Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбоо хамтран “Их тэнгэр” цогцолборт “Иргэний мэдэх эрх” сэдвээр сэтгүүлчдийн уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтад аймгуудын телевиз, радио, сонин, сайтын сэтгүүлчид, МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга нараас бүрдсэн нийт 100 хүн оролцож байгаа юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн гадаад бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд “Монгол дархлаа-Монгол бахархал”, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар “Монгол хүн-Монголын баялаг”, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Хуулийн засаглал ба шүүхийн шинэтгэл”, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг “Баялаг бүтээгчид, ногоон хөгжил”, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр “Батлан хамгаалах бодлого, хэрэгжилт”, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж "Иргэдийн оролцоо, шилэн дансны хэрэгжилт, эдийн засгийн бодлого" сэдвээр тус тус мэдээлэл хийв.
Орон нутгийн сэтгүүлчид мөн Монголтоль.мн (Монгол хэлний их тайлбар толь, Монголын түүхийн цахим тайлбар толь)-ийн тухай, Үндэсний аюулгүй байдлыг хангахад орон нутгийн байгууллагын оролцоо сэдвүүдээр мэдээлэл сонсч, Орон нутгийн хэвлэл мэдээллийн тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сэтгүүлчдийн уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ:
“Эрхэм хүндэт сэтгүүлчид Та бүхний амар мэндийг айлтгаж мэндчилье.
Монгол Улсын 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болсон сэтгүүлчдэд зориулсан “Иргэний мэдэх эрх” сэдэвт уулзалт эхэлж байна. Өнөөдрийн энэхүү уулзалт бол Та бүхнээр дамжуулан орон нутагт ажиллаж буй бүх сэтгүүлчидтэй хийж буй уулзалт юм.
“Иргэний мэдэх эрх” уулзалтын үдээс өмнөх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд биечлэн оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 онд Гадаад бодлого, аюулгүй байдал; Хүний эрх, хуулийн бодлого; Байгаль орчин, ногоон хөгжил; Хүний хөгжил, нийгмийн бодлого; Олон нийтийн харилцаа зэрэг салбарт санаачилсан хууль, төсөл, хөтөлбөр хийгээд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, мэдээлэл солилцоно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэхүү уулзалтад хүрэлцэн ирж оролцоно. Та бүхэн Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс сонирхсон асуултаа асууж, мэдээллээ нягталж, баталгаажуулж авч болно.
Үдээс хойших хэсэг буюу хоёрдугаар хэсэгт Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал ба иргэний оролцоо асуудал, Та бүхний мэргэжил, мэдлэгт шууд хамаарах “Монгол хэлний их тайлбар толь”-ийн тухай мэдээллийг мэргэжилтэн, судлаачид хүргэнэ. Үүний дараа Орон нутгийн сэтгүүлчдийн байгууллагын дотоод асуудлаар Та бүхэн өөр хоорондоо ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Эдгээр мэдээлэл, танилцуулга, илтгэл нийлээд Монголын төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлын тоймыг мэдэх нөхцөлийг бүрдүүлэх төдийгүй сэтгүүлчдийн оролцоо, боломж, эрх үүргийн тухай ярилцах цогц уулзалт болно гэж үзэж байна.
Сэтгүүлчид бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Иргэний мэдэх эрх”-ийг хангахад тусалдаг өвөрмөц мэргэжилтэй хүмүүс. Та бүхэн бидний хүргэсэн мэдээ, мэдээллийг мэргэжил нэгтнүүддээ дамжуулж, орон нутгийн иргэддээ шуурхай хүргээрэй. Орон нутгийнхны сонсох чих, харах нүд болсон сэтгүүлчид Та бүхний ажилд амжилт хүсье.
Монгол Улсын иргэн бүрийн мэдэх эрх цагийн цагт нээлттэй байж, сэтгүүлчид Та бүхний үзэг хурц, үг сэцэн байхын ерөөл өргөн өнөөдрийн уулзалтыг эхлүүлж байна.
Та бүхэнд баярлалаа” гэлээ.
