ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ



ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Тоёока хотын ИТХ-ын даргыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Япон улсын Хёого мужийн Тоёока хотын ИТХ-ын дарга Фүкүда Цүгүхиса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

“Тоёока хот 23 жилийн өмнөөс Баянхонгор аймагтай холбоотой ажиллах болсон. Түүнээс хойш хоёр талаас хүүхдүүд харилцан зочлох болсон. Манай хотоос айлчлалаар ирсэн хүүхдүүд өнөөдөр өглөө нутаг буцлаа. Бид сурагч хүүхдийн солилцооноос гадна соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын харилцааг өргөжүүлэн тэлэх боломж бололцооны талаар ярилцаж, судлахаар ирсэн. Цаашдаа манай хотын хамтын ажиллагаа бэхжин үргэлжлэх байх гэдэгт найдаж байна”  хэмээн Тоёока хотын ИТХ-ын дарга Фүкүда Цүгүхиса ярилаа.

Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болно

Нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг байна.

Замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэх шаардлага тулгарч буй юм. Ингэснээр гэрлэн дохио богино үеэр ажиллаж, гол болон туслах замын хөдөлгөөнийг ашигтайгаар нэвтрүүлэх аж. Хөдөлгөөний зохицуулалтыг энэ сарын 15-наас хэрэгжүүлж эхлэх юм байна.

НЗД-ын орлогч П.Баярхүү Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

ИРГЭД СҮХБААТАР ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРОО ХИЧЭЭНГҮЙ САЙД Б.ЦЭРЭНДОРЖИЙН ГУДАМЖИНД ХЭРЭГЖҮҮЛЭХ “АВТОМАШИНГҮЙ ГУДАМЖ” ТӨСЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЭВ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Дэд бутэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “”Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас ажлыг түр зогсоосон. Өнөөдөр төслийн талаар иргэдийн санал сэтгэгдлийг сонсоод цааш нь нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулна. Ингээд Засаг даргын зөвлөлийн хурлаас гаргасан тогтоол, шийдвэрийг холбогдох албаныханд  болон иргэдэд шуурхай хүргэх болно” хэмээв.

Намянжү хотын дарга И Сог Ү-г хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү-г 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтад нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Намянжү хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч Ч.Пүрэв-Осор, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, нөгөө талаас Намянжү хотын даргын гэргий Ким Хэ Сүг,  Намянжү хотын Дотоод хэрэг аюулгүй байдлын газрын дарга Пак Гуан Гён, Нийгмийн халамж, соёлын харилцааны газрын дарга Ү Санг Хён болон бусад албаныхан байлцав. 

1998 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш манай хоёр хотын харилцаа нийгмийн салбарт тэр дундаа соёл урлагийн салбарт өргөн хөгжиж ирсэн. 

Нийтийн тээврийн суудлын бүрээсийг долоо хоногт хоёр удаа сольж үйлчлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт, шалгалт хийж ажиллалаа.

Энэ үеэр Улиастай, Шар хад, Дэнжийн мянга, Нарангийн гол, Нисэхийн эцсийн буудлуудтай танилцаж, тус чиглэлүүдэд үйл ажиллагаа эрхэлж буй нийтийн тээврийн компанийханд үүрэг даалгавар өгсөн юм.

Нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй зарим автобусанд утааны шалгалт хийж, шалгалтад тэнцээгүй автобусыг нийтийн тээврийн шугамнаас татах саналыг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаний холбогдох хүмүүст тавьлаа. 

П.Баярхүү: Нийтийн тээврийн салбарт шинэ шийдэл, нийслэлд тохирсон хөдөлгөөний маршрут чухал байна

Нийслэлийн Тээврийн газраас Нийтийн тээврийн үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын хүрээнд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээ төвлөрлийг оновчлох санал боловсруулах” сэдэвт судалгааны ажлыг гурван сарын хугацаанд хийж дууссан байна.

Тэгвэл 8 дугаар сарын 9-ий өдөр НЗД-ын орлогч П.Баярхүү судалгааны ажлын хэсэгтэй уулзаж, ажлын гүйцэтгэл, судалгаанаас гарсан үр дүнтэй танилцлаа.

Нийтийн тээврийн үйлчилгээнд 86 чиглэлд 929 автобус, 7 чиглэлд 32 бага оврын автобус өдөртөө 750,000, жилдээ 90,8 сая зорчигч буюу нийслэлийн иргэдийн 60 орчим хувийг тээвэрлэж байна. Зорчигчийн урсгал Их тойруу, Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөөний чиглэлд хамгийн ачаалал ихтэй байдаг бол Баруун, Зүүн салаа, Дарь-Эх зэрэг чиглэлд хамгийн бага байна.

