Үлгэрт итгэчихээд үхнэ гэж сүрдүүлээд л...



Танил эгч маань малчин. Хаврын хавсарга, өвлийн цаснаар хэдэн малынхаа араас өдөр өнжихгүй хөөцөлдөж явдаг жирийн л малчин эмэгтэй. Гэтэл дүн өвлийн хүйтнээр сумын төвөөс давхиж ирсэн багш дүү нь түүний амьдралд асар том дарамт авч ирнэ гэж хэн санах билээ. Угтаа бол сайн санаалж л ирсэн хэрэг юм билээ. Амьжиргааны хэдэн малнаас өөр юмгүй эгчийнхээ амьдралд нэмэр болчих санаатай “Жи Тайм” гэх сүлжээнд элсүүлэхээр өвлийн хүйтнээр хэрэг болгон давхиж ирсэн нь тэр аж.

Тэрбээр, 2.5 сая төгрөг төлж ороод 20 сая болгож авах сайхан боломжийн талаар өдөржин ярьж, эгчийгээ ятгасаар санасандаа хүрч чаджээ. Ингээд малыг нь барьцаанд тавиулж таван сая төгрөгийн зээл банкнаас авахуулсан байгаа юм. Малчин эгчээс гадна, хүүг нь ч мөн сүлжээнд элсүүлжээ. Эхэндээ танил эгч маань итгэл муутай байсан ч нутгийн залуу сүлжээнээс 20 сая төгрөг авч, цоо шинэхэн машин хөлөглөн давхиж яваа тухай амтай бүхэн ярьсан учраас таван сая төгрөгөө 20 сая болгох сайхан боломжид найдаж, нутгийн хүүгээс дутахгүй сайхан машин хөлөглөх бодлоор сүлжээнд эргэлт буцалтгүйгээр элсчээ. Асуудал ингээд дуусахгүй. Улмаар дороо хүн нэмж элсүүлэх тусам таны болон хүүгийн чинь мөнгө авах боломж улам нэмэгдэнэ гэсэн багш дүүгийнхээ зөвлөгөөг дагаж харийн оронд ажиллаж яваад ирсэн хамаатны дүүгээ, ээжтэй нь хамт ятгасаар сүлжээнд элсүүлж орхив. Ингээд дөрвөн хүний нийт 10 сая төгрөг тушааж, тус бүртээ 20, 20 сая төгрөг авахаар хүлээж эхэлсэн байна. Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд байдаг гэдгийг тэд ойлгоогүй нь харамсалтай.

Өдөр болгон багш дүүтэйгээ утсаар ярихад “Одоо тун удахгүй. Эхний хүн аваад эхэлчихсэн. Таны ээлж тун удахгүй” гэх мэтээр сэнхрүүлдэг байсан аж. Гэтэл нөхцөл байдал бишдэж эхлэх нь тэр. “Жи Тайм” сүлжээний луйвар эхнээсээ илэрч эхэлсэн тухай хэвлэл мэдээллээр гарч эхлэхэд багш дүү нь аанай л “Удахгүй өгнө. Манай сургуулийн багш нараас гадна, захиргаа, санхүү, эмнэлгийнхэн бүгдээрээ цалингийн зээл тавиад орчихсон. Та санаа зоволтгүй” гэх мэтээр сэтгэлийг нь тайвшруулсаар байжээ. Харамсалтай нь энэхүү сүлжээний луйврыг Монголд оруулж ирсэн Казахстан улсын иргэд баригдсанаар сүлжээний луйвар нуран унаж, малчин эгчийн маань амьдралд маш том дарамт гарч иржээ. Хамаг байдаг малаа тоолуулж банкнаас зээл авчихсан, цаашлаад хамаатны эгч, дүү хоёрыгоо өөрийнхөө дор элсүүлчихсэн. Ингээд 10 сая төгрөгийн өрөнд унах нь тэр. Аргаа барахдаа багш дүүгээсээ мөнгөө нэхэж үзсэн ч “Би ч гэсэн адилхан хохирогч. Ийм зүйл болно гэж хэн санах билээ. Би ч гэсэн мөнгөө авчихвал таны мөнгийг өгнө шүү дээ” хэмээн биеэ өмөөрөн уурлажээ. Дэмий ярианд нь итгэж байдаг эд хөрөнгөө барьцаанд тавьж орхисон түүний хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь болчихоод явж буй. Энэ бол ганцхан газарт тохиолдсон жишээ биш. Монголын 21 аймаг, 360 гаруй сумдад яг ийм нөхцөл байдал бий болчихоод байна. Амраар мөнгө олох гэсэн мунхаг ухаанаасаа болж хэдэн мянган иргэд хохирогч болчихоод байгаа.

Гэвч, хатуухан хэлэхэд тэд өөрсдөө буруутай. Тэр тусмаа энэхүү сүлжээний хамгийн гол пирамидыг босгож, бусдыг сэнхрүүлж уриалж байсан хүмүүс нь нийгмийн хамгийн сэхээтэнлэг хэсэг буюу багш, эмч нар байгаа аж. Тэр ч байтугай банк санхүүгийн байгууллагад ажилладаг, сүлжээний бизнес гэж юу болохыг мэддэг хүмүүс хүртэл амраар мөнгө олохын тулд бусдыг сэнхрүүлж, өөрөө эхлээд авчихвал, дараагийн хүмүүс хэрхэн хохирох нь хамаагүй гэсэн сэтгэлээр асуудалд хандсан байгаа юм. Тэр тусмаа багш нарыг зориуд буруутгамаар байна. Тэд хэн бэ. Луйврын бизнест итгэж бусдыг хууран мэхлэгч үү. Эсвэл нийгмийг гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэж, Монгол Улсын ирээдүйг бэлтгэх учиртай боловсролын салбарын сэхээтнүүд үү. Амар хялбараар мөнгө олчих бодол өвөртөлж сүлжээний бизнест элсч яваа атлаа бусдын хүүхдэд ажиллаж хөдөлмөрлөж мөнгө олох тухай зааж суугааг ойлгох ухаан хүрэхгүй юм. Нийгмийг зөв зүйлд уриалж түүчээлэх учиртай гурван бүлэг бий. Нэгдүгээрт, урлагийнхан. Хоёрдугаарт, боловсролын салбарын ажилтнууд. Гуравдугаарт, сэтгүүлзүй ордог. Харамсалтай нь нийгмийг гэгээрүүлэх ажлаа багш нар маань тун хангалтгүй хийж байгаа. Нийт багш нарыг энд буруутгахгүй. Гэхдээ нэлээд хэсэг нь энэ мэт үлгэрт итгэсээр байгаа нь худлаа биш. Ганцхан сүлжээ ч биш. Өмнө нь нэгэн сумын сургуулийн бүх багш нар мөнгө дуудагч, их багш Б.Сарандаваагийн лекцинд суухаар ирж, түрийвчээ даллаж байгаад буцсан талаар манай сонин хөндөж байсан удаатай.

Тэгвэл энэ удаад багш нар сүлжээнээс мөнгө олох тухай үлгэрт итгэж хохирогчид болж байгааг зөвтгөх гээд ч арга олдохгүй нь. Бизнесийн алтан зарчмыг бодоод үзсэн ч үнэгүй зүйл зөвхөн хулганы хавханд байдаг гэдгийг монголчууд маань өнөөдрийг хүртэл ойлгоогүй хэрэг үү. Өчигдөрхөн энэхүү сүлжээний хохирогчид мэдээлэл хийлээ. Үнэндээ тэдний ярьж байгаа зүйлийг сонсоод бидний ирээдүй ямархуу бүрхэг байгааг, монголчууд хамгийн харанхуй бүдүүлэг цаг үеэсээ өнөө хэр салаагүй, цаашдаа ч салахгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрснөө нуух юун.

