Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Төр яаж ажилладгийг шүүх харуулдаг



Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөнийг өнөөдөр Төрийн ордонд анх удаа зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэл Улаанбаатар хотын 9 дүүргээс ирсэн 416 шүүхийн иргэдийн төлөөлөгч, 114 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, төрийн байгууллагын 121  төлөөлөл, төрийн бус 77 байгууллага, судлаачдын төлөөлөл, дүүргийн хороодын 152 төлөөлөл, нийт   880  төлөөлөгч оролцож, шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцооны ач холбогдол, хөгжлийн хандлага, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн тэдгээрийг даван туулах, хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах санал, зөвлөмж гаргалаа.

Уг зөвлөгөөн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Нэгд, Шүүх, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн хамгийн гол ажил бол  хуулийг тэгш хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, иргэн хүний эрх ашгийг хамгаалах гэсэн гол үйл ажиллагаа байдаг. Шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн үгээс та бүхэнд хүргэе.

Архангай аймгийн Хайрхан сумын иргэн, Монгол Улсын гавьяат малчин О.Дорж гэдэг хүн ингэж хэлсэн байна. “Би 70 гаруй настай. Анхан шатны шүүх хурлаар 4 удаа, давж заалдах шатны хурлаар 3 удаа, хяналтын шатны хурлаар 2 удаа орлоо. Анх дарга нарын эсрэг заргалдана гэхэд сэтгэлд багтахгүй байлаа. Ойр тойрны хүмүүс ч та ингэх хэрэг байна уу гэж байлаа. Одоо би шүүх хуулийг шударгаар биелүүлж, эрх мэдлээ хэтрүүлдэг задарсан дарга нараас ядарсан иргэдээ хамгаалдаг гэдгийг ойлгож мэдэрлээ. Шүүхийн шинэчлэл цаг үеэ олж, түмний эрх ашгийн төлөө зөв сайхан хэрэгжиж байгааг би бахархалтайгаар мэдлээ” гэж хэлсэн байна.

Эндээс бидний хийж байгаа, авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа хэр явцтай байгаа нь харагдаж байгаа.

Хоёрт, бидний авч хэрэгжүүлж байгаа нэг чухал ажил, шүүхийн шинэчлэлд гарч байгаа нэг чухал дэвшил бол шүүхийн нээлттэй байдал юм. www.Shuukh.mn гэж веб сайт байгаа. Энд 15 мянган хүн байнга үйлчлүүлэхээр бүртгүүлсэн байна гэдэг бол нэг сайтын хувьд маш өндөр тоо юм. Өдөрт 10 мянган хүн тогтмол ханддаг. Жилд давхардсан тоогоор 3 сая хүн хандаж байгаа. Хамгийн гол нь тэндээс жилдээ 150 мянган шүүхийн шийдвэрийг татаж авдаг гэсэн тоо байгаа юм. Шүүхийн шийдвэр гараад хэвлэгддэг, мөн веб сайтуудад гарч шат шатандаа тавигддаг болсон. Энэ нь шүүхийн шийдвэр чанартай гарах, шүүгчид шийдвэр гаргасан үндэслэл, бүх зүйлээ чанартай, хуульд нийцүүлэн гаргах шаардлагатай болж байгаа. Дээр нь иргэдийн ийм том хяналт байгаа.

Бид шүүхийн шинэчлэлийг эхлүүлээд явж байх үед, 2012 онд 60 мянган хүн веб сайтад хандаж байсан. Одоо 3 сая хүн гэдэг бол том тоо. 12 дахин өссөн байна. Иргэд шүүхдээ итгэж байгаа, шүүхийн шийдвэрийг сонирхож байгаа, оролцогчид тэр шийдвэрийг авч хянаж байгаа байдал асар их нэмэгдсэн нь эндээс харагдаж байна.  “Шүүхээр үйлчлүүлж байж л би  шинэчлэлийг мэдэрлээ” гэж Баянгол дүүргийн иргэн Г.Ганчимэг ярьсан байдаг. “Би анх удаа шүүхээр үйлчлүүлж байна. Шүүх шинэчлэгдэж, ил тод, шуурхай, нээлтэй ажилладаг болсон талаар мэдээлэл авч байсан. Харин өөрөө шүүхээр үйлчлүүлж байж л үүнийг мэдэрлээ” гэж тэр хэлсэн байна.

