нутгаас  ирсэн, бүрэн дунд боловсролтой хүмүүс юм байна. Тэд хээрийн сургалтын төвд бэлтгэл хийж байхдаа осолд өртсөн бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар Шуурхай комисс  байгуулжээ.

Осол гарсны дараа ЗХЖШ, Цэргийн төв эмнэлгээс ослын талаарх мэдээлэл хийсэн юм. Зэвсэгт хүчний жанжин штабаас баталсан 2016-2017 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу цэргийн ангиуд сургалт дадлага, байлдааны буудлага хийж байгаа аж. Бүх анги, салбаруудын алба хаагчид энэ сургалтын хүрээнд командлалын болон төгсөлтийн шалгалтаа өгдөг талаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар мэдээлэв. 

Энэ хэрэг дээр цагдаагийн байгууллага мөрдлөг, шалгалт хийж эхэлжээ.  Шархадсан цэргүүдийн амь нас ямар байгааг тодруулахад Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар “Осол болсон даруйд сургалтад гарч байсан эмч нар яаралтай тусламж үзүүлсэн.  Одоогоор эмчлүүлэгсдийн биеийн байдал тогтвортой байна” гэсэн хариултыг өглөө.

Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн сургалтын төв нь нийслэлээс 50 орчим километрийн зайтай оршдог байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа цэргийн ангид сургалтын гранат дэлбэрч, цэрэг шархадсан хэрэг өмнө нь бас гарч байсан юм. Тодруулбал,  энэ оны хоёрдугаар сарын 14-нд Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранатын тэслэгч дэлбэрч, 19 настай байлдагч Х хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн байсан.

Тухайн үед ЗХЖШ-ынхан мэдээллийг хэвлэлийнхнээс нууцалж, “186 дугаар ангийн хуульч нарын хийсэн хэргийн газрын эхний үзлэгээр байлдагч гар гранатын тэслэгчийн аюулгүй ажиллагааг хангалгүй, шууд хамаагүй оролдсон нь дэлбэрэх шалтгаан болсон” гэдэг тайлбарыг өгч байсан билээ.

 Тэгвэл сургалтын бэлтгэл хийж байсан гранат дахин дэлбэрсэн нь ЗХЖШ энэ асуудалд анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.  Энх цагийн цэргүүд сургалтын бэлтгэл хийж байхдаа амиа алдана гэдэг цэргийн ангийн дарга нарын хэнэггүй байдал, сургалтын чанартай холбоотой гэж хэлж болохоор. Ямар ч байсан амиа алдсан болон шархадсан цэргүүдийн эцэг эхэд ЗХЖШ-аас мэдээлэл хүргүүлжээ.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