Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд 16.200 орчим хүүхэд бүртгүүлээд байна. Цэцэрлэгийн цахим элсэлт энэ сарын 25-ны өдөр 10:00 цагт, бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар баталгаажиж, эцэг, эхчүүдийн утсанд мессежээр хариу ирэх гэнэ.
Энэ талаар нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг тайлбарлахдаа “Цахим бүртгэлд бүртгүүлсэн хүүхдийн эцэг, эхийн гар утсанд мессежеер хариу ирнэ. Энэ сарын 25-нд тухайн цэцэрлэгийн хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр санамсаргүй түүврийн аргаа сугалаа зохион байгуулна. Тэгэхээр сугалаанд оролцож буй хүүхдийн эцэг эхийн гар утсанд ч гэсэн “Таны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан, хамрагдаагүй” гэсэн хариу ирнэ гэсэн үг. Тиймээс эцэг, эхчүүд утасны дугаараа үнэн зөв бичиж, бүртгүүлсэн бол хүүхдээ цэцэрлэгт хамрагдсан эсэхийг заавал цэцэрлэг дээр очиж, мэдэх шаардлагагүй юм” гэдгийг дуулгалаа.
Харин өмнө нь цэцэрлэгт явж байсан 3-5 настнуудыг уламжлалт аргаар наймдугаар сарын 21-ний өдөр цэцэрлэг дээр нь бүртгэх гэнэ. Мөн хүүхдээ цахим бүртгэлээр бүртгүүлэх боломжгүй эцэг, эхчүүд энэ сарын 10-ны өдөр бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар багш ажилтнууд бүргэж өгч, туслах юм байна.
Цэцэрлэгийн цахим бүртгэл долдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сарын хугацаанд буюу энэ сарын 24-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.