Орон нутгийн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ:
“Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой 12+3 заалт байдаг. Дотроо задрах боломжтой. Энэ дундаас хүмүүсийн хамгийн сайн мэддэг заалт бол УИХ-аас гаргасан шийдвэрт хориг тавих гэсэн заалт байгаа. Өмнөх Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс үүнийг нэлээд сайн хэрэгжүүлж байсан байдаг. Миний барьсан бодлого бол нэгэнт ард түмний төлөөлөл болж сонгогдоод орж ирсэн хүмүүс асуудал шийдэж байхад тэр бүр хориг тавиад байх шаардлагагүй гэсэн байр суурь баримталдаг. Нэг удаа авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой тодорхой хэргийг Өршөөлийн хуульд оруулах гэхэд түүн дээр хориг тавьж нэлээд шуугиан болж байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Өнөрсөн 8 жилээр аваад үзвэл энэ эрх мэдлийг хамгийн бага хэрэглэсэн тоо гардаг.
Засгийн газар руу хандсан бас нэг ажил бол Ерөнхийлөгч хуульд нийцүүлж зарлиг гаргах эрхтэй. Гэхдээ Засгийн газартай холбоотой гэдэг юм уу, төрийн захиргааны байгууллагатай холбоотой ямар нэгэн оролцоо шаардсан ямар нэг үг, өгүүлбэр орсон л байх юм бол түүн дээр заавал Ерөнхий сайд гарын үсэг зурдаг. Засгийн газрын хуралд танилцуулдаг. Засгийн газар дэмжвэл Ерөнхий сайд гарын үсэг зурж зарлиг гардаг.
Хүмүүсийн сайн мэддэг бас нэг зүйл бол УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч тааллаараа оролцдог. Мэдээлэл хийдэг. Санал оруулдаг гэсэн ойлголт бий. Хуучин бол Үндсэн хуулиар олонхи болсон нам юм уу, олуулаа хэлэлцээд Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд ирэхэд оруулах уу, үгүй юү, эсвэл Засгийн газрын гишүүнийг оруулах уу, үгүй юү, ийм яамтай байх уу гэж бүрэлдэхүүний асуудлыг шийдэхэд Ерөнхийлөгч шууд буцаадаг эрх мэдэлтэй байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар энэ эрх мэдэл алга болсон. Одоо бол Ерөнхий сайдаар ямар ч хүн гарч ирсэн, 5 хоног дотор УИХ-д оруулна гэж байгаа. Хэрэв оруулахгүй бол Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн болно.
Та бүхэн сайн мэдэж байгаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй гэдэг асуудлыг үргэлж тавьдаг. Тийм учраас дэмжихгүй гэсэн цаас өгдөг. Энэ цаасыг харсан ч “Ерөнхийлөгчөөс бичиг ирсэн. Оруулж ир” гээд сайдыг шууд оруулаад баталдаг. Тэгэхээр энэ бол эрх мэдэл гэхээсээ дамжлагын хэлбэртэй болж хувирсан.
Хэнээс ч хамааралгүй хэрэгжүүлдэг 3 эрх мэдэл, чиглэл бол улсын цол, одон, медаль олгодог, уучлал үзүүлдэг, хэрэв гаднын иргэн Монгол Улсын иргэн, харьяат болъё гэвэл болгодог. Харьяатаас хасдаг. Гэхдээ л цол, одон, медаль бол ИТХ, бусад газраар дамжиж орж ирдэг. Цэргийн цол гэхэд Засгийн газар хуралдаанаараа яриагүй бол Ерөнхийлөгч олгож чадахаа больсон.
Элчин сайд томилж, гадаадын Элчин сайдын жуух бичгийг хүлээж авна гэдэг. Яг үнэндээ Үндсэн хууль дээр Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилно гэж байгаа. Хууль дээр Гадаад харилцааны сайд эхэлж санал гаргаад, Засгийн газрын хурлаар оруулаад, дэмжих юм бол Ерөнхийлөгчид авчирч өгдөг. Ерөнхийлөгч бол УИХ руу оруулдаг л үүрэгтэй. Дамжуулах хэлбэртэй, ёслолын чанартай үйл ажиллагаа болж байгаа юм.
ҮАБЗ-ийг тэргүүлнэ гэдэг. ҮАБЗ хурлаараа зөвлөмж гаргадаг. Зарим хүний ойлголтоор тэр зөвлөмжийг хэрэгжүүлж ч болно, хэрэгжүүлэхгүй ч байж болно гэсэн ойлголттой байдаг. Уг нь хуулиар ҮАБЗ-ийн зөвлөмжийг бүх шатанд хэрэгжүүлэх ёстой.
Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэдэг. Энэ нь нөгөө талаасаа үүрэг болж хувирдаг. Цэрэг, зэвсэгт хүчин, батлан хамгаалахын холбогдолтой бүх хууль тогтоомжийг санаачилж оруулах, хуулийн төслүүд дээр ажиллах үүрэг болж хувирч байх жишээтэй.
Ерөнхийлөгчийн бүрэн эрх дотор нэр төрийн хэрэг гэж үзэж болох хоёр заалт бий. Монгол Улсын Төрийн тэргүүн, улсаа бүрэн эрхтэйгээр төлөөлөх эрхтэй гэдэг. Энэ бол хүн бүхэнд олдоод байхгүй ховор хувь тавилан. Их өндөр үүрэг, хариуцлага байгаа юм.
Энэ бүгдээс ерөөсөө эдлээгүй, хэрэгжүүлээгүй гурван эрх байна. Онц байдал зарлана гэдэг. Найман жилийн хугацаанд ийм зүйл гарсангүй. Ерөнхийлөгч дайны байдал зарлана гэдэг. Гараагүй. Цэрэг хөдөлгөнө гэдэг. Ийм зүйл гараагүй. Мөн гаднын иргэнд орогнох эрх олгоно гэсэн зүйл байдаг. Энэ гараагүй. Ерөнхийлөгч ямар ажил, үүрэг гүйцэтгэдэг хүн бэ гэдэг талаас нь та бүхэн эндээс ойлголт авсан байх аа.
Өнгөрсөн хугацаанд 5 чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллалаа. Зарим хэвлэл, мэдээллийн байгууллагаас бидэнд санал тавиад, Ерөнхийлөгчийн тайланг зөвхөн УИХ дээр сонсдог биш, ард нийтээрээ сонсоё. Хүмүүс сонсоод дүнгээ тавья гэсэн үйл ажиллагаа явж байгаа. Хүмүүс “Сонсоод байхад үнэхээр их ажил хийсэн юм байна. Бид нар мэддэггүй юм байна” гэсэн хандлага нэлээд илэрч гарч ирж байна.
Миний баримталдаг бодлого бол асуудлыг өөрөө санаачлахаас гадна ард иргэдээс ажлын сайн санал гарч байгаа бол түүнд нь дэмжлэг үзүүлье гэж байгаа. Нэгэнт Ерөнхийлөгчийн эрх мэдэлд тодорхой хязгаарлалт байдаг учраас хүмүүсийн гаргаж байгаа санаачилгад дэмжлэг үзүүлж ажиллах нь чухал юм гэж боддог.
Нэг хүн “Та гадаад бодлого дээр хамгийн онцлох, хамгийн амжилттай болсон хэдэн зүйлийг хэлж өгөөч” гэж өмнө нь болсон уулзалт дээр хэлж байсан. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн 5 орон байдаг. Хоёр хөрш орон, Англи, Франц, АНУ багтдаг. Энэ 5 орноор Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүс, аюулгүй байдлын баталгааг гаргуулж гарын үсэг зуруулж авсан. Бид бүгдээрээ эх орондоо хайртай. Бүгдээрээ эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдалдаа хайртай шүү дээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хэмжээнд ийм баталгаа гаргуулна гэдэг бол асар их чухал байсан. П.Очирбат гуай үүнийг сонсоод надад хэлж байсан. “Элбэг ээ, чи энэ л ажлыг хийсэн байхад өөр ажил хийж яах юм бэ. Үнэхээр энэ бүтэх үү, үгүй юү гэж яригддаг байсан. Үүнийг хийлээ шүү дээ” гэж байсан.
Өөр нэг зүйл их шуугиантай байсан. Одоо ч мартаад эхэллээ л дээ. Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах гэнэ, булшлахгүй гэнэ гээд хэвлэлийнхэн ярьдаг, цуглаан жагсаал болдог байсан. 2012 онд зарлиг гаргаад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэгэн гаднын цөмийн хог хаягдлыг булшлахгүй, байрлуулахгүй, тээвэрлэж өнгөрүүлэхгүй гээд олон нийтэд мэдээлсэн. Түүнийгээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал дээр дэлхий нийтэд зарласан. Одоо энэ асуудлаар Монгол Улсыг шахдаг, дарамталдаг, хүнд байдалд оруулдаг зүйл алга болж байгаа юм. “Манай улсын Ерөнхийлөгч дэлхий дахинд зарласан. Бид ийм бодлоготой болсон” гэдэг. Энэ нь Монгол Улсын аюулгүй байдалд чухал зүйл. Би цөмийн хог хаягдал, янз бүрийн зүйлийг Монголоос хол байсан нь дээр гэж боддог. Ийм хатуу үзэл баримтлалтай хүн. Орж ирлээ гэхэд Монгол Улсын оршин тогтнох, иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж болох ийм айхавтар зүйл л дээ.
ЕАБХАБ гэж Европын улсуудын байгууллага байдаг. Бусад тивээс түүнд элсүүлж болдог. Тэгэх юм бол Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны гишүүн орнууд тухайн орны аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээдэг. Монгол Улс 2012 онд санаачилж гүйсээр байгаад 52 дахь гишүүн нь болсон. Одоо Европын 51 орон, түүнд оролцсон бүх улсууд Монголын аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээж байгаа.
Зуун жилийн өмнө, 1911 онд Богд хаан тусгаар тогтнолоо тунхаглаад, Манжаас Монгол салж, тусгаар тогтнолоо олж аваад цаашаа алхахад хамгийн түрүүнд 8-9 орны жагсаалт гаргаад “Бидний бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөөч. Бидэнтэй холбоо тогтоогооч” гэж захиа явуулж байсан шүү дээ. Үүнийг бодоход Монгол өнөөдөр гайхамшигтай амжилтад хүрлээ.
Бидний бас нэг амбицтай зорилго байдаг. НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтооно гэж. Ийм зорилго тавиад асар өндөр түвшинд хүрсэн улс цөөхөн шүү. Одоо 186, 187 дахь улс руугаа явж байна. Нэг үе манайх 60 оронтой, 100 оронтой дипломат харилцаатай байсан бол одоо 186, болж байна. Дэлхий дээр НҮБ-ын гишүүн орон 205 байгаа байх. Энэ бүхнийг эргэж харахад Монголын ард түмний нэр хүнд, Монгол Улсын явуулж байгаа бодлогыг хүлээн зөвшөөрөх нэр хүнд өндөр байгаа.
Монгол Улсын хувьд гадаад бодлого бол аюулгүй байдлын бодлого юм. Монголын бүрэн эрхт байдлыг яаж бэхжүүлэх вэ, Монголын жин нөлөөг яаж нэмэх вэ гэсэн бодлого. Зүүн хойд Азийн 6 орон байдаг. ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон байна. Тэгээд Монгол ороод явдаг. Энэ дээр аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэсэн санаачилга гаргасан. Япон, Хойд Солонгосын талаас уулзалт, яриа, хэлэлцээгээ хийж чадахгүй байхад бид Улаанбаатарт уулзалтыг нь хийлгээд, гурав дөрөв хоног уулзуулж яриулаад буцааж л байсан. Энэ асуудлаар тухайн улс орны болоод сонирхсон орны том хэмжээний судлаач, төлөөлөгчид Улаанбаатарт жил бүхэн ирж хуралддаг болсон. Бид хамаарлаа л нэмж авмаар байгаа юм.
Дээр үед нэг онигоо байдаг байсан. “Монгол бол хамгийн их бие даасан, тусгаар тогтносон орон. Яагаад гэвэл Монголоос юу ч хамаардаггүй” гэж. Энэ бол хамгийн аюултай. Юу ч хамаардаггүй л байх юм бол Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдал 100 хувь баталгаагүй байна гэсэн үг. Монголын оролцоо, хувь нэмрийг хүн хүндэтгэдэг байх л юм бол чухал үйлс юм.
Би бол Монгол Улсыг жижиг улс гэж боддоггүй. Монгол Улс бол том орон. Зарим нь гэхдээ жижиг улс гэж хардаг. Тийм учраас бид том бодлого гаргаж, том тоглогч болохын төлөө нэлээд том, бараг боломжгүй саналуудыг хэрэгжүүлэхийн төлөө явах л ёстой.
