Энэ удаагийн хэлэлцүүлэгт Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Т.Мөнхзориг, төлөөлөгч Ц.Бумбуян, Эрдэнэсант сумын ИТХ-ын дарга Ц.Шаравжамц, сумын Засаг дарга Ө.Машбаяр, аймгийн Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, С.Магнайбаяр болон Аргалант, Бүрэн, Баянхангай, Дэлгэрхаан, Заамар, Өндөрширээт, Угтаалцайдам, Цээл, Лүн, Эрдэнэсант сумдын төлөөлөл оролцсон 171 хүн хамрагдлаа.
Тухайлбал, Эрдэнэсант сумын тавдугаар багийн иргэн Ш.Мөнхбат, “Хоёр танхимтай байх асуудал энэ төсөлд тусгагдаагүй юм уу” гэсэн бол тус сумын дөрөвдүгээр багийн иргэн Ц.Шаравжамц, “Иргэдийн нийтийн хурал гэж байх уу. Томилогдсон Засаг даргыг ард иргэдийн саналаар эгүүлэн татах боломжтой, харин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах боломж хуулийн төсөлд тусгах боломжтой юу” мөн сумын долдугаар багийн иргэн Н.Отгондалай, “Хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдэл хасагдах уу, нэмэгдэх үү” гэх асуулт асууж, Ажлын хэсгийнхнээс хариулт авсан юм.
Түүнчлэн иргэд сумын Засаг дарга багийн Засаг даргыг томилох нь буруу, Үндсэн хуульд найм хүртэлх яамны нэрийг зааж өгөх, Ерөнхийлөгч, Засгийн газарт чиглэл өгөх эрх үүргийг хэвээр үлдээх, УИХ-ын гишүүнд нэр дэвших иргэний хуульд заасан насыг 35-40 болгох, УИХ-ын чуулганы хуралдааны ирцийг нийт гишүүдийн гуравны хоёроор тогтоох, сумын Засаг даргыг ард түмнээс сонгох, багийн Засаг даргыг улс төрийн албан тушаалтан хэвээр үлдээх, хүн амаас хамаарч сум, баг, тосгон, хот гэсэн засаг захиргааны нэгжүүдийг тодорхой болгох, Монгол Улсын Засгийн газартай холбоотой заалтыг бүхлээр нь дэмжих зэрэг санал гаргасан болно.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хэлэлцүүлэгч баг нөгөөдөр (2017.08.18) Төв аймгийн Жаргалант суманд үргэлжлүүлэн ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.