Шүүхийн үйл ажиллагааг шүүхээр үйлчлүүлсэн иргэд л өндөр үнэлсэн байдаг. Анх шүүхийн шинэчлэлийн үйл явц явж байхад шүүхэд итгэх иргэдийн итгэл 20 гаруй хувьтай гэдэг байсан. Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага шүүх эрх мэдлийн шударга байдлын бүрэн шинжилгээ явуулсан.  Тэндээс гаргасан дүгнэлтээр Монгол Улсын шүүх үнэхээр шударга түвшинд сайн ажилладаг юм байна гэж 64 хувьтай гарсан. Энэ бол зүгээр санал асуулгын дүн биш. Мэргэжлийн, олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагын гаргасан дүгнэлт юм. Эндээс Монголын шүүхийн шинэчлэл үнэхээр үр дүнтэй явж байгаа нь харагдаж байгаа гэдгийг энэ нэг жишээнээс татаж болох юм.

Шүүх үйл ажиллагаа бол манай төрийн үйл ажиллагааны хамгийн чухал ажил байдаг. Хүний амьдрал ч, нийгмийн амьдрал ч адилхан, байгууллагын үйл ажиллагаа ч адилхан явж явж хувь хүний харилцаанаас шалтгаалдаг. Шүүх рүү хүн нэг өөр сэтгэгдэлтэй орж байгаа. Айсан, бэргэсэн ч юм уу. Яадаг бол гэсэн сэтгэгдэлтэй ордог. Тэгэхэд сайхан инээмсэглэж угтаад, мэдэхгүй зүйлд нь хариулт өгөөд, хамтарч ажиллаад харилцах юм бол тэр харилцаанаас эхлээд л хүмүүсийн хандлага шууд өөрчлөгддөг. “Адууны алгаас аяганы алаг” гэж ярьдаг. Хүнийг алагчилж үздэггүй байх, төрийн барьж явах хамгийн гол эрхэм зарчим бол энэ. Үүнийг хамгийн түрүүнд хүнд мэдрүүлдэг байгууллага бол шүүх эрх мэдлийн байгууллага юм. Хуулийн дор хүмүүс ижил байх, хууль хүмүүст ижил үйлчлэхийг л шударга ёс гэж нэрлэдэг. Шударга ёс гэдэг агуулгаа өөрсдөө бид маш сайн мэддэг байх ёстой.

Говьсүмбэр аймгийн иргэн Х.Төмөрбаатар эрүүгийн маш хүнд гэмт хэрэгт сэрдэгдэж, хоригдож явсан. Шүүх хэргийг нь үнэн зөвөөр, хуульд нийцүүлж шийдсэн. Х.Төмөрбаатар “Шүүх бол хэний ч нөлөөнд үл автах, авлига, хээл хахууль, хүнд суртлаас ангид цор ганц байгууллага байгаад би үнэхээр их баярлаж байна. Жил гаруй хугацаанд сэтгэл санаа, бие махбодиороо хохироод зогсохгүй нутаг усныхандаа ч муу нэртэй болж явсан. Гэсэн ч шүүх үнэн мөнийг тогтоож өгсөнд одоо сэтгэл өөдрөг байна” гэсэн байна.

Ийм л хүмүүс шүүхээр үйлчлүүлж байгаа. Тэдний үнэн мөнийг тогтооно гэдэг бол үнэхээр амар ажил биш. Шүүхийн иргэдийн төлөөлөгчид тэр үнэн мөнийг тогтоох нэг тал нь болж оролцож байгаа. Тэгэхээр та бүхний үүрэг, хариуцлага ямар өндөр болохыг эндээс харж болох юм.

Шударга байна гэдэг өргөн утгатай үг. Ажлаа хариуцлагатай хийнэ гэсэн үг шүү дээ. Ажилдаа хүн хариуцлагатай хандана гэдэг бол хийж байгаа ажлаа хуулийн хүрээнд хийнэ. Явж байгаа үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд явна гэж харагддаг, ийм зүйл.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн Ц.Оюунгэрэл “Би жил гаруй хуулийн байгууллагад гомдож, бэтгэрч явсан хүн. Сайхан харилцаа, хандлагаас нь эхлээд миний сэтгэл тайвширсан. Төр байдаг юм байна. Төрийн нэрийг шүүх гаргадаг юм байна. Төрийн нэрийн өмнөөс гарагасан шийдвэр хүчтэй байдаг юм байна гэдгийг би шүүхээр үйлчлүүлээд мэдэрлээ” гэж хэлсэн байгаа юм.

Эндээс харахад манай шүүхийн үйл ажиллагаа иргэддээ хүрсэн үйл ажиллагаа болж хувирч байгаа. Олон газар олон хүндрэлтэй асуудал шийддэг. Гарч байгаа шийдвэр нь нэг тал нь хууль зөрчсөн бол зөрчсөнийг нь хэлж, тодорхой ял шийтгэл байгаа бол оноож, нөгөө талыг нь цагаатгаж, нэр төрийг нь сэргээдэг учраас шүүхийн танхимаас гарч байгаа хүн бүхэн баяр, талархалтай гарахгүй байж магадгүй. Хуулийн дагуу ял зэмлэл хүртсэн ч гэсэн нэгэнт хуулийн дагуу хүртсэн бол тэр хүн түүнийг хүлээж авдаг. Энэ чиглэлээр манай үйл ажиллагаа цаашаа явж байгаа.

