Энэ сарын 21-ний өдөр эхэлсэн 100 буудалт даамын “Дэлхийн цом”-ын тэмцээний сүүлийн тойргийн тоглолт өнөөдөр явагдаж, ялагчдаа тодруулна. Дэлхийн өндөр зэрэглэлийн даамчид оролцож буй энэхүү тэмцээний 8 дугаар тойргийн дараахь байдлаар олон улсын их мастер, ОХУ-ын тамирчин А.Шайбаков, дэлхийн 10 удаагийн аварга А.Чижов, их мастер И.Трофимов нар 12 оноотой тэргүүлж, түүний араас 11 оноотой 8 тамирчин удаалж байна. Монголын тамирчдаас олон улсын их мастер Г.Ганжаргал, дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин, их мастер Д.Эрдэнэбилэг нар хамгийн өндөр 11 оноотой, 9-11 дүгээр байруудад бичигдэж байна. Өнөөдрийн шийдвэрлэх тоглолтонд Г.Ганжаргал дэлхийн 9 удаагийн аварга А.Георгиев, Б.Мөнхжин их мастер А.Гетманский, Д.Эрдэнэбилэг эмэгтэй их мастер М.Ноговицына нартай тус тус оноолт таарчээ.
Эмэгтэйчүүдийг ОХУ-ын их мастер М.Ноговицына, А.Идрисова нар 10 оноотой тэргүүлж, Монгол улсын спортын мастер, 2017 оны улсын аварга Е.Ариунзаяа гуравдугаар байранд өрсөлдөж байна. Хэрэв Е.Ариунзаяа 3 дугаар байрт шалгарч чадвал “Дэлхийн цом”-ын нэгдсэн жагсаалтад 11 дүгээр байрт шалгарах юм. Манай тамирчид энэ удаа дэлхийн шилдгүүдтэй маш сайн өрсөлдөж байна. Ялангуяа дэлхийн даамын холбооны мастер Ч.Хашчулуун, дэлхийн 9 удаагийн аварга, одоогоор дэлхийн чансааг тэргүүлэгч, олон улсын их мастер Александр Георгиевтай тэнцнсэн өргийг мэргэжилтнүүд ихээхэн онцолж байна. Тэмцээний хаалтын ажиллагаа өнөөдөр /7.27/ 16 цагт МУБИС-ийн төв байранд болох бөгөөд дараа нь эх орны “Цагаан доктор” бүтээгдэхүүний нэрэмжит 1000 еврогийн шагналын сантай Блицын тэмцээн болсноор тэмцээний үйл ажиллагаа өндөрлөнө. Харин маргааш дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижовтой хийх зэрэг тоглолт зохиогдоно.
Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг http://worldcup2017.mondaam.mn/ сайтаас авна уу.