Хандивын үдэшлэгт Харанга, Хурд, Никитон, Камертон, A Sound, 3 Охин, Киви, МУГЖ Т.Ариунаа, Б.Алтанцэцэг, дуучин С.Наран, Б.Ангирмаа, Т.Дэлгэрмөрөн, С.Сэрчмаа, Укa буюу Д.Уламбаяр нар ая дуугаа өргөх юм. Мөн төгөлдөр хуурч Б.Чинбат, МУГЖ, гитарчин Д.Отгонбаяр, гитарчин Өөжгий, хийлч Дээгий, төгөлдөр хуурч Ами, Монгол Улсын Морин хуурын чуулга оролцоно.
Монголын рок, поп, үндэсний, сонгодог урлагийн сор болсон уран бүтээлчдийн санаачилгаар зохион байгуулж буй тус үдэшлэгийн ерөнхий зохион байгуулагчаар Future Mongolia Foundation болон Mongol Music ажиллаж байна.
Төрийн соёрхолт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав нь “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1,2-р симфони, “Замбуу тивийн наран” магтуу, “Эх орон” зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг ард түмний сэтгэлд шингэсэн олон сайхан киноны хөгжмийг бичсэн Монголдоо төдийгүй дэлхийд данстай авьяаслаг уран бүтээлч билээ.