IELTS ACADEMIC ШАЛГАЛТАНД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?



Шалгалтынхаа оноог сая авлаа. Overall 8.5, Listening 8.5 Reading 9 Writing 7.5 Speaking 8 авчээ. Би өчигдөрхөн IELTS өглөө. Тэгээд мартаагүй байгаа дээрээ зөвлөгөө маягийн пост оруулья гэж шийдэв.

ЕРӨНХИЙДӨӨ

Юуны өмнө би IELTS Швейцарьт өгсөн болохоор Монголд ямар ялгаатай байхыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ IELTS нэгэнт дэлхийд стандарт болсон тест дээрээс нь тестийн материал бүгд л ялгаагүй 1 газраас ирж байгаа болохоор бараг адилхан байдаг боловуу гэж таамаглаж байна. Бас би ямар нэг сургалтын төвд суугаагүй өөрөө биеэ дааж бэлдсэн.
Ерөнхийд нь базаад хэлэхэд чиний англи хэл хичнээн сайн байгаад ч шалгалтынхаа учирыг олоогүй бол муухан оноо авна, харин англи хэл муухан ч  шалгалтынхаа учирыг олчихсон байхад бодож байснаасаа өндөр оноо авах боломжтой санагдсан. Энийг жишээлбэл Australia-д оршин суух эрх авах гээд эх хэлээрээ шалгуулж байгаа англичууд IELTS 8 оноо авч чадахгүй, их хэцүү байдаг. Тэгэхэд энэтхэг, хятадаас аймаар аялгатай ярьдаг яг нүүр тулаад амьдрал дээр яриад үзэхийн бол хэл нь муухан нөхдүүд сайн оноо авсан байдгаас харж болно.

Би энэ сард 3 хэлний шалгалт өгсөн болохоор бэлдэх цаг их хомс байлаа. Яг суугаад бэлдсэн гэвэл 2 хагас хоног л бэлдсэн. Учир нь би бараг сарын өмнө ерөөсөө IELTS-н талаар ямар ч ойлголтгүй байхдаа British Council-н сайт дээрээс Practice Test хийж үзсэн юм. Тэндээс ямар ч байсан Унших, Сонсох 2 дээрээ 7,5 буюу өөрт маань шаардлагатай байсан оноогоо авчихсан болохоор сэтгэл амарчихсан хэрэг.

Тэгэхээр миний хамгийн эхний зөвлөгөө бол өөрийхөө түвшинг practice test хийж тодорхойлох. British Council-н тестийг ЭНД дарж хийж үзээрэй. Монголд бас сургалтын төвүүд ийм сорил хийдэг гэж сонссон, тэгэхийн бол Бичих, Ярих хоёроо бас тодорхойлуулчихна гэсэн үг, тэгэхээр давуу талтай. За тэгээд түвшингээ мэдээд авчихаар чиний авах ёстой оноо чиний одоогийн түвшин 2 ямар ялгаатай байгаа нь гараад ирнэ. Ямар хэсэг дээр онцгой муу, анхаарах хэрэгтэйв ямар хэсэг дээр санаа зоволтгүй сайн байгаагаа мэднэ гэсэн үг. Дээрээс нь шалгалтынхаа тухай, ямар ямар төрлийн даалгаврууд ямар хэсэгт ирэх талаар эхний ойлголттой болно. 

Дараа нь яг бэлдэхдээ IELTS Test Builder гэсэн ном ашигласан. Энэ номыг яагаад сонгосон бэ гэхээр би аль болох олон practice/model test-үүдтэй бас хариутай ном хайж байсан юм. Бэлдэхдээ хэсэг тус бүр дээр цаг зогсоож байгаад тестээ өгч байгаа юм шиг хийгээд дараа нь хариунуудаа хараад алдсан юман дээрээ яагаад алдав, дараа яаж алдахгүй байх уу гэдэгт анхаарлаа хандуулаад явсан.

Өөр надад бас аягүй тусалсан зүйл бол 6 Minutes English Listening гээд BBC-н апп байлаа. Эндээс сонсох материалууд татаж аваад ажилдаа ирж очихдоо, шалгалтын өдөрийн өглөө, ярианы шалгалтынхаа өмнө тасралтгүй сонссон. Энэ апп-н давуу тал нь нэг сонсох сэдэв нь 6 минут л үргэлжилнэ. American english зүгээр мөртлөө British english сонсоход заримдаа ойлгогдохгүй байдаг бол, энэ дандаа англи аялгатай ярианууд болохоор сайн ойлгодог болно. Дээрээс нь сэдвүүд нь дандаа орчин үеийн нийгмийн асуудлууд байдаг болохоор Бичих, Ярих хэсэг дээр ч гэсэн хэрэг болно. Яагаад гэвэл тухайн сэдэвт хэрэглэгдэх үгийн баялагтай болно гэсэн үг. Жишээ нь дэлхийн дулаарал гэсэн сэдэв ер нь их түгээмэл шүү дээ, энэ талаар сонсоод vocabulary-тай болчихвол иймэрхүү сэдэв Бичих, Ярих хэсэг дээр чинь ирвэл бас л хэрэгтэй гэсэн үг.