Шүүх бол төрийн мэргэшсэн үйлчилгээний байгууллага юм. Төр гэж юу вэ гэж асуувал хамгийн хялбараар төр бол шүүх мөн гэж хэлж бараг болно. Төр яаж ажилладгийг шүүх л харуулдаг.

Шүүхийн өмнө гүйцэтгэх засаглал ч адилхан, Засгийн газрын шийдвэр ч адилхан. Сайд дарга нарын шийдвэр ч буруу байх юм бол очиж байгаа. УИХ-ын гишүүн ч очиж байгаа. Бүх л албан тушаалтан шүүхээр үйлчлүүлэхээр очиж байгаа. Явж явж төр гэдэг бол зөв бурууг ялгах, нийгмийн гэрээ болсон хуулийг хэрэгжүүлэхэд л оршиж байгаа.

Иргэн С.Наранцацрал гэдэг хүн ярьсан байна. “Дүүгийнхээ хэрэгтэй холбоотойгоор нэлээд удаан хугацаанд шүүхийн үйл ажиллагаанд оролцож явсан. Шүүх хуралдаан дууссанаас 2 цагийн дараа шүүхийн шийдвэрээ гардаж аваад уйлсан. Төрийн байгууллагынхан, тэр дотроо үйлчилгээнийхэн их бухимдалтай санагддаг. Харин шүүхийн хаалгаар ороход л цэвэр орчин, найрсаг хамт олон угтаж авсан. Шүүх үнэхээр үйлчилгээний байгууллага болж төлөвшсөн байна. Шүүгч хурлыг чадварлаг удирдаж, шийдвэрээ их ойлгомжтой тайлбарлаж байлаа. Үүнд нь их баярласан” гэсэн байна.

Бид жирийн иргэн ороод ирэхэд энэ хүн шүүхийн ажиллагааг яаж мэдэх вэ дээ гэсэн байдлаар хандаж болохгүй. Иргэд маш их мэдээлэлтэй, маш ихийг үзэж дуулсан, харсан байгаа. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулшгүй болсон шүү. Маш их хэрсүү болсон. Наад зах нь гартаа утастай орж байгаа. Дээр үед хүний зураг дарна, бичлэг хийнэ гэдэг зурагчин хүнд, камертай хүнд л олддог боломж байсан. Одоо 3 сая иргэн 3 сая сэтгүүлч болж хувирсан байгаа шүү. Тэдэнд хүндэтгэлтэй хандах, үйл ажиллагаандаа өөрчлөлт гаргах нь чухал. Шүүх дээр үйл ажиллагааны ийм өөрчлөлт гараад ирэхээр төрийн бусад байгууллагаас иргэдийн шаардах шаардлага, хандах хандлага өндөрсөж байна. Нийгмийн үйл ажиллагааг зөв зам руу нь оруулж засах боломжийг гаргаж өгч байна.

Миний бас нэг ярих сэдэв бол Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн зөвлөгөөнтэй холбогдсон сэдэв байгаа юм. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн хувьд эрхээ мэддэг, хуулиар зохицуулаад өгчихсөн эрхтэй байдаг. Та бүхэн бүр тангараг өргөж байгаа шүү дээ. “Иргэдийн төлөөлөгч би хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангараглая. Миний бие өргөсөн тангаргаа зөрчвөл хуульд заасан хариуцлага хүлээх болно. Тангараг өргөсөн иргэдийн төлөөлөгч тэр овогтой тэр” гээд гарын үсгээ зурдаг. Ийм хариуцлагатай ажил хийж байгаа, хариуцлагатай байдлаар иргэнийхээ үүргийг биелүүлж, нийгмийн амьдралд их чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс юм.

Телевизийн хөтлөгч, СГЗ Батбаяр гуай шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож бас ийм сургалтад сууж, шүүх хуралд оролцсон байгаа юм. “Миний хувьд анх удаа анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо. Шүүх хуралдаан хуулийн дагуу, дэг журмаараа явлаа. Сонгинохайрхан дүүргээс би иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон. Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод, олон нийтийн хяналт хэр явж байгааг иргэдийн төлөөлөгчийн хувьд ажиглалаа. Шүүх үнэхээр өөрчлөгдөж, шинэчлэгдэж чадаж байна гэсэн сэтгэгдэл надад төрлөө” гэж ярьсан байгаа юм.