Дэлхий дахинтай хөл зэрэгцэн алхах мөрөөдөл тэртээ хол хэвээр байгаа юм байна, бидний хувьд. Луйврын бизнест итгэж мөнгөө алдчихаад үүнийгээ төр засаг, цагдаагийн байгууллагын буруу мэтээр ярьж, өөрсдийгөө өмгөөлж, бүр болоогүй амиа хорлох тухай бодож суугааг нь зөвтгөх бодол огтхон ч алга. Тэр тусмаа ийм зүйлийг хэвлэл мэдээллийнхэн бид зөв хэмээн уриалах учиргүй. Яасан ч хямдхан амь бэ. Эрхтэн бүтэн эрүүл саруул ажиллаж, хөдөлмөрлөж, элэг бүтэн амьдарч байхад 20 байтугай 30 саяыг ч хүн олж чадна. Мөнгө бол юу ч биш. Харин хүний амь бол үнэ цэнэтэй. Тэр тусмаа амиа хорлох шалтгаан нь мөнгө биш. Бид хаашаа яваад байна вэ.

Саранд түрийвчээ даллаж, өндөг, могой шэйрлээд л мөнгө олох гэж санаархана. Бүхэл бүтэн амьдралаараа дэнчин тавьж сүлжээнд орж луйвардуулна. Нэг компанийн захиралд уурлачихаад нийгмийн өмнө өөрийгөө шатааж давхина. Энэ сэхээтэнлэг, дэлхийд оюун ухааны хөгжлөөрөө тэргүүлдэг монголчуудын хийх үйлдэл хэрхэвч биш байлтай. Дэлхийн хамгийн амар амгалан, тайван оронд амьдарч, өөрийн дураар үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж, дуртай шашинаа шүтэж, дураа хүрвэл дуулж хуурдаж бүр зодолдож, төр засгаа санаснаараа зүхэж занаж суугаа атлаа юу дутсан гэж амиа хорлоход хүрэв. Үүнд төрөө буруутгах шаардлагагүй. Гэтэл дайн дажинтай улс оронд амьдарч буй ард түмэн нэг өдөр амьд явахын төлөө юугаа ч хайрлахгүй тэмцэж, амьдралын мөч хором бүрийн төлөө шуналтайгаар тэмцэж байна. Эх орон, эрх чөлөөнийхөө төлөө Төвдүүд алтан амиараа дэнчин тавьж байгаа. Гэтэл Монголд хэдхэн халтар төгрөгийн төлөө амиа хорлох тухай ярьж сүржигнээд л. Амиа хорлох шийдвэр мэдээлэл хийж суугаад л мэдэгдчихдэг зүйл биш байлтай.

Ер нь тэгээд ч сүлжээний бизнест ядуу амьдралтай, төрөөс халамж горьдож суудаг хэсэг бүлэг амьдралаа залгуулах мөнгө олохын тулд ордог гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Ядуу хүнд олдож буй хоёр сая төгрөгөөрөө сайхан амьдрах л чухал болохоос олсон мөнгөө үнэгүй өсгөх “адын хүсэл” огтхон ч төрөхгүй. Хоногийн хоолоо арайхийн залгуулж суугаа тэдэнд 2.5 сая төгрөг ч хаанаас олдох билээ. Аливаа юмны наад цаадахыг ойлгодог болчихсон, амьдрал нь тогтвортой, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс л энэ мэт үлгэрт итгэчихээд эцэст нь “Төрийн буруу, бид мөнгөө авах гэж байхад саад хийлээ. Сүлжээний луйврыг цааш нь үргэлжлүүлэх ёстой байсан юм” хэмээн мэдэгдэл хийж суугааг ойлгох ухаан хүрэхгүй нь. Хэдхэн халтар төгрөгийн төлөө амиа хорлох тухай ярьж суугаа аав ээжүүдээсээ хүүхдүүд юу сурах вэ. Луйврын бизнест итгэж цалингийн зээл авчихсан багшаасаа ажил хийж мөнгө олох, сайхан амьдрахын тулд сайн хөдөлмөрлөх тухай лекц сонсч суугаа үр хүүхдээ өрөвдөж байна. Хууль хяналтын байгууллага энэ асуудлыг үнэн зөвөөр тогтоох нь тодорхой. Тэр болтол сүлжээний луйврын хохирогч хэмээн өөрсдийгөө дөвийлгөж, бусдыг буруу зүйлд турхирч суугаа хэсэг бүлгийн “тэнэглэл”-ийг олон нийтэд сурталчлах хэрэг огт алга.

 
 
Сэтгүүлч: Б.Эрхэс
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