 Одоо шалгалтын 4 хэсгийг тус тусад нь ярья. Шалгалтын өдөр бас яг энэ дарааллаар ирнэ.

СОНСОХ

Заавраа сайн унших хэрэгтэй. Хамгийн дээд тал нь 3 үг гэсэн байвал тэрнээс илүү бичиж болохгүй г.м. Бичлэгэн дээр зааврыг чинь хэлж өгч байхад заавал тийшээ анхаарлаа хандуулаад байх хэрэг байхгүй. Бүх заавар чинь цаасан дээр байгаа. Заавраас анхааралтай сонсох хэрэгтэй нэг л зүйл нь дараагийн тоглогдох сонсох хэсэгт хэдээс хэддүгээр асуултыг хамаарч байгаа вэ гэсэн тэр мэдээллийг сонсоод, хэлсэн хамгийн сүүлчийн асуултыг тэмдэглэх. Ингэдэг нь яаж байгаа вэ гэхээр, асуултуудаа уншиж байхдаа дутуу эсвэл, шаардлагагүй дараачийн сонсох хэсгийн асуултыг уншихаас сэргийлж байгаа юм. Жишээ нь: Listen carefully and answer Questions 1 to 4 гэсэн заавар сонсохын бол 4р асуултыг дугаар доогуур нь нэг зурчих. Тэгээд асуултаа уншихдаа 4 хүртэл л уншина.

Бичлэг явахаас өмнө асуултуудаа хариулттай нь уншиж амжвал маш сайн. Тэгэхийн бол ер нь юуны тухай гарах нь вэ, ямар үгэн дээр анхаарлаа хандуулахав гэдгээ урьдчилаад бодож амжина. Жишээлбэл үг нөхөх дээр тоо эсвэл цаг эсвэл үнэ ч байдаг юмуу хэрэгтэй байна гэдгээ харчихна гэсэн үг. Асуултаа уншиж байхдаа keywords-ийн доогуур хурдан хурдан зураад явах хэрэгтэй. Жишээ нь: How many times in a week does Liz go swimming? гэсэн асуулт байлаа гэж бодьё. Тэхээр swimming, week, how many гэх мэт хариултанд гарах нь ойлгомжтой үгсээ доогуур нь зураад явна гэсэн үг.

Сонсохдоо шууд хариултаа бичээд, бичээд яв. Тэгэхгүй бол итгэлтэй итгэлгүй хамаагүй толгойнд байгаа хариулт чинь мартагдана. Сонсох хэсгийн төгсгөлд 10 минутанд чи санья гээд ч санахгүй тийм болохоор хариултаа бичээд, эргэлзэж байвал таагаад яв. Хоосон үлдээж болохгүй, буруу хийсний хасах оноо гэж байхгүй болохоор хоосон үлдээсэн юмнуудаа сүүлчийн үлдсэн цагт уншаад context-ээс таах гэж оролд. Таачих ч юм билүү, хоосон байснаас л дээр.

Сонсож байхдаа яг одоо гарах асуулт болон тэрний дараагийн асуултынхаа сэдвийг толгойндоо хадгалаад яв. Тэгвэл энэ асуултаа сонсож чадахгүй, анзаарахгүй өнгөрөөчихвөл дараачийн асуултын сэдэв сонсогдоод эхлэхээр 1 асуулт алдсанаа мэдээд дараачийн асуултандаа анхаарлаа төвлөрүүлж чадна. Тэгэхгүй бол нэг л асуултаа хүлээгээд байдаг анзааралгүй өнгөрөөчих юм бол нөгөөдөх нь гарахгүй байсаар байгаад бичлэг нь дуусна, тэгээд нэг биш тэр хэсгийн бүх оноог алдана гэсэн үг. Асуулт алдсанаа мэдвэл тэрийгээ бодоод гашлаад гацаал байлгүй шууд орхиод дараачийхаа асуултыг хий. Тэгэхгүй бол бас л бүх оноогоо алдана.

4 хэсэг сонсох юм ирнэ, яг бичлэг явах нь 20 минут тэгээд 10 минут хариултаа бөглөх нэмэлт цагтай нийтдээ сонсох хэсэг 30 минут үргэлжилнэ. 

