Ойрын үед онцгой байдлын алба хаагч нар ажил ихтэй байна. Хүмүүсийн амралт зугаалга, найр наадмын улирал тохиож байгаагийн сацуу ой хээр, объектийн түймэр, үер усны аюул тасрахгүй байна. Өчигдөр /2017.07.27/ онцгойгийнхон дуудлага олонтой, ачаалал ихтэй өнжжээ. Тухайлбал:
Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн “Нарийн хүрэмт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 24 км-т/ “Орхон” голд иргэн Б /42 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 20 иргэн, нийт 24 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн “Орхоны гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 17 км-т/ Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат иргэн Б /17 настай, эрэгтэй/ “Орхон” голд осолдсон тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 16:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, ар гэрийн 4 иргэн, нийт 13 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өнөө өглөө /2017.07.28/-ний 05:50 цагт осолдсон газраас 3.5 метрийн гүнээс цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Увс аймгийн Хяргас сумын Булганхангай багийн “Довонгийн урд шугам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 70 км-т/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Н /51 настай, эрэгтэй/ “Хяргас” нуурт осолдсон тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.27-ны өдрийн 13:50 цагт нуурын эргээс 30 метрийн зайд 8 метрийн гүнээс цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны 57 дугаар уклон ашиглагдахаа байсан нүүрсний бичил уурхайд 2 хүн нас барсан байдалтай байна, цогцсыг гаргаж өгнө үү гэсэн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 15:51 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 5 алба хаагч, 1 хэрэгсэлтэйгээр ажиллаж Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат иргэн Д /45 настай, эрэгтэй/, тус дүүргийн харьяат Л /44 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 2 метрийн гүнээс гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-ын албанаас мэдээллээ.