Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэн батлахтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр санал хүргүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч илгээсэн саналдаа “УИХ-аар 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан дараах саналыг УИХ-д хэлэлцэн шийдвэрлүүлэхээр хүргүүлж байна” гээд, үүнд:
- Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтийг ирэх оноос эхлүүлэх, үүнтэй холбогдуулан эхний ээлжид 5 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах
- Аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох улсын төсөв, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлгийг өмнөх хүрсэн түвшингээс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан зохих эх үүсвэрийг Сангийн сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах
- Өндөр насны тэтгэвэрт гарч буй багш, эмч, цэргийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмж 36 сар байх, энэхүү тэтгэмжийг тооцох аргачлалыг хэвээр хадгалах, олгох тэтгэмжийг өмнөх жилүүдийн түвшингээс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан зохих эх үүсвэрийг 2017 оны төсөвт бүрэн хэмжээгээр нь тусгах
- МСҮТ-үүдийн хувьсах болон хичээл, практикийн зардлын төсвийг нэг суралцагчид ногдох нормативаар тооцон өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр олгоход 1,9 тэрбум төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад сар бүр олгодог тэтгэлгийг үргэжлүүлэхэд зориулан 30 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад тус тус нэмж тусгах
- Гадаадын их, дээд сургуулиуд, үүний дотор олон улсын тэргүүлэх 20 сургуульд суралцагчдын зардал, тэтгэлгийг цаашид үргэлжлүүлэн олгох, үүнтэй холбогдуулан 12 тэрбум төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах зэрэг болно.
Эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдол бүхий Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжих хугацааг 5 жилээр хойшлуулсан, мөн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бусад хуулиудын төслийг хууль санаачлагчид нь буцаасан, эсвэл хэлэлцэх хугацааг нь хойшлуулсан байх тул эдгээр шийдвэрүүдээ эргэн харж шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Мөн эдгээр саналуудыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.12 дахь хэсгийг баримтлан нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалгаж шийдвэрлүүлж өгнө үү гэсэн байна.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа