Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг АНУ-ын Гилеад Саинсис компаний Ази Номхон Далайн орнууд хариуцсан захирал Ноён Бен Камарк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Сайд А.Цогцэцэг Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн талаар танилцуулаад, Гилеад Саинсис компаний зүгээс ХҮРТЭЭМЖ хөтөлбөр хэрэгжүүлэн, элэгний С вирүс устгадаг Харвони эмийг нэн хөнгөлттэй үнээр оруулж ирж Монгол хүнийг элэгний хавдраас сэргийлж, улс орны эдийн засаг, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад өндөр хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлэв.
Гилеад Саинсис компаний Ази Номхон Далайн орнууд хариуцсан захирал Ноён Бен Камарк Эрүүл мэндийн сайдтай уулзах үедээ гепатитын С вирүсийн халдварыг таслан зогсоох чиглэлээр МУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яам маш богино хугацаанд эрч хүчтэй үйл ажиллагаа явуулж байгаад нь баяр хүргэхийн зэрэгцээ Архангай аймагт эхлүүлсэн төсөл амжилттай хэрэгжиж байгаад нь сэтгэл хангалуун байгаагаа, цаашид Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж үргэлжлүүлэн хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ тус тус илэрхийлэв. Түүнчлэн, гепатитын С вирүсийн халдварын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, эмийн хүртээмжийг сайжруулах, шаардлагатай оношилгооны тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхэд Гилеад Саинсис компани болон энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж хамтран ажиллах томоохон Сантай холбож өгөх боломжтой талаар дурдаж, гепатитын вирүсийн халдвартай тэмцэх Засгийн газрын хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж хамтран ажиллахдаа таатай байх болно гэв.
Уулзалтын үеэр Сайд А.Цогцэцэг “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөртөө эхний ээлжинд 40-65 насны иргэдээ элэгний В,С вирүсийн үзлэг шинжилгээнд хамруулж цаашид үе шаттайгаар бүх насны иргэдээ оролцуулна гэлээ. Тэрээр уг хөтөлбөрийн хүрээнд Гилеад Саинсис компанитай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллах хүсэлтэй байгаагаа цохон тэмдэглэв.
Төгсгөлд нь, Гилеад Саинсис компаний зүгээс аль ч улс оронд хийгээгүй байгаа дорвитой ажлуудыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэнд нь Эрүүл мэндийн сайдад дахин талархал илэрхийллээ.