Хэдэн мянга, хэдэн зуун жилээр Орос, Хятад хоёр хөрштэй явахад 3 орны Төрийн тэргүүн нэг ширээний ард уулзсан түүх ерөөсөө байгаагүй. Энэ асуудлыг санаачлаад явсан. ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч гурвуулаа яг нэг ширээний хажууд суугаад 3 талынхаа асуудлыг ярьдаг. Энэ хоёр том орны дунд дэлхий дээр ганцхан орон оршдог. Тэр нь Монгол Улс. Наад зах нь төмөр зам, наад зах нь дамжин өнгөрөх тээврийн асуудал гээд 3 талаараа ярих зүйл байна гэсээр байгаад хамгийн сүүлийн уулзалтаар гайхамшигтай амжилтад хүрсэн шүү дээ. Гурван орныг гурвууланг нь холбосон эдийн засгийн коридор байгуулъя гээд 3 орны төлөөлөл оролцуулаад 32 төсөл ярьсан. Ингээд Монгол хамааралтай болоод, Монгол бүс нутгийн дэд бүтцэд холбогдвол Монгол орхигдохгүй, Монгол ганцаардахгүй. Энэ бол Монгол Улсын бодлого. Үүнийг заавал хэн нэг хүний нэртэй холбох хэрэггүй. Хэн нэг хүний нэртэй холбох юм бол тэр бодлогыг унагах, улстөржүүлэх, буруу зөрүү хандлагууд гардаг. Энэ бол соёл, бодлого болоод тогтох ёстой.
Дараагийн асуудал бол Монголын дархлааг бэхжүүлэх тухай юм. Энд монгол хэл бичиг, өв соёл, монгол хүн, монгол судлал, Монголын түүх зэрэг орно. Яг хэрэгжиж үр дүн нь гарсан 120 гаруй ажлын 30 гаруй нь үүнтэй холбоотой. Монгол бол өөрийн бүтээсэн гайхамшигтай түүхтэй, гайхамшигтай соёлтой орон. Үүнийгээ бид ард түмэндээ, үр хүүхэддээ, хойч үедээ ойлгуулах хэрэгтэй. Монгол гэдгээрээ бид бахархах ёстой. Монгол газар нутаг хүртэл гайхамшигтай. Байж болох газарзүйн онцлог бүхнийг тасдаад авчраад байгуулсан юм шиг. Говьтой бол гавьтой, талтай бол талтай, өндөр Алтайн уултай бол уултай, модтой бол модтой, гол, мөрөн, уул устай. Тэнд амьдарч байгаа хүмүүс нь гайхамшигтай соёлтой. Гайхамшигтай өв уламжлалтай. Гайхамшигтай түүхтэй. Эхний зорилго бол монгол хүнийг Монголдоо хайртай болгох. Монголд хайртай болно гэдэг бол зүгээр гарч ирээд улс төрийн өнгөөр юм уу, янз бүрийн өнгөөр янз бүрийн зүйл ярихын нэр биш. Үр хүүхэддээ, хойч үедээ төр нь хүртэл өвлүүлэх бодлого явуулах ёстой.
Монгол судлаачид 5 жилд нэг удаа Монголд ирж хуралддаг. 400-500 гадаадын эрдэмтэн ирээд бүгдээрээ монголоор ярьж байгаа. Гайхамшигтай биз. Монголын нууц товчоо, монгол бахархал, судалдаг зүйлийнхээ тухай монголоор ярьж байгаа. Монгол судлалын гол төв Монголд биш, манай энд бий гэж хэлдэг, тийм бодлого явуулах гэж оролддог улс бий л дээ. Бид бол Монголд байгаа шүү, гал голомт нь Монгол юм. Бие даасан, тусгаар тогтносон Монгол Улс юм гэдэг бодлогыг үргэлж барьж байх ёстой.
Барих ёстой бодлого, зогсох ёстой байр суурин дээрээ зогсож байж чадах хэрэгтэй. Энд Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарал хандуулахгүй бол өөр ямар зүйлд анхаарал хандуулах вэ.
Гурав дахь чиглэл бол хууль, шүүхийн байгуллагын шинэчлэл юм. Ямар нэг зүйл хөндлөнгөөс харагдаж байж дүн нь гардаг. Монгол Улсын авлигын индекс 2011 онд 120 байсан. Энэ явсаар байгаад 2012 оноос хойш 72 болж буусан. Харамсалтай нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа, 2016 оны эцсээр Монголын авлигын индекс муудаж гарсан. Энэ нэг юм хэлээд байгаа юм.