Ингэж ажиллаж, ийм сэтгэгдэлтэй болж байгаа олон мянган иргэдийн маань нэг хэсэг төлөөлөл өнөөдөр энд хүрч ирсэн байна. Та бүхэн өөрсдөө эрхээ сайн мэдэж байгаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль гэж гарсан. Үүнд заасны дагуу шүүхийн иргэдийн төлөөлөгч нь олон нийтийн төлөөлөл, ил тод байдлын илэрхийлэл гэж үздэг. Үүнээс гадна мэргэжлийн хуульчийн хэмжээнд ёс зүйг баримтлах, хараат бус, нөлөөнд үл автах, хэргийн үйл баримтад дүгнэлт өгч, шүүгдэгч, хохирогч, хэргийн оролцогчийн гэм буруутай эсэх талаар бичгээр санал дүгнэлт гаргадаг, энэ санал дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгодог болсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийн агуулгыг заавал тусгадаг болсон. Захиргааны ерөнхий хууль гэж гарсан. Захиргааны шүүх байгуулагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Цаашид энэ зохицуулалтыг Эрүү, Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд хэрэглэх нь зохимжтой гэж үзэж байгаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль анх гарахад зарчмын том шийдвэрийг түүнд тусгаж өгсөн. Тэр шийдвэр явж байгаад Үндсэн хуулийн Цэц дээр цуцлагдсан. Уг нь тэр бол маш том боломж байсан.

Дэлхий нийтийн хандлагыг харж байхад хуульч биш мэргэжилтэй шүүгч гэж шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг үздэг улс байна. Яг шүүгчтэй адилхан бүх эрх хэмжээг эдлээд, үүрэг хариуцлага хүлээгээд, таслан шийдвэрлэх хэрэгт оролцоод, шийдвэр гаргалцаад явж байгаа улс орнууд байна шүү дээ. Мөн шүүхийн шийдвэр гарахад, таслах үйл ажиллагаанд оролцдог.

Манайд бол анхан шатны хэрэг дээр оролцдог байхаар гаргаж өгсөн боловч энэ үйл ажиллагаа зогссон байгаа. Бидний тайлбар бол явж явж шүүх, иргэн хоёр хамтраад хэргийг хараад, ярилцаад шийдэх юм бол зөв болох юм. Нөгөө талаасаа шүүгч бол мэргэжлийн хувьд олон жил ажиллаад, өмнө нь сураад, олон шалгуур даваад гарч ирдэг учраас гаргаж байгаа шийдвэр нь тэнд байгаа хүмүүст агуулга нь ойлгомжтой, шийдвэрийн үндэслэл нь ойлгомжтой байдаг. Тийм учраас иргэдийн төлөөлөгч түүнээс нэг их зөрөөд байх боломжгүй. Тийм хэмжээнд шүүгчид цаашаа улам чангараад явах ёстой юм. Иргэдийн төлөөлөгчөөсөө мэдлэг боловсролын хувьд, гаргаж байгаа шийдвэрийн хувьд, үндэслэлийн хувьд дорой юм уу, иргэдийн төлөөлөгчтэйгээ тэнцүү биш, түүний өмнө л шүүгч явж байх ёстой. Тэр боломжийг бид хуульд оруулж өгсөн байсан.

Гэхдээ цаашдаа бид Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар миний зүгээс ярьж байгаад хуулийн төсөл санаачилж өргөн бариад байгаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн гаргах гэж байгаа саналыг шүүгч шийдвэртээ заавал тусгана. Хэрэв тусгахгүй гэж үзэх юм бол тусгаагүй үндэслэлээ заавал бичдэг болно гэсэн заалт явж байгаа. Үүнийг манай УИХ ойлгож, дэмжиж, шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байх. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн үйл ажиллагааг илүү учир утгатай, илүү нөлөөтэй болгоход дэмжих байх гэж үзэж байгаа.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн үйл ажиллагаа, явдаг сургалт, гаргасан хөтөлбөр, гарын авлага гээд зүйлүүдтэй би нэлээд танилцсан. Үнэхээр өндөр түвшинд хүрсэн байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгч өөрөө мэдэх хүсэл эрмэлзэлтэй байгаа тохиолдолд энэ бүхэнтэй танилцаад явах боломжтой болсон.

Өмнө нь шүүхэд ардын төлөөлөгч гэж ордог байсан. Одоогийн иргэдийн төлөөлөгч энэ 2-ын ялгаа ямар болсон, ямар түвшинд байгаа тухай шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр өмнө нь ажиллаж байсан Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын иргэн Ч.Байболд гэдэг хүн ярьсан байна л даа.

