Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Шизүока мужийн Засаг дарга Х.Кавакацү тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Япон Улсын Шизүока мужийн Засаг дарга Х.Кавакацү Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрийн мужийн 3 сая 700 мянган иргэний өмнөөс баяр хүргэлээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол тулах хүч нь Зүүн Ази, тэр дундаа Япон Улс байна гэдэгт итгэж байна. Монголчуудыг ажилтай, орлоготой, баян орны баян иргэд болгох зорилтыг хэрэгжүүлэхэд энэ хамтын ажиллагаа чухал юм” гэдгийг онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Шизүока мужийнхантай хамтран олон ажил эхлүүлж байсныг уулзалтын үеэр тэмдэглэлээ.
Дорноговь аймагт Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулж, дулааны цахилгаан станц барихад зориулж тус станцад ажиллах боловсон хүчнийг Шизүока мужид бэлтгэж эхэлсэн байна.
Сэлэнгэ аймагт 40 га-д гурвалжин будаа амжилттай тариалж байгаа бөгөөд цаашдаа талбайгаа 80 га болгон өргөжүүлэхээр болжээ.
Энэ мэт олон ажлыг эхлүүлэн явж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Шизүока мужийн Засаг дарга Х.Кавакацү танилцуулаад, цаашдаа хамтын ажиллагаа хүрээгээ тэлж улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү.