Өнөөдөр ABS-2A75e хиймэл дагуулыг MONGOLSAT-1 нэрээр тамгалан тунхаглах нээлт Шангри-ла зочид буудалд боллоо.
Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ABS компанийн гүйцэтгэх захирал Том Чой, Монголсат Нэтворкс компанийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ болон харилцаа холбооны байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцлоо.
Энэ түүхэн үйл явдлын арга хэмжээг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 онд Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт хийхээр төлөвлөсөн ажлуудын эхлэл болгож ойрын болон дунд хугацаанд улсынхаа нийт хэрэгцээ шаардлагыг хангасан багтаамж, хүчин чадал бүхий МОНГОЛСАТ-1 хиймэл дагуултай боллоо. Энэ боломжийг бий болгон өгч байгаа олон улсын хиймэл дагуулын бизнес, зах зээлийн тэргүүлэгч ABS, Монголсат Нетворкс компанийн хамт олон, тухайн компанийн хөрөнгө оруулагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье. МОНГОЛСАТ-1 нь сансрын холбооны технологийн үйлчилгээ, үнэ тарифыг олон улсын жишгээс маш илүү хямд үнээр аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд хүргэх бололцоог олгож өглөө” гэлээ.
Мөн ABS компанийн гүйцэтгэх захирал Том Чой “ABS компани Монгол Улсын хиймэл дагуулын зах зээлийн динамик өсөлтөд туслан дэмжих, түүнчлэн тоон хуваагдлыг арилгах, шийдвэрлэх болон орон нутгийн хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн маш хямд хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэх нь бидний гол зорилго” гэв.
Ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” нэртэй хиймэл дагуултай ашиглах болсон тухай батламжийг “ABS” компанийн захирал Том Чой Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардууллаа.
MONGOLSAT-1 нь хиймэл дагуул нь 2017 оны нэгдүгээр сарын 28-наас сансрын тойрог замд ороод байгаа бөгөөд өнөөдрөөс манай улс ашиглаж эхэлж байна. 12x27 МГц-ийн багтаамж бүхий хүчин чадалтай хиймэл дагуулыг ашиглан Монгол Улсын хэмжээнд олон сувгийн тоон телевизийн үйлчилгээ, харилцаа холбооны болон өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээг онцгой хямд үнээр авах, зарим тохиолдолд үнэгүй авах боломжийг бий болгож буй юм. Мөн сансрын антенаар дамжуулан хөдөө, орон нутагт оршин сууж байгаа иргэд ч 100 телевизийн сувгийг үнэ төлбөргүй үзэх боломжтой болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.