“2016 онд та иргэдийн төлөөлөгчөөр сонгогдлоо, сургалтад хамрагдана уу гэж Шүүхийн Тамгын газраас дуудсанаар сургалтад хамрагдсан. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж болон холбогдох бусад мэдээллийг авсан. Үүнээс өмнө би Сэлэнгэ аймагт ажиллаж байхдаа ардын төлөөлөгчөөр сонгогдож шүүн таслах ажиллагаанд оролцож байсан. Одоо бодоход тухайн үеийн ардын төлөөлөгч нь өнөөдрийн эрх зүйн орчин бүрдсэн шүүхийн иргэдийн төлөөлөгч юм байна. Би олон удаа шүүх хуралдаанд оролцож байсан. Тэр үед гаргадаг байсан ардын төлөөлөгчийн дүгнэлт өнөөдрийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хоёр харьцуулахын аргагүй болжээ. Үнэхээр харьцуулахын аргагүй болсон байна. Үүнийг шүүхийн шинэтгэлийн бодит үр дүн гэж хэлээд байгаа юм” гэж энэ иргэн дүгнэсэн байна.

Үүнээс авч үзэхэд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр иргэд оролцоно гэдэг нь дахин өөр нэг мэргэжил эзэмшиж байгаа мэт байдаг. Хилс байгаа бол тэрийг нь хэлнэ, хууль зөрчсөн бол шударгаар хэлнэ гэдэг нь чухал. Шударга ёсыг тогтооход гар бие оролцож байгаа хүмүүс бол та бүхэн шүү. Тэгэхээр эдгээр хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэдгээрийн 15 хувь нь малчид, 15 орчим хувь нь тэтгэврийн насны иргэд байна. Мөн гэртээ үр хүүхдээ харж байгаа эхчүүд хүртэл байна. Тэгэхээр манай иргэд шүүхийн шийдвэрт ингэж оролцоно гэдэг нь чухал байна.

Энэ тухай Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Г.Цэгмид гэж хүний хэлснээр “Шүүх хуралд оролцох нь хүнд хэцүү ажил мэт санагдсан. Ер нь шүүхийн үйл ажиллагаа хэцүү юм байна. Гэхдээ шүүн таслах ажиллагаа шударга, хуулийн дагуу л явагддаг юм байна” гэсэн. Тэгэхээр шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байгаа хүн л үүнийг мэдрэхээс биш гаднаас нь дүгнэх боломжгүй. Шүүх бол хүнтэй харилцах хамгийн чухал үйл ажиллагаа юм.

Сүхбаатар аймгийн иргэн Н.Очирбат “Шүүх шинэчлэгдлээ, ил тод боллоо гэж зурагтаар олонтаа ярих боллоо. Нарийн учрыг нь сайн ойлгодоггүй байсан. Харин одоо шүүхийн иргэдийн төлөөлөгч болж нарийн учрыг нь олж, энэ талаарх мэдээлэл сайтай боллоо. Шүүхийн талаарх мэдээллийг их үзэж, сайтар ойлгодог боллоо. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон бусад иргэдэд хандаж уриалъя. Шүүх хуралдаа цааргалалгүй ирж оролцож байгаарай. Ингэж иргэнийхээ үүргийг биелүүлэх нь сайхан юм” хэмээжээ.

Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгч Завханы иргэн Л.Жаргалсайхан “Урьд нь би шүүхийн талаарх төсөөлөлгүй байсан. Эрх зүйн мэдлэггүй байсан. Тэгээд дараа нь шүүхээс зохион байгуулсан сургалтаас их зүйлийг ойлголоо. Шүүхийн байгууллагын ажилтнууд зан харилцаа сайн, мэдэхгүй байгаа зүйлээ асуухад эелдгээр хариулж байсан болохоор надад хүндрэлтэй асуудал ерөөсөө тохиолдоогүй ээ” гэжээ.

Энэ бүхнээс харахад манай шүүхийн иргэдийн төлөөлөгчид энэ ажилдаа сэтгэл хангалуун байж, цаашид улам сайжраад явах боломжтой юм. Шүүхийн шинэчлэл, энэ салбарт хэрэгжиж буй энэ ажилд шүүгчдийн өөрсдийнх нь оролцоо, хувь нэмэр хамгаас чухал. Шүүх эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх шинэтгэлийн ажлыг хамгийн баяртай хүлээн авсан хүмүүс бол шүүгчид байсан.

Анхан шат, дунд шат, удирдах шат гээд бүх шатны шүүхийн шүүгчид шинэтгэлийг талархалтайгаар хүлээн авч, хамтран ажилласанд бид баяртай байдаг. Шүүх бол зөвхөн агуулгын хувьд биш, боловсон хүчний хувьд мөн шинэчлэгдсэн. Манайд 475 шүүгч байгаа гэсэн тооцоо бий. Бүх хуулиа хэрэгжүүлээд ажиллах юм бол 700 гаруй шүүгч байх ёстой гэж үздэг. Энэ 475 шүүгчийн 140 орчим нь шинээр орсон байгаа. Тэгэхээр шүүхийн шинэ шаардлага, энэ өрсөлдөөн дундуур гуравны нэгээр манай шүүх байгууллага хүч сэлбэсэн. Энэ нь аль нэг намын нөлөөгөөр болж байгаа хэрэг биш. Аливаа төрийн байгууллага энэ маягаар шинэчлэгдэж, боловсон хүчнээ сэлбэх ёстой юм.