Буудлын чиглэлийн давхцалын хувьд хамгийн ихдээ есөн буудалд 27-28 автобус зогсож байхад, хамгийн багадаа 12-17 автобус зогсож байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд 21 компанийн 1803 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгаагаас өдөрт дунджаар 960 тээврийн хэрэгсэл4023,9 км замд зорчиж байна. Үүнээс хамгийн урт чиглэл нь 53,5 км явдаг бол хамгийн богино чиглэл нь 11,9 км замд явдаг байна.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудад зориулсан хэлэлцүүлэг 8 дугаар сарын 10-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо. Хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 31-нээс эхлэн ирэх сарын 5-ны өдөр хүртэл улс орон даяар өрнөх юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоол нь өнгөрсөн оны сүүлээс эхлэн явсан зөвлөлдөх санал асуулгын дагуу гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан тогтоол байгаа. Өнөөдөр бид энэ тогтоолыг хэрхэн хэрэгжүүлж, ирэх сарын дундуур МУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барих бэлтгэл ажлыг хангах хүрээнд цуглаж, хэлэлцэж байна.

Цаг үеийн гэж хэлж болох улс төрийн бусад асуудлаас дээгүүр Монгол Улсын иргэн бүрийн амьдрал ахуйг олон жил зохицуулах, төрийн байгуулалтын зохистой байдлыг хангах, эрх мэдлийн тэгш хуваарилалт, шударга байдлыг хангах чиглэлээр хийгдэх гэж буй нэмэлт, өөрчлөлтийн тухай асуудал учраас энэ ажлыг зохион байгуулж буй хүн бүр тэр дундаа төрийн албан хаагчид хариуцлагатай оролцох шаардлагатай. 

Зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн зарим замналд өөрчлөлт орууллаа

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Авто плазагийн уулзвар”-ын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 22.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 22.00 цагийн хооронд хийгдэж, Их тойруугийн гол гудамж, Академч Н.Содномын гудамж, Худгийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул тус автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулав. 

Чиглэлүүд 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамжаар дайран өнгөрч Их сургуулийн гудамжаар Их тойруугийн замд орж хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.

Мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 07.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 07.00 цагийн хооронд хийгдэж Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул авто замын зорчих хэсгийг хаахаар болсон байна.

Цахим бүртгэлд 17,649 хүүхэд буюу 45% нь бүртгүүлээд байна

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэхээр болсон. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

8 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 17,649 хүүхэд буюу 45 хувь нь цахим бүртгэлд хамрагдаад байна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд 8 дугаар сарын 10-аас эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж өгч, туслах юм байна.

Элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр 8 дугаар сарын 25-ны өдөр 10 цагт санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулна.

Хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа 

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар болон Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хооронд хамтын ажиллагааг сайжруулах үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх экспортод чиглэсэн импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихэд хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн захирал Д.Авирмэд нар гарын үсэг зурав.

Үйлдвэрлэл, инновацийн газар нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт тусгагдсанаар Нийслэлийн дэд төвүүдэд үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг сурталчлах борлуулалтын нэгдсэн төвүүдийг бий болгох, Нийслэлд нэн шаардлагатай ноу- хау, дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн франчайз хэлбэрээр нутагшуулахыг дэмжин ажиллаж буй.

Залуучуудын хөгжлийн сарын аян эхэллээ

Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилгаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэх, залуучуудын санаачилга, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах зорилготой Залуучуудын хөгжлийн сарын аяныг энэ жил “ЗАЛУУЧУУД = ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙН ХҮЧ”  уриан дор зохион байгуулахаар боллоо.

Тус аяны албан ёсны нээлтийг Олон улсын залуучуудын өдөр буюу наймдугаар сарын 12-нд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулах юм.

Энэ аяны хүрээнд  залуучуудын хөгжил, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлэх, залуучуудын бодит оролцоог дэмжих олон арга хэмжээг зохион байгуулдаг.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийн нөхөн сэргээлтийг хүлээн авлаа

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийхгүй байгаа талаар иргэдийн гомдол ихээр ирдэг байна. Үүнтэй холбогдуулж, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан удирдамжийн дагуу 4-7 дугаар сард хяналт шалгалтын ажлыг хийж, 2 сарын хугацаатай албан шаардлагыг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлжээ.

Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Болортуяа хэлэхдээ “Хяналт шалгалтад нийт 142 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан. Үүнээс албан шаардлагын хугацаанд Хан-Уул дүүргийн 13, Налайх дүүргийн 6, нийт 19 аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн ажлын тайлангаа ирүүллээ. Эдгээр аж ахуйн нэгжээс техникийн нөхөн сэргээлт хийсэн 42.72 га талбай, биологийн нөхөн сэргээлт хийсэн 2.83 га талбайг хүлээн авлаа. Харин байгаль орчноо хамгаалах үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байна” гэв.

