Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг ТАВАН хоногийн завсарлага авав



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн  хуралдаан 16:00 цагт 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Прокурорын тухай хуулийн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан.
 

1992 онд батлагдсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Улсын Их Хурлаас 1993 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг баталжээ. 2002 онд эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталсан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд 8 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш шударга үйлчлэх тогтолцоог цогцоор нь бүрдүүлнэ хэмээн тусгасан байдаг. Түүнчлэн 2017 оны хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулахаар тусгаж, шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал өөрчлөлт, эрүүгийн хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоо мөрдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав. Түүнчлэн Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах үнэлгээний тайлангийн зөвлөмж хэсэгт зөрчил, гэмт хэргийг шалгах, хянах, шийдвэрлэх ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагаа зэргийг зохицуулсан хуулиудын төсөлтэй нийцүүлэн Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг дурдсан байдаг байна.

Иймд Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим нэр томъёог оновчтой болгох, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулах зорилгоор Прокурорын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, хэрэгжихүйц байхаар, байгууллагын тогтолцоог хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр, түүнчлэн прокурорын зэрэг дэвийг албан тушаал, ажилласан жил, ур чадвараас хамаардаг байхаар тусгасан байна. Түүнчлэн улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Сангийн сайдаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан прокурорын үйл ажиллагааны нийгэм, эдийн засгийн баталгааг сайжруулахаар тусгасан зохицуулалтыг хасаж, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд заасан түвшинд байхаар тусгажээ.
 

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, Ш.Раднаасэд нар салбарын сайд, Ажлын хэсгийн гишүүдээс сонирхсон асуултдаа хариулт авч санал хэлэв. Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дээрх хуулийн төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм. Мөн дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ахлан ажиллахаар боллоо.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авав

Мөн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг. 2002 оноос хойших хугацаанд иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх баримт бичиг дунджаар нийт гүйцэтгэх баримт бичгийн 70 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд тэдгээрийн бодит гүйцэтгэл оноос он дамжин 50 орчим хувьтай байсаар байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан зорилтын хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байгаа хэмээн үзсэн байна. Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалтууд, Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг баталсан. 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөх эдгээр хуульд ял, шийтгэлийн төрөл, хэлбэрийг шинээр тодорхойлж, хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллагад, өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэх, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шийтгэл оногдуулахаар тусгаж, ял, шийтгэл, албадлагын арга хэмжээний төрлийг шинээр тодорхойлсон байна.
 

Иймд дээр дурдсан ял, шийтгэл оногдуулсан шийдвэрийг гүйцэтгэх, хяналт тавих ажиллагааг шинээр журамлах шаардлагад үндэслэн 5 хэсэг, 28 бүлэгтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, тодруулга хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан горимын санал гаргав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь хүний эрхтэй шууд хамааралтай эрх зүйн зохицуулалт байдаг. Харин хэлэлцэж буй хуулийн төсөлтэй гишүүд танилцаж амжаагүй, Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хуулийн төслийн талаар хэлэлцээгүй. Иймд Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг таван өдрийн завсарлага авах саналыг Байнгын хорооны даргад танилцууллаа. Байнгын хорооны дарга горимын саналыг хүлээн авснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг ирэх Мягмар гарагт үргэлжлүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