ТӨСВИЙН ТОДОТГОЛ: 2.7 их наяд буюу ДНБ-ий 10 хувьтай тэнцэх алдагдалтай төсөв баталлаа



Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Төсвийн төсөлтэй хамт өргөн баригдсан төслүүдийг батлав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульдөөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан хийсэн юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Ингээд хууль тогтоомжийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалтыг төсөл тус бүрээр явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.  

Үүгээр төсвийн тодотголтой хамт өргөн баригдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд батлагдлаа. Мөн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан юм. Уг тогтоолд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр 12 заалт бүхий тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Эдгээр хууль тогтоомжийн төслүүдээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 болон 5 дугаар зүйл, мөн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг 2017 оны 05 дугаарын 01-ний өдрөөс, 3 болон 4 дүгээр зүйл, 1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь заалтуудыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1, 2, 4 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс, 3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөх юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав

Дараа нь Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тодотголын төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө Засгийн газар анхны хэлэлцүүлгийн шатанд нь буцааж татаад байсан юм. Гэвч хууль хоорондын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал бий болсон учраас Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Төсвийн байнгын хороо дахин санаачлан боловсруулж хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах талаар гишүүдээс гаргасан горимын саналыг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн. Иймээс тус Байнгын хороо хуралдан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт, горимын саналыг дэмжин хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар шийдвэрлэсэн юм.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нар танилцуулав. Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, М.Оюунчимэг, Г.Занданшатар, Х.Баделхан, С.Чинзориг нар асуулт асууж тодруулан Байнгын хорооны дарга, Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон ажлын хэсгээс хариулт авсны дараа хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын санал дэмжигдэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.1 хувийн саналаар хуулийн төслийг бүхэлд нь батлав.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ

Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд (Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн)-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хийснийг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулав. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуралдаан даргалагч хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалтыг хуулийн төсөл нэг бүрээр явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

Үүгээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүд эцэслэн батлагдлаа.

Төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг гишүүдэд уншиж танилцуулан санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Төсвийн байнгын хорооны танилцуулгад дурдсанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан саналын дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зарлага болон  цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардлыг 26 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.

Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын жагсаалтаас нэмж санхүүжилт олгох шаардлагагүй, 719.6 сая төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 3 төсөл, арга хэмжээг хасч, өмнөх жилүүдэд олгосон санхүүжилтийн гүйцэтгэлийг үндэслэн 9 төсөл, арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 2.339.3 сая төгрөгөөр бууруулан, эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын их засварын зардлын дүнг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож 14.300.0 сая төгрөгөөр бууруулснаар нийтдээ хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 2017 онд санхүүжүүлэх дүнг 17.961.7 сая төгрөгөөр хасч тооцжээ.

Дээрх өөрчлөлтүүдийг 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,035.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь, нийт зардал 8,750.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,714.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувь болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 59.7 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурсан байна.

Ингээд Монголын Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид, тэдгээрийн харьяа болон бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг хуулийн төслийн 3 дугаар зүйлд заасны дагуу, улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг хуулийн төслийн 5 дугаар зүйлд заасны дагуу тус тус баталлаа. Мөн “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус батлав.

Түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг нийт 132,183.7 сая төгрөг, төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын нийт хэмжээ 206,308.3 сая төгрөг байхаар тус тус баталсан юм. Харин 2017 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зардлын нийт хэмжээг 53,013.5 сая төгрөгөөр баталлаа.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 49 нь буюу 94.1 хувийн саналаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлав.

Дараа нь Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 46 нь буюу 90.2 хувь нь дэмжиж баталлаа. Ингэснээр Нийгмийн даатгалын санд 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын нийт хэмжээ 1,999,863.5 сая төгрөг, тус сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах нийт төсвийн хэмжээ 1,891,751.5 сая төгрөг байхаар тус тус батлагдлаа.

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд эцэслэн батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсэг, хууль тогтоомжийн төсөл дээр ажилласан бүх хүнд талархал илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