“Эх дэлхийн өдөр” жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тохиодог. Энэ өдрийн хүрээнд нийслэлийн Байгаль орчны газраас ерөнхий боловсролын найман сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зөв хандлагыг төлөвшүүлэх цуврал сургалтыг явуулж эхэлжээ.
Энэхүү цуврал сургалтад ерөнхий боловсролын сургуулийн 4-6-р ангийн сурагчид хамрагдаж байгаа бөгөөд сургалтын төгсгөлд мэдлэг бататгах зорилготой “Би байгальд хайртай” сэдвээр зохион бичлэгийн уралдаан зарлаж, хүүхэд бүрийн оролцоог ханган ажиллах юм байна. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 67 дугаар дунд сургуульд “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр, Хан-Уул дүүргийн 130 дугаар бага сургуульд “Модны ач тус”, “Орчны бохирдлоос хэрхэн сэргийлэх вэ?” зэрэг сэдвээр сургалт явагдаад байгаа аж.
Учир нь улс орон хөгжихийн хирээр байгалийн унаган төрх алдагдаж, хүрээлэн буй орчин, эко системд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа энэ үед сургалтаар дамжуулан байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлгээтэй, байгальд хайртай иргэн болгон төлөвшүүлж, мэдлэг олгох нь өндөр ач холбогдолтой юм.