Амралтын улирлын төгсгөл үе, Хичээлийн шинэ жил, түүний бэлтгэл ажилтай холбоотойгоор хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг.
Энэ үеэр хөдөлгөөнд оролцож буй жолооч нар цагаа зөв хуваарилаагүйн улмаас хэт олон цагаар буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ачаа болон зорчигч тээвэрлэх журам зөрчих, хурдны хязгаарыг хэтрүүлэх зөрчил ихээр гаргадаг, зарим жолооч нар даатгалгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр хууль бус тээвэрлэлт хийж зөрчил гаргах тохиолдол ихээр бүртгэгддэг.
Иймд ''ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ'' аяны хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутаг дахь Замын цагдаагийн тасаг, хэсгүүдээс байнгын болон гэнэтийн хяналт шалгалтуудыг эрчимжүүлж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, хуулийн дагуу арга хэмжээ тооцох, иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.
Дээрх зохион байгуулж буй хяналт шалгалт нь жолооч таны болон хайртай хүмүүсийн тань, бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг болзошгүй эрсдэлээс авран хамгаалах зорилгоор хийгдэж байгаа гэдгийг ойлгож алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон зөвлөж байна.