Эндээс Шүүхийн ерөнхий зөвлөл бие дааж гарсан нь мөн чухал. Үүнийг шинээр байгуулсан байгууллага гэж манайхан ойлгоод байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөл бол үйл ажиллагааных нь зарчим, утга агуулга чиг үүргийг Үндсэн хуульд зааж өгсөн Үндсэн хуулийн байгууллага юм. Үндсэн хуулийн 49-3-р заалтын дагуу шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана гэж байдаг.

Ер нь шүүхийн хараат бус байдлыг хангахад маш олон ажлыг хийх ёстой. Мөн шүүхийн байр, ажиллах нөхцөл гээд олон зүйл бий. Энэ бүхнийг бид хийх ёстой. УИХ болон Засгийн газар өнөөгийн хүрсэн түвшнээс ухармаагүй байгаа юм. Шүүхийн төсөв санхүүжилт 2014 оноос хойш хэвээр байгаа. Цаашид улс орны эдийн засаг ямар ч хямралтай байсан энэ түвшнээ хадгалаад байх ёстой. Мөн Үндсэн хуулийн 48-3 дугаар заалтад “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасан байдаг.

Төрийн байгууллагад олон жил ажилласан иргэний хэлснийг энд иш татъя. Иргэн Р.Батжаргал шүүхээр удаа дараа явж өөрийн эрх ашгаа хамгаалуулж чадсан. Тэрээр “Давж заалдах шатны шүүхийн танхимд ирэхэд шүүх биш, утга соёлын танхимд ирж байна уу гэсэн сэтгэгдэл төрсөн. Ингэж сайхан тохижуулсан байсан нь хүний сэтгэлийг хүртэл тайвшруулж байсан” гэжээ. Шүүхийн бүх танхим ийм сайхан болж чадаагүй байж магадгүй. Гэхдээ энэ бол үнэхээр сайхан хэрэг, сайн амжилт.

Шүүхийн өөр нэг том дэвшил бол иргэндээ хүрч, ойртож ажиллаж чадаж байгаа явдал. Үүний нэг том жишээ бол эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа юм. Шүүхэд хандах нийт асуудлын 20 гаруй хувь нь эвлэрүүлэн зуучлахаар дамжиж байгаа. Энэ нь тэр хэмжээгээр шүүхийн ачааллыг хөнгөлж байгаа гэсэн үг юм. Энэ нь иргэний шүүх дээр хэрэгжиж байгаа бөгөөд цаашид захиргаа, эрүүгийн шүүх дээр ч гэсэн энэ арга хэмжээг хэрэгжүүлэх талаар ярилцаж байна.

2014 онд эвлэрүүлэн зуучлахаар 5122 маргааныг шийдвэрлэсэн бол 2016 онд 12589 маргаан шийдсэн байна. Ийм өндөр үзүүлэлттэй байгаа нь эвлэрүүлэн зуучлах шүүх нь иргэдэд үнэхээр тустай болохыг харуулж байна. Иргэний эрх зүйн маргаан, иргэд хоорондын маргаан их байна.

Нэг нь хохирч, нэг нь даварч шийдэгддэг биш, хоёулаа эвлэрч шийдэгддэг байвал сайн. “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэж монголчууд ярьдаг шүү дээ. Зуун хүн ирэхэд 85 нь эвлэрээд гарч байна. Эвлэрүүлэхэд хэцүү нь гэр бүлийн маргаан байдаг. Гэр бүлийн хоёр сална гээд шийдчихсэн бол ер нь салж дуусах гээд байдаг. Гэхдээ салах өргөдлөө өгсөн нийт иргэдийн арван хэдэн хувь нь эвлэрээд буцаж байна.

Тэгэхээр гэр бүл салалтыг бууруулж чадвал эвлэрүүлэн зуучлах салбарын үзүүлэлт эрс сайжрах боломжтой байгаа. Ингэснээр нийгэм маань хүнлэг энэрэнгүй болно. Хүндээ үйлчилж, хохирсон иргэндээ зөв дэмжлэг үзүүлж чадвал гайхамшигтай үр дүнд хүрнэ.

