Монголбанкнаас алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг ирэх гурван сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд аяны нээлтийн үйл ажиллагаа 2017.08.07-ны өдөр боллоо. Энэ үеэр Монголбанкны зүгээс Монгол Улсын “Эрдэнэсийн сан”-г баяжуулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй алт тушаагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд “Гэрчлэх бичиг” олгов.
Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомжийн дагуу алтыг Төв банкиндаа худалдах, олон нийтийн дунд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг танилцуулна.
Мөн Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийг уриалах, тэднийг холбогдох мэдээллээр хангахын сацуу Монголын алтыг хил гаалиар хууль бусаар гаргах ажиллагаа зогсохгүй байгаатай холбоотойгоор Монголбанкны худалдан авч буй алтны үнийн талаар болон бусад мэдээллийг иргэд, байгууллагад хүргэх, таниулахыг зорьж байна.
“Монгол Алт” аяныг Монголбанкны төв, орон нутгийн хэлтэс, салбар, арилжааны банкууд болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм.