ЗҮҮН ГАР ТИЙШ ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗӨВ “ЗАЛЖ” БОЛНО



Энэ сарын 15 буюу уржигдараас Энхтайваны өргөн чөлөөний замын хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэх зохицуулалттай болгоод буй.

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх хэсэгт долоон уулзварт төв замаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хориглоод байна. Ингэснээр жолооч нар шууд зүүн эргэхгүйгээр баруун гар эргэсэн тойрогт хөдөлгөөн хийж зорьсон туслах замын чиглэлдээ зорчих боломжтой юм. Энэхүү өөрчлөлтөөс шалтгаалж нийтийн тээврийн автобусны долоон чиглэлд бага зэргийн өөрчлөлт оржээ. Эдгээр өөрчлөлтүүд иргэд, зорчигчдод хэр ойлгомжтой байгаа болон замын хөдөлгөөний нягтрал, түгжрэлд хэрхэн нөлөөлж байгаа талаар бид сурвалжиллаа.

Өглөөний 9.00 цаг

Жанжин клуб-МУБИС-Ард кино театр чиглэлд үйлчилдэг “Ч-30Б” чиглэлийн автобусаар зорчсон юм. Уг чиглэлийн автобус ХӨСҮТ-ийн уулзвараар хотын төв рүү зүүн эргэж “Натур” төвийн хойт талын замаар баруун тийш явж Их Монгол Улсын гудамж буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талаар баруун эргэн Сүхбаатарын талбайн урдуур дахин баруун эргэж,  МУБИС-ын уулзвараар хойш зүүн эргэж тус сургуулийн баруун талын буудал дээр зогсдог байв. Харин Сүхбаатарын талбай талаасаа Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчиж байгаа автомашин хойшоо МУИС, ШУТИС руу зүүн эргэх боломжгүй болсон. Тиймээс “Ч-30б” чиглэлийн автобус МУБИС-МУИС-Ард кинотеатр-Санктпетрбург гэсэн тойрог хийхдээ эхлээд Их Монгол Улсын гудамжаас шууд зүүн эргээд, Сүхбаатарын талбайн урдуур Төв шуудангийн уулзвараар гарч “Цэцэг” төв-МУИС-МУБИС гэсэн тойргоор явахаар болжээ. Энэ нь автобусны буудлуудын байрлал л өөрчлөгдсөн гэсэн үг. Өмнө нь суудаг байсан буудлынхаа эсрэг талын буудлаас тухайн чиглэлийн автобусанд суухад болох юм. Үүнийг ойлгоогүй иргэд хуучин буудал дээрээ автобус хүлээх явдал гарч байгаа аж.

10.10 цаг

“Ч-30б” чиглэлийн автобусаар зорчсоны дараа бид Энхтайваны өргөн чөлөө дагуух туслах замууд болон гол уулзваруудад хөдөлгөөний нягтрал ямар байгааг сурвалжилсан юм. МУБИС-ийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөн сийрэг, нягтрал бага байв. Сүхбаатарын гудамж буюу Сүхбаатарын талбайн баруун талаар урагшаа явах чиглэлд нэлээд түгжрэлтэй байсныг эс тооцвол бусад уулзвар, туслах замуудад хөдөлгөөний нягтрал хэвийн байлаа. Тэр ч байтугай Сүхбаатарын талбайн зүүн талаар хойш, урагш чиглэлтэй хөдөлгөөн тун сийрэг, авто машинууд чөлөөтэй зорчиж байсан юм.

11.40 цаг

Төрийн ордноос Их тэнгэр рүү хамгаалалттай машинууд явж таарав. Үүнээс шалтгаалж Сүхбаатарын талбайн зүүн урд уулзвар буюу “Blue sky”төв-ГХЯ-ны уулзварын хөдөлгөөнийг 5 минут хэртэй зогсоосон. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө дагуу зүүн, баруун тийш чиглэсэн хөдөлгөөн болон босоо чиглэлийн туслах замуудад ялимгүй нягтрал бий болж байв. Энэ нягтрал 10-20 минутын дараа хэвийн болж байлаа.

12.00 цаг

Уг уулзвараас баруун тийш Энхтайваны өргөн чөлөөний дагуу явсаар “Цэцэг” төвөөр баруун эргэж хойшоо чигээрээ Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн уулзвараар нэвт гарч хуучин “Улаанбаатар” банкны байр буюу Нэгдүгээр дэлгүүр-Зоос гоёлын уулзвар хүртэл явахад хөдөлгөөний урсгал хэвийн, ямар нэгэн  түгжрэлгүй байлаа.

12.10 цаг

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв. Энхтайваны өргөн чөлөөнөөс зүүн эргэхийг хориглосноор замын хөдөлгөөнд ямар өөрчлөлт орж байгаа болон нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй хүндрэл бэрхшээлтэй танилцахаар ажлын хэсгийхэн тус төв дээр ирээд байв. Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн нийслэлийн бүх зам, уулзваруудыг камераар хянаж, хөдөлгөөний нягтрал нэмэгдсэн уулзваруудад бөглөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдахгүй  авч ажиллаж байлаа.

Сүхбаатарын гудамж буюу Сүхбаатарын талбайн баруун талаар урагш чиглэсэн хөдөлгөөн хамгийн их бөглөрөлтэй байгааг камерын дэлгэцнээс харж болохоор байлаа. Мөн Баянбүрдийн уулзварт ялимгүй түгжрэл үүссэн байв. Харин хотын төвийн буюу Бага тойруугийн уулзвар, туслах замуудад хөдөлгөөний нягтрал сийрэг байв. Түүнчлэн Баруун дөрвөн замаас зүүн тийш Энхтайваны өргөн чөлөөний дагуу УИД, “Цэцэг” төвийн уулзвар хүртэл төв замын авто машины нягтрал  бага, хөдөлгөөний урсгал сайн байсан юм.

13.30 цаг

Ингээд замын хөдөлгөөнд оролцогч жолооч нараас хөдөлгөөний ачаалал, түгжрэлийн талаар асуусан юм.

Жолооч Ж.Батцогт: Өглөөнөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцож байна. Төв зам сайхан чөлөөтэй байна. Харин Зүүн дөрвөн замын уулзварын тэнд бөглөрөлтэй байсан. Гэхдээ замын цагдаагийнхан зохицуулалт хийж байсан болохоор их түгжрээгүй. Ер нь ид ачааллын үед хэр түгжрэхийг мэдэхгүй ч энэ зохицуулалт болохгүй зүйлгүй санагдлаа.

Жолооч: Э.Энхсаруул: Замын хөдөлгөөнд өөрчлөлт холбогдуулан жолооч нартаа мэдээлэл өгөөгүй гэдэг нь  мэдэгдэж байна. Жолооч нар зэрэгцэж зогсоод бие биеэсээ зам асууж байна. Уг нь замын тэмдэг, тэмдэглэгээ тавьсан бол будлиад төөрөөд байх зүйл алга. Өнөөдрийн тухайд би Зуун айлын тэнд нэлээд түгжирсэн. Өөр бусад газраар гайгүй байна.

Жолооч: Н.Доржсүрэн: Би өчигдөр хөдөөнөөс ирээд мэдээлэл муутай байна. Эхлээд нэлээд бухимдсан. Яагаад гэвэл яг хаанаас хаана эргэхээ мэдэхгүй байлаа. Гэхдээ Замын цагдаагийнхан болон бусад холбогдох газрууд нь иргэддээ сайн мэдээлэл өгөөд явбал зүүн гар тийшээ эргэх хөдөлгөөнийг муу хувилбар гэж үзэхгүй байгаа гэсэн юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