Нийслэлчүүд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмаа 100 гаруй жилийн дараа буюу 2015 онд дахин сэргээн тэмдэглэж эхэлсэн билээ. Уламжлал ёсоор Хүй долоон худагт өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг байсан Даншиг наадам энэ жил Сонгинохайрхан дүүрэгт гарсан малын гоц халдварт өвчний улмаас цуцлагдан Төв цэнгэлдэх хүрээлэнд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан юм.
Тэгвэл “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын талаар Гандантэгчэнлин хийд, Нийслэлийн соёл урлагийн газраас мэдээлэл хийлээ. Даншиг наадам наймдугаар сарын 5, 6-нд буюу ирэх амралтын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Даншиг наадмын хүрээнд Төв цэнгэлдэхийн урд талд нийслэлийн есөн дүүргийн ардын авьяастнуудын толилуулах “Монголын гайхамшигт урлаг” нэртэй урлагийн тоглолт хоёр өдөр үргэлжилж ирсэн наадамчдыг баясгах нь ээ.
Наймдугаар сарын 5-ны өдрийн бямба гаригт даншиг наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд 11.00 цагт болно. “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын арга хэмжээ 09.00 цагт эхэлнэ.
Нээлтийн дараа Соёмбот туг залах, Мандал өргөх, Очирваань шүтээний тахилга гэх мэт шашны арга хэмжээ болно.
256 бөхийн барилдаан эхэлж дөрвийн даваа дуустал болно.
Наймдугаар сарын 6-ны ням гаригт Хүрээ цам харайх гол ёслол болно. Бөхийн барилдааны наймын даваа дуусна.
Энэ наадамд 3000-4000 жуулчин ирнэ гэж төлөвлөж байна. Зохион байгуулалттай байлгахын тулд тасалбар гаргасан бөгөөд үнэ төлбөргүй тараана гэж мэдээллээ. Уг тасалбарыг наадмын хоёр өдөр өглөө 09.00 цагаас орох хаалган дээр тарааж үйлчлэх юм байна.