Энэ жил 40 мянга орчим элсэгч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусах бөгөөд бүртгэл дууссанаас хойш нэмэлт бүртгэл хийхгүй гэсэн юм. 2017 оны байдлаар улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37 мянга гаруй сурагч төгсөнө. Үүнд гадаадад төгсөж байгаа болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо гарсан.
ЭЕШ өгч байгаа шалгуулагчид өмнө нь орос хэл, англи хэл, монгол хэлний шалгалтын тест бөглөдөг байсан бол энэ жилээс эхлэн сонсох чадварын шалгалт давхар өгөхөөр болсон юм.
Шалгуулагчид шалгалтад бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
- Цахим үнэмлэх
- Цээж зураг
- Интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон paycode буюу БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл
- И-мэйл хаяг (Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ)
- Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч бүртгүүлэхдээ онлайн бүртгэлийн хугацаанд холбогдох бичиг баримтаа БҮТ-д өгөх ёстой юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалтыг тусгайлан бэлтгэсэн тоног төхөөрөмжтэй өрөөнд авдаг аж.
ЭЕШ-ын бүртгэлийн хураамж шалгалт бүр 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын “Шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болох юм байна.
Нэг шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалтад орох батламжаас гадна ЭЕШ-ын батламж бас өгөх юм. Өөрөөр хэлбэл, нэг шалгуулагчид хоёр батламж олгоно. Батламжийн хүчинтэй хугацаа 2.5 жил байна. Хоёр батламж хамтдаа байж их, дээд сургуульд элсэх эрхтэй болох аж.