Авлига гэдэг хэцүү юм. Өдөр бүхэн анхаарч байхгүй бол хогийн ургамал шиг, хаданд ургадаг хөгц шиг барзайгаад л гараад ирдэг. Түүндээ дасдаг. Нэг зовлон бий. Шударга ёс гээд манайхан бүгд л гараа өргөөд, цуглаан хийгээд, асуудал тавиад байдаг. Яг үнэндээ авлигатай тэмцэнэ, шударга ёс тогтооно гэдэг хамгийн хэцүү ажил. Би хэлдэг. Төрийн албан хаагч болж шалгалт өгөх гэж байгаа бол чи авлигатай тэмцэж чадаж л байгаа бол шалгалтаа давж байна гэсэн үг. Түүнээс биш хэн ч нэг сандал бөглөөд сууж чадна. Хэн ч хүмүүсийн төлсөн татварыг хуваагаад аймгууд руу явуулж чадна. Үүнийг хэн ч хийнэ. Хэн ч өөрийн намаараа томилгоо хийж чадна.
Харин ард түмний мөнгөнөөс хулгайлсан байх юм бол хэний ч өөдөөс хараад “Чи боль, зогсоо, наадахаа. Шалга” гэж хэлж чаддаг чадвар ер нь байдаггүй юм. Улстөрчдийн дуртай сэдэв гэж байдаг, дургүй, тойрдог сэдэв гэж байдаг. Миний онцлог бол улстөрчдийн барьж авах дургүй сэдэв рүү л явах гэж үздэг. Төр чинь том байна. Шилэн данстай байх хэрэгтэй. Та нар Шилэн дансны хуулийг Засгийн газар санаачилж оруулна гэж бодож байна уу? Хэзээ ч оруулахгүй. Гурван жил үзэж байж, 4 удаа буцаж байж тэр хууль гарсан. Гарахдаа бас муутгаж гаргасан л даа. Одоо бол хуулийг сонголтоор хэрэгжүүлж байгаа. Ийм адгийн байж болохгүй.
Хамгийн хэцүү нь ард иргэд маань нөгөө хэрэг нь сөхөгдөж байгаа улсын тархи угаалтад ороод эргээд бүгдээрээ өрөвдөж эхэлдэг. Тэнд явж байгаа хуулийнхан, бүх хүний зүрх, зориг нь мохдог. Ийм байдлаараа Монгол Улсын сайхан хөгжил дэвшлийн тухай ярих ямар ч боломжгүй.
Уг нь Ерөнхийлөгч тэнд явж байгаа хуулийн байгууллага, тэр хэцүү ажлыг хийж байгаа улсыг зоригжуулж, түүнд нь улс төрийн баталгаа болгож урагш зүтгэх л ёстой л доо. Хүндрэлтэй байдаг юм. Тэгж байгаад л нэг буцдаг. Сошиалд бүгдээрээ л сэтгүүлч болчихлоо шүү дээ.
Социализмын үед 30 сэтгүүлчтэй л орон байсан биз дээ. Одоо 3 сая сэтгүүлчтэй орон боллоо шүү дээ. Ийм орныг удирдана, ийм оронд амьдарна, ажил хийнэ, нийтийн дэмжлэг авна гэдэг хэцүү. Амаргүй шүү. Цаашаа энэ байдал улам явна. Би энэ байдлыг хадгалах ёстой л гэж боддог. Зарим оронд энэ бүхэн бүр хаалттай. Тодорхой үг оруулахад л бүх интернэт нь хаагдаж байдаг. Түүнийг хэрэглэсэн хүн шууд шоронд явдаг. Хэрэг хүлээдэг. Тийм л байгаа шүү дээ.
Монгол Улсын нэг давуу тал бол ганц Ерөнхийлөгчтэй, ганц мундаг удирдагчтай байх биш, 3 сая иргэн нь чадвартай сайн нь байх нь чухал гэж боддог.
Нэг хүн гарч ирээд бүх юмыг бэхжүүлээд сайхан болгоно гэж хэзээ ч байхгүй. Шинэ улстөрчид дахиад өмнөх улсынхаа алдааг давтдаг.
Ардчилал бол миний ойлгож байгаагаар нийгмээ яаж амжилттай сайн зохион байгуулах вэ л гэдэг систем юм шиг байгаа юм” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч үүний дараа сэтгүүлчдийн бичгээр тавьсан, амаар асуусан асуултуудад хариулав.