Увс аймгийн Тэс сумын малчин Ц.Үржинсайхан “Миний нэхэмжлэлийг түргэн шуурхай шийдэж өгсөн шүүхэд баярлаж байна. Хөдөөний бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл их байдаг юм. Мэдэхгүй зүйлээ асуухад түвэгшээлгүй тайлбарлаж өгч байсан нь үнэхээр сайхан байлаа. Энэ харилцаа надад эелдэг дулаан сэтгэгдэл төрүүллээ” гэж хэлсэн байна.

Иргэд, аж ахуйн нэгжийн маргаанд оролцож байсан иргэн Л.Өлзийцэцэг “Амьдаараа үхэж явсан надад шүүгчийн асуулт халамж мэт санагдсан” гэсэн байна. Шүүгч нь “Та хоёр энэ асуудлыг тохироод шийдсэн юм байна. Яагаад үүнийг хохирол гэж үзээд байгаа юм” гэж асуусан. Гэтэл зөвхөн энэ шүүгчийн асуулт тэр эмэгтэйг сэхээсэн гэж байна. Шүүгч ингэж ажиллаж чадна гэдэг бол их чухал юм.

Цаашид анхаарах шаардлагатай хоёр гурван зүйл бий. Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын шүүхийн байгууллагад өгсөн үнэлгээний талаар би дээр ярьсан. Энэ үнэлгээний хувьд сэтгэл зовоосон нэг зүйл бол авлигын түвшин юм.

Монгол Улс авлигын түвшингээр олон улсад 120 дугаарт байсан бол 2015 оны дүнгээр 72 дугаар байрт дэвшсэн. Үүнээс харахад Монголын авлигын түвшин 2011 оноос хойш жил тутам буурсан. Энэ хугацаанд 48 байраар ахина гэдэг бол маш том дэвшил. Энэ бол та бүхний болон шүүхийн байгууллагуудыг үнэлсэн дүгнэлт гэсэн үг. Гэвч 2016 оны дүнгээр Монголын авлигын индекс дэлхийд 72-т байснаас 87 дугаар байрт шилжин буурсан. Энд шинэ нөхцөл байдал үүссэн, шинэ аргачлалаар улс орны авлигын түвшинг дүгнэдэг болсон гэх мэт хүчин зүйлс байгаа байх. Гэхдээ үүнд болон нийгмийн шударга ёсны асуудалд УИХ, Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй. Энэ бол Монголын төрд гарсан шинэ эрх баригчдад өгч буй сануулга юм. Мөн удахгүй сонгогдох шинэ Ерөнхийлөгч энэ асуудалд онцгой анхаарах нь зүйтэй.

Шударга ёс гэдэг бол нэг хүн ярьж байгаад орхидог асуудал биш. Үүнийг нийгэм нийтээрээ хүсэмжилж байж бүтдэг юм. Шударга ёс тогтоо гэж бүгдээрээ шаарддаг мөртөө энэ хэцүү үйл ажиллагааны дундуур явж байхад эргээд тархиа угаалгаад буруу зөвөө ялгахгүй болчихсон явж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол тийм амар хялбар зүйл биш. Энэ бодлого улам чангарах ёстой. Яагаад гэвэл энэ нь нийгмээс, иргэдээс бидэнд тавих шаардлага учраас тэр.

Нэг зүйлийг бид сайн ойлгох хэрэгтэй. Хууль биелүүлнэ гэдэг өөрөө нэр төрийн хэрэг. Сайн сайхан амьдарна гэдэг нь баян чинээлэг явна гэсэн үг биш шүү дээ. Сайхан амьдарна гэдэг нь хуулийн дагуу амьрахыг л хэлнэ. Хүн хуулиар амьдралаа зохицуулж байвал сайхан амьдарч байгаагийн илрэл юм. Шударга зөв амьдрах нь өөрөө бахархал юм. Өөртөө хууль, үнэт зүйл, зарчимтай хүн бол хэзээ ч эвдэрдэггүй. Хуулийг хэзээ ч зөрчдөггүй, муу зүйл хийдэггүй. Төрийн ямар ч албан тушаалд ажиллаж байсан өөрийн гэсэн хил хязгаар, зарчимтай байвал цаашид юунд ч санаа зовоод байх хэрэггүй.

Саяхан намайг гүтгээд, энд тэнд орон сууц авсан гээд хуулийн байгуулагад дуудсан. Энэ талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт өгсөн байсан. Энэ байгууллага маш нарийвчилж шалгадаг юм байна. Тус байгууллага хэрэгтэй холбоотой бүх мэдээллийг тодруулдаг, бүх зүйлийн хойноос явж шалгадаг юм байна. Надаас болон гадна дотноос, олон газраас тодруулга авсан. Манай мөрдөн шалгах байгууллагын ажилтнууд үнэхээр мэргэшсэн, хариуцлагатай болсон юм байна гэж бид дараа нь бодсон. Тэгээд надтай холбоотой тэр орон сууцны асуудлыг шалгаад гүтгэлэг байна гэдгийг нарийвчлан тогтоосон.