Шалгалтаас өмнө гэхээр англи хэл дээр кино сайн үзээд, дээр хэлсэн апп эсвэл подкастууд сонсвол их нэмэр болох байх. Надад бол ярианы дараах хамгийн амархан хэсэг Сонсох шиг санагдсан. Дээр дурдсан чадваруудыг practice test хийж байхдаа хэрэгжүүлээд явбал дадал болчихно.

УНШИХ

Унших хэсгийн текстүүд ер нь их хэцүү, мэдэхгүй ойлгогдохгүй нэр томьёо, үг өгүүлбэр ихтэй юм байна лээ. Гэхдээ IELTS-н унших хэсгийг бүгдийг нь уншиж ойлгох ямар ч шаардлага байхгүйд учир нь байгаа юм.

Миний хэрэглэсэн арга гэвэл, текстийхээ гарчигийг харчихаад шууд эхний асуултаа хариулттуудтай нь унших. Тэгээд буцаж текстээ хараад энхий асуултынхаа хариултыг олох хүртлээ л уншина. Учир нь асуултууд нь бүгдээрээ яг текстэд гарах дарааллаараа байгаа. Эхний асуултаа хариулчаад дараагийн асуултаа хариултуудтай нь уншина тэгээд 2 дах асуултынхаа хариуг олтол текстээ уншина г.м.

Текстээ уншиж байхдаа хүний нэр, он гэх мэт дараа нь асуултанд ирж болохоор онцгой зүйлүүдийг доогуур нь зураад явах. Тэгчих юм бол асуулт нь гараад ирэхээр дахиад текстээ эхнээс нь унших биш доогуур нь зурсан юмнуудаа гүйлгээд харчихад л олдоно гэсэн үг.

3 текст ирнэ, 60 минутын хугацаанд бүгдийг нь хариулаад хариултаа answer sheet дээрээ хуулах болохоор 1 текст дээр 18 минут орчим л зарцуулах ёстой. Бэлдэж байхдаа цаг зогсоож байгаад яг ингэж бэлдвэл зүгээр. Answer sheet дээр хуулсан хариултуудаа spelling алдаа гаргасан үгүйгээ нэг шалгачихад зүгээр.

Унших хэсэг дээр хамгийн tricky асуултууд нь True, False, Not Given эсвэл Yes, No, Not Given гэсэн асуултууд юм шиг санагдсан. Надад л гэхэд нийтдээ 7 ширхэг тийм асуултууд өчигдөр ирсэн. Энэн дээр өгөх зөвлөгөө гэвэл True, False, Not give дээр текстэн дотор байгаа фактуудын талаар харин Yes, No, Not given дээр Writer's opinion асуугддаг юм байна лээ.

Тэгэхдээ хариулах стратеги нь бараг ижилхэн. Асуултан дээр байгаа өгүүлбэрийн утга текстэн дээрхтэй яг таарч байвал True буюу Yes, харин текстэн дээр асуултанд бичсэнээс эсрэг утгатай юм гарсан бол False буюу No. Харин асуултан дээр бичсэн зүйлийн талаар текст чинь огт дурдаагүй бол Not given гэсэн үг. Эд нарыг ингэж тааруулахдаа үг, үгээр нь биш асуултан дээр байгаа өгүүлбэрийн утгыг текстэн дээрх утгатай match хийх хэрэгтэй.

Тэгэхгүй бол бараг бүх үгнүүд нь таараад байгаа мөртлөө False буюу No байх нь бий.

Жишээ нь:
Question: It always rains in the small town of Edenburg in south England.
Text: Sometimes the weather is rainy in Edenburg in south England гэж ирвэл үгнүүд нь таараад байгаа ч always гэдэг нь sometimes гэдэгтэй таарахгүй байгаа болохоор False гэсэн үг. Би энд зүгээр л жишээ авсан юм шүү. Алдаатай бичсэн юмуу inauthentic жишээ авсан юм шиг санагдвал сорри. 

БИЧИХ

Бичихийг бол 1+1=2 гэдэг шиг сурчихаж болохоор юм шиг санагдсан. Ялангуяа 1р даалгаврыг график тайлбарлахад ашиглагдах үг, бичлэгийн бүтэц бүгд ойлгомжтой болохоор.

Харин хамгийн хэцүү нь бичих хэсгийн цаг их давчуу юм билээ. Эхий даалгаврыг 20 минутанд /150иас илүү үг бичих ёстой/ 2 дах даалгаврыг 40 минутанд хийх ёстой /250иас дээш үг бичих ёстой/. Хоёрдох даалгавар буюу эссе нь хоёр дахин их оноотой болохоор бараг энийг эхлээд хийсэн ч болох байх. Би лав эхнийхийгээ бичсээр байгаад 27 минут болсон, эссегээ маш хурдан бичих хэрэгтэй болсон.

Харандаагаар бичсэн нь дээр, энэ ч ойлгомжтой байх, засахад амар. Харандаа, балыг нь цаанаас нь өгчихдөг юм байна лээ. Даанч манай энд өгсөн харандаа нь үзүүрлэдэг харандаа, жоохон бичээд л үзүүр нь мохоод бүдүүн гараад эхэлдэг, надад их нервтэй санагдсан. За тэр ч яахав.

Бичих хэсэг дээр зөвлөх зүйл нь ерөөсөө л бусад маш сайн бичсэн хүмүүсийн бичлэгүүдийг уншиж хэрэглэж байгаа үг, өгүүлбэрүүдийг нь өөрийн болгох, тэгээд өөрөө бичээд байх хэрэгтэй. Цагаа зогсоож байгаад өдөрт 1 report, 1 essay үгийнхээ тоог гүйцээгээд бичих хэрэгтэй.

Бичлэгийнхээ төгсгөлд proof reading хийх цаг заавал гаргах. Энэ цагтаа spelling алдаагаа засаад, зарим нэг энгийн үг өгүүлбэрүүдийг илүү fancy хувилбараар нь орлуулж болно. Жишээ нь but гэж бичсэн байсан бол however болгох жишээний. 

Би энд өөрийхөө бэлдсэн материалыг энд орууллаа. Эх сурвалж нь ieltsliz.com, usingenglish.com мөн IELTS Advantage writing skills гэсэн номноос зарим бичлэгийг нь авсан:

Бичих хэсгийн эхний даалгаврын жишээ хариултууд
Бичих хэсгийн хоёр дах даалгаврын жишээ хариултууд

Энэ бичлэгийг бүхэлд нь нэг үзчихэд эхний даалгаврын томьёог бол гайгүй ойлгоод авчихна. Энэ ieltsliz.com сайтын бусад контентууд ч бас их дажгүй санагдсан.

Тэгээд хоёр дах даалгавраа бичиж байтал амжихааргүй болоод зөвхөн 5 минут үлдээ гэж саная. Тэгвэл шууд жоохон зай аваад Conclusion paragraphаа бичих хэрэгтэй. 1 өгүүлбэр байсан ч хамаагүй. Conclusion байхгүй бол Бичих хэсгийн 25 хувьд тооцогддог Task Response гэсэн шалгуур дээр оноо хасагдана.

ЯРИХ

Ярих бол хамгийн амархан хэсэг юм шиг санагдсан. Ялангуяа эхийн танилцах хэсэг дээр юу ирэх нь угаасаа тодорхой болохоор тэрийгээ хэдэн сайхан хариулт бэлдэж аваал дүрээ сургуулилж байгаа жүжигчин шиг өөрийн болгочуул зүгээр. Гэхдээ хэт цээжилчихсэн нь мэдэгдвэл бас оноо хасагддаг гэж байгаа.

Дараагийн хэсгүүд дээр нетээс бусад шалгалтанд ирсэн асуултуудыг харж байгаад тольтой хамт ярьдаг байхдаа. Би өөрөө өдөр тутамдаа англи хэл бас ашигладаг болохоор ярих хэсэгт угаасаа нээхээ онцолж бэлдээгүй, сайн зөвлөгөө өгч чадахгүй нь бололтой, уучлаарай.

Тавьсан асуултыг нь ойлгоогүй бол давтаж асуухад асуудал байхгүй гэж бодож байна. Амьд хүний өөдөөс хараад сууж байгаа болохоор TOEFL шиг PC-тэй ярьснаас л хамаагүй дээр юм шиг санагдсан.

Ярих хэсэг нийтдээ 15 минут орчим л үргэлжилнэ.

Тэгээд миний дээр хэлсэн апп бас их хэрэг болсон. Өчигдөр тест өгөхөд миний хувьд өглөө Сонсох, Унших, Бичих хэсгээ дараалуулж өгчөөд өдөр 12 өнгөрөөгөөд дуусаад 14,40өөс Ярих шалгалт  байсан болохоор энэ хугацаандаа би 6 minutes English-ээс татсан бичлэгүүдээ тасралтгүй сонссоор байгаад орсон. Тархи маань аль хэдийн англиар хэлний горимд орчихсон байсан гэхүү дээ, тэгэхээр амар байсан байх. Тэгэхгүй бол германаар, юмуу монголоор ярьж ярьж байгаад англиар ярих гэхээр үг орж ирэхгүй түгдрээд байдаг тал бий.

Эцэст нь IELTS Official youtube суваг дээрээс яриан дээрээ төрөл бүрийн оноо авсан хүмүүсийн бичлэгийг үзээд ерөнхийдөө түвшин түвшингийн хүмүүстэй өөрийгөө харьцуулаад авбал бас зүгээр байх.

Эх сурвалж: http://chsansar.blogspot.com/

 


 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