Эрх бүхий албан хаагчдад тоон гарын үсэг олгож эхэллээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын эрх бүхий албан хаагчдад тоон гарын үсэг олгож эхэллээ. Цахим гарын үсгийн тухай хууль болон Засгийн газрын 111 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, нийслэлийн Засаг даргын А/252 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн албан хаагчдад Архив албан хэрэг хөтлөлтийн http://edoc.ub.gov.mn системд тоон гарын үсэг ашиглах боломжийг бий болгож байгаа юм. Мөн байгууллагуудын удирдах албан тушаалтанд тоон гарын үсгийн гэрчилгээ болон э-токен төхөөрөмж олгохоор бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад тоон гарын үсэг олгох ажлыг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргын 2015 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн тушаалаар батлагдсан “Монгол Улсад цахим гарын үсгийн талаар төрөөс баримтлах бодлогын чиглэл”-д заасны дагуу Mонгол Улсын Үндэсний суурь гэрчилгээжүүлэх байгууллага /МУҮСГБ/ Үндэсний дата төвийн дэргэдэх Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагатай хамтран нийслэлийн Мэдээллийн технологийн газар хэрэгжүүлнэ.

Нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээ хийж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-111 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 49 дугаар тогтоолоор ойн төлөв байдлыг сайжруулах, байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцөлийг хангах зорилгоор 2017 онд нийслэлийн ногоон бүсийн ойн санд 40 га талбайд ойн цэвэрлэгээ хийж, 1200 шоо метр мод бэлтгүүлэхээр тогтоосон байна.

Энэхүү тогтоолын дагуу ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэний улмаас цаашид сэргэн ургах чадваргүй болж хатсан, унасан модод бүхий Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Хуандай, Дээндийн зэрэг газарт ойн цэвэрлэгээний ажлыг мэргэжлийн “Манзушир трейд”, “Үндэсний ойжилт” компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж цэвэрлэгээний ажлыг эхлүүлжээ.

Нийслэлээс зарласан тендерт манай компани шалгарч, ойн цэвэрлэгээний ажил хийж байгаа. Ар, өвөр Хуандайн хоёр хэсэгт нийт 20 га газарт цэвэрлэгээ хийж байна. Гэрээнд заасны дагуу ойн сэргээлт хийж дөрвөн мянган ширхэг шинэс мод тарина.

Үзэсгэлэнт Улаанбаатар өртөөт марафоны олон улсын анхдугаар тэмцээн болно

“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон манай улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 13-нд болно.

Анхдугаар тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулах юм. Тэмцээн “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрөлд явагдана. Тухайлбал, “Жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг болж оролцох бол “Гэр бүл” ангилалд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг болж оролцох юм байна.

Мөн “Найзууд” ангилалд 18-аас дээш насны 2-3 хүн нэг баг болж өрсөлдөх бол “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” ангилалд 50-65 хүртэлх насны 2-3 хүн баг болж оролцох боломжтой.

Гол дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Туул, Улиастайн гол дагуух нийт 30 орчим километр газрын хог хаягдлыг  цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд дүүргийн Тамгын газрын нийт алба хаагчид болон 5, 9, 10, 11, 20, 23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг, Батлан хамгаалах их сургуулийн 1000 оюутан цэрэг зэрэг нийт 1200 гаруй  хүн оролцсон юм.

Энэ удаагийн цэвэрлэгээгээр нийт 20 тонн хог хаягдлыг ачиж цэвэрлэсэн байна. Ирэх есдүгээр сарыг дуустал цэвэрлэгээг үе шаттайгаар үргэлжлүүлэх юм. Гол дагуух хог хаягдлын дийлэнх нь архи, пивоны шил лааз эзэлж байсан. Мөн голын усанд гялгар уут болон ахуйн хогийг ихээр хаясан байжээ.

“Монгол туургатан” хүүхдийн уран бичлэгийн наадам боллоо

Монгол угсаатны аугаа өв соёл  Монгол уран бичлэгийн “Монгол туургатан” хүүхдүүдийн анхдугаар наадам Монголын хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Монгол үндэсний эрт эдүгээ цагийн хэл аялгуугаар  Монгол туургатан хүүхэд багачуудын ур ухаан, авьяас билгээр  бүтсэн “Монгол туургатан” уран бичлэгийн наадамд БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны болон Монгол хүүхдүүдийн 180 гаруй  шилдэг бүтээл оролцож байгаагаараа онцлог юм.  

Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь мартагдаж  буй босоо Монгол  бичиг, өв уламжлал хэл соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, Монгол туургатан хүүхэд багачуудын  найзлаж нөхөрлөх  харилцан хөгжихөд  оршино. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