Тэгэхээр манай хуулийн байгууллага иргэн хүний зүгээс асуудал тавьсан л бол хэн ч байсан шалгаад хариуг нь өгдөг болжээ. Хуул зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт сая орж ирлээ. Хуулийн байгууллагын үйл ажиллагаа, бидний ярьсан энэ асуудлуудыг цаашид бодлогын түвшинд хэрэгжүүлж ажиллахад Хууль зүй, дотоод хэргийн сайд чухал үүрэгтэй.  

УИХ удахгүй хэд хэдэн чухал хууль хэлэлцэх гэж байна. Та бүхний барьж ажиллах чухал хуулиуд юм. 2017 оны долдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжинэ гэж хойшлуулсан Эрүүгийн хууль бол манай шүүх байгууллагын барьдаг гол хуулиудын нэг. Энэ хуульд тодорхой нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг манай шинэ Засгийн газар оруулж байна. Мөн Эрүүгийн хуулийн хянан шалгах ажиллагааны тухай хууль, Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хууль орж байна. Эдгээр хуулиуд батлагдаад ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр шүүхийн үйл ажиллагаанд агуулгын хувьд шинэчлэл гарч байна. Барьдаг ном чинь өөрчлөгдөж байна гэсэн үг.

Шинэчлэл бол нэг хийгээд зогсдог зүйл биш. Дараа жилээс эдгээр хууль болон бусад шинэчлэл мөн дахин шинэчлэгдэж байх ёстой. Мөн прокурорын хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль гээд тодорхой байгууллагуудтай холбоотой хуулийг шинэчлээд ирэхээр бидний 27 жилийн турш төлөвлөж хийсэн үйл ажиллагаа, шинэчлэлийн нэлээд хэсэг нь шийдэгдэж байгаа гэсэн үг юм.

Шүүхийн үйл ажиллагааны талаар яриагаа иргэдийн ярьсан зүйлээр эхэлсэн. Мөн үүгээр энэ яриагаа өндөрлөе. Иргэн Б.Баяраа гэх эмэгтэй “Би шүүхэд таван удаа хандахад бүгдэнд нь ялж, эрхээ хамгаалуулж байсан. Гэхдээ надад шүүхэд танил тал хэлхээ холбоо байхгүй. Монголын шүүх хэрэг маргааны үнэн мөнийг олдог юм байна гэдгийг миний амьдралд тохиолдсон үйл явдал бүр харуулсан. Нийгэмд болж буй шударга бус зүйлийг шүүх өөрийн шийдвэрээр ингэж таслан зогсоож, эцэслэн шийдвэрлэж, эмхлэн цэгцэлж байгаасай. Төрийн тамга тэмдэг барьсан энэ их луйварчдыг дэгд нь оруулж, сайн цэгцэлж өгөөсэй. Ард иргэдийг төрийн тамга барьсан хүмүүс дарамталж дээрэмддэг шиг шүүх өөрсдийг нь хашрааж жигшээж байдаг байгууллага байгаасай гэж би хүсч байна. Монголд итгэж болох нэг зүйл бол шүүх засаглал байна. Өөр ч итгэх зүйл алга даа. Монголын шүүх үнэнч шударга, хүний төлөө аливаа зүйлийн учир начрыг олж байж асуудлаа зөв шийддэгийг нь өөрийн биеэр мэдэрсэн. Над шиг ядарч зүдэрсэн хүмүүс Монгол Улсын иргэний хувьд өөртөө болон шүүхэд итгэх итгэлтэй байж болно гэдгийг би баттай хэлнэ” гэж ярьжээ.

Тэгэхээр би үгийнхээ өмнө шүүхийн үйл ажиллагаа сайн байна гэж ярьсан албаны хүнээс илүүтэй шүүхийн байгууллагаар орсон иргэн хүний сэтгэгдэл бол энэ салбарт өгч буй үнэлгээ юм гэж хэлсэн шүү дээ. Хөдөө орон нутаг, аймаг сумдаас төлөөлж, цаг заваа гарган, иргэний үүргээ ийм өндөр хэмжээнд биелүүлж, энэ чухал зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

Ер нь Монгол Улсын иргэн байна гэдэг хамгийн том нэр төр юм. Энэ улсын иргэний үүргээ хуулийн дагуу сайн биелүүлнэ гэдэг нь хамгийн том бахархал юм. Энэ иргэдийн өмнө тугаа мандуулан яваа хүмүүс бол манай шүүхийн иргэдийн төлөөлөгчид юм. Та бүхний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Монголын маань нийгэм улам бүр шударга сайхан байж, хууль нь тэгш зөв хэрэгжиж, ийм үйл ажиллагаа нь улам бүр